Иргэдийн худалдан авалт сайн байжээ

2015 оны 10 сарын 30

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны  376 жилийн ойд зориулан өчигдөр Чингисийн талбайд “Их хотын хямдрал"-тай үзэсгэлэн худалдаа явагдлаа. Өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгж оролцож, 10-70 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулжээ. Хямдралтай худалдааны үеэр ноос, ноолууран бүтээгдэхүүн хамгийн их эрэлттэй  байсан аж. Гэхдээ хямдралтай худалдааны үеэр борлуулалт сайн байсан. Иргэдийн худалдан авах чадвар тийм ч муу болоогүй гэж аж ахуйн нэгжүүд ярив. Тодруулбал хямдрал зарлсан, үйлдвэрийн үнээр худалдаасан зарим бараа бүтээгдэхүүн нь өдрийн хагаст дуусч, эрэлттэй байсан бараа бүтээгдэхүүнээ компаниуд дахин үйлдвэрээсээ татан авчирсан байна.

Иргэдийн тухайд хотын их хямдралтай худалдаа нэгхэн өдөр явагдсанд сэтгэл дундуур байлаа. Хямдралтай худалдааны үеэр борлуулалтаараа сүү сүүн бүтээгдэхүүн болоод хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд тэргүүлсэн байна.

Эдийн засгийн хямралтай үед бодит хямдралыг зарласан гэж зарим худалдан авагчид үзэсгэлэн худалдааг талархан дэмжжээ. Мөн бараа бүтээгдэхүүний үнээ буулгах биш өсгөсөн гэж шүүмжлэх тал ч байлаа. Гэхдээ иргэдийн ихэнх нь дээрх хямдралтай худалдааг цаашид хоёр гурван өдрөөр зохион байгуулахыг зөвлөв. Ингэхдээ олон иргэдийг болоод үйлдвэрлэл эрхлэгч байгууллагуудыг хямдралтай худалдаандаа хамруулах шаардлагатайг тодотгожээ.

Ж.ХАТАНБААТАР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна