Курдын гэр бүл Москвагийн нисэх буудалд 50 хоножээ

2015 оны 10 сарын 30

 

Сирийн иргэний дайнаас дүрвэсэн курдын гэр бүл ОХУ-ын Москва хотын нисэх буудалд 50 хоножээ. Хассан Абдо Ахмед Мухаммедын гэр бүл ОХУ-д тайван амьдрах итгэл тээн ирсэн боловч нисэх буудалд гацсан байна. ОХУ-ын албаныхны мэдээлснээр тэдний  виз нь хуурамч байснаас асуудал үүсчээ.

 

Нэгэнт буцаж чадахгүй болсон Хассан Мухаммед эхнэр болон 3-13 насны дөрвөн хүүхдийнхээ хамт нисэх буудалд хоног төөрүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Тэд нисэх буудлын шалан дээр гудас, хөнжил дэвсээд хоноглож болох ч хоол хийх боломжгүй тул ЮНИСЕФ-ын ажилтнууд тэдэнд хүнс авчирч өгч байжээ. Тэд нисэх буудалд тавьсан ачаа тээшин дээрээ “Бидний юманд битгий хүрээрэй. Учир нь бид энд амьдарч байна” хэмээх бичиг наасан байв.

 

 

Хассаны гэр бүл хүйтэн шалан дээр 44 хоног унтсаны эцэст НҮБ-ын байгууллагаас ОХУ-ын албаныханд хүсэлт тавьснаар тэднийн нисэх буудал доторх зочид буудлын өрөөнд оруулсан байна.

Европын орнуудыг бодвол ОХУ-ын цагаачлалын хууль хатуу бөгөөд ганц гэр бүлийн төлөө үүнийг өөрчлөх боломжгүй хэмээсэн аж. ОХУ-д нэвтрэхийг хүсэгч нь зохих бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлсэн байх ёстой хэмээн албаныхан мэдэгдсэн байна. ОХУ өнгөрсөн есдүгээр сард Украинаас нэг сая, Сири улсаас 8000 дүрвэгч хүлээн авсан хэмээн гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна