Бээжин Москвагаас зай барьж байна

2015 оны 10 сарын 30

 

АНУ-д хэвлэгддэг “Гадаад бодлого” сэтгүүлд ОХУ-Хятадын харилцааны талаар ийм нэгэн өгүүлэл нийтлэгджээ.

 

 

Бээжин, Москва хоёр хамтдаа Барууны эсрэг тэмцээд удаж байна. Гэсэн ч одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байх шиг байна. Улам хүчирхэгжиж буй Хятад өөрийн гэсэн бие даасан байр суурийг баримтлах болжээ.

 

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Хятадын Гадаад явдлын яамны төлөөлөгчид АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын байранд Украины Гадаад хэргийн сайд Павел Климкинтэй хаалттай уулзаж, нэгэн сайхан мэдээ дуулгажээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр элсэх Украины хүсэлтийг Бээжин дэмжинэ гэдгийг дуулгасан байна. ОХУ Украины энэ оролдлогыг ямар ч аргаар хамаагүй таслан зогсооход бэлэн байгаа. Энэ уулзалтын талаарх мэдээллийг уг уулзалтын талаар мэдээлэлтэй НҮБ-ын дипломат өгсөнийг “Гадаад бодлого” онцолсон байна.

 

Баруунтай хийж байгаа геополитикийн болон үзэл суртлын тэмцэлдээ Хятадын дэмжлэгийг авч сурсан Оросын хувьд энэ явдал дипломатын бүтэлгүйтэл юм. ОХУ-ын хамгийн ойр бөгөөд үнэ цэнэтэй хамтрагч нь НҮБ-ын хүрээнд Москвад хохиролтой байсан ч хамаагүй бие даасан байр суурийг баримтлах болжээ гэсэн дохиог мөн өгч байгаа юм.

 

Хятад-Орос хоёр бол эртнээс стратегийн түншүүд бөгөөд НҮБ дотор АНУ-ын нөлөө ихсэхээс болгоомжлол аль болох ямар ч асуудал дээр нэг өнгөөр дуугарахыг эрмэлзэж ирсэн. Гэсэн ч энэ байдал нь зарим нэг асуудлаар Оросын баримталж байгаа хатуу байр сууриас болж Ойрхи Дорнодоос эхлээд Украин хүртэлх Бээжингийн худалдааны түншүүдэд аюул учруулж байгаа учраас Хятад ийнхүү байр сууриа өөрчилж байна.

 

ОХУ Крымийг өөртөө нэгтгэснээс хойш Хятад Украинтай худалдааны харилцаагаа идэвхжүүлсэн. “Файнэншл Таймс”-ийн мэдээлснээр энэ оны байдлаар Украины эрдэнэ шишийн экспортод Хятад АНУ-ыг гүйцэн түрүүлсэн. Үүний дүнд НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр Аюулгүйн зөвлөлийн гишүүн болох Украины хүсэлтэд 193 орны 177 нь дэмжсэн санал өгсөн нь гайхам амжилт юм. ОХУ, АНУ зэрэг том гүрнүүдтэй харьцуулвал Киев Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт хориг тавих эрхгүй.

 

Аюулгүйн зөвлөлийн өндөр түвшний нэгэн дипломатын хэлснээр Бээжин, Москва хоёр маш олон асуудлаар, тухайлбал, Ираны асуудал болон Хойд Солонгосын асуудлаар, нэгдмэл байр суурийг баримталж байгаа. Гэсэн ч энэ эвсэл суларч байгаа нь хоёр улс зарим асуудлаар, тухайлбал, Өмнөд Судан, Украин, Сирийн асуудлаар өөр өөр байр суурийг илэрхийлэх болсонтой холбоотой. Сирийн асуудлыг цэргийн ажиллагаагаар биш илүү идэвхтэй дипломатын аргаар шийдэх ёстой гэж Хятад үзэж байгаа.

 

“Крымийг нэгтгэж чадсан, мөн Асадад Ирантай хүч хавсран цэргийн тусламж үзүүлж байгаа нь Хятадын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа. Хятад-Орос хоёрын зам салж байгаа нь тодорхой” хэмээн энэ дипломат ярьжээ.

 

Ойрын үедээ Хятад Оросын эсрэг сүр дуулиантай байр суурийг илэрхийлнэ гэж хүлээсний хэрэггүй хэмээн тэрбээр мөн хэлж байна. Гэсэн ч АНУ болон түүний барууны холбоотнууд нь улам түрэмгий болж байгаа Владимир Путины бодлогод саад болох ёстой гэсэн сэдлийг Хятадад өгч байгаа. Орос-Хятадын эвслийн хүчийг сулруулж, улмаар Москвад улс төрийн илүү дарамт шахалтыг үзүүлж, Украин болон Сири дэх цэргийн ажиллагааны идэвхийг бууруулна гэж Вашингтон найдаж байна.

 

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх Хятад-Оросын нэгдэл нь аль эртнээс олон асуудлаарх Вашингтоны амбицийг хазаарласаар ирсэн. Асадыг төрийн удирдлагаас зайлуулж, Сири дэх цэргийн гэмт хэргийг нь шүүх ёстой гэсэн шийдвэрт Хятад-Орос хоёр хамтран дөрвөн удаа хориг тавиад байгаа. Аюулгүйн зөвлөл дээр Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг хэлэлцэх саналыг Хятад оросуудын дэмжлэгийг авсанаар унагасан. Бушийн засаг захиргааны үед 2007 онд Бирм дэх, 2008 онд Зимбабве дэх хүний эрхийн зөрчлийг хэлэлцэх АНУ-ын саналд Хятад, Орос хоёр хамтран хориг тавьж байсан. Мөн оросууд, хятадууд олон жилийн турш Иранд үзүүлэх хоригийг хязгаарлах, дэлхийн дахинд байгаа хүний эрхийн зөрчлийн эсрэг тэмцэхэд саад учруулсаар байгаа. Тухайлбал, 2014 оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд АНУ-ын төлөөлөгч Саманта Пауэрийн зохион байгуулсан Дарфер дахь балмад ажиллагааны талаар хэлэлцэх уулзалтад Орос, Хятадын төлөөлөгчид оролцоогүй. Мөн Литва улсын зохион байгуулсан Украинд хүний эрхийг зөрчиж, чөлөөт хэвлэлийг хааж байгаа талаарх уулзалтыг мөн хамтран бойкотолсон аж.

 

Хэдийгээр ийм амь нэгтэй байгаа ч хоёр улсын хоорондын харилцаанд сонин зүйлс ажиглагдаж эхэлжээ. Өнгөрсөн сард ОХУ Сирид агаараас цохилт өгч эхлэхэд Хятад ямарваа нэг хариу үйлдэл үзүүлээгүй. “ОХУ-ын мэдэгдсэнээр энэ цэргийн ажиллагаа нь Сирийн Засгийн газрын хүсэлтээр экстремист хүчинтэй тэмцэх зорилготой гэдгийг бид цохон тэмдэглэж байна” гэсэн мэдэгдлийг Хятадын Гадаад явдлын яам хийсэн юм.

 

Энэ сарын эхээр Хятад барууны орнуудтай хамтран Өмнөд Суданы дайсагнагч талынхныг цэргийн шүүхээр шүүх болон тэдний эсрэг хоригийг чангатгахын төлөө санал өгсөн. Харин оросууд санал өгөхөөс түдгэлзсэн бөгөөд хориг нь өсргөлдөгч талуудын байр суурийг улам чангаруулж, байлдааны ажиллагаа үргэлжилсээр байх болно хэмээн оросууд тайлбарласан. Мөн ОХУ Аюулгүйн зөвлөлийн хоёр гийдвэрт ганцаараа хориг тавьсаны нэг нь зүүн Украин газар нутаг дээр сүйрсэн Малайзийн онгоцны буруутнуудыг цэргийн шүүхэд дуудах байсан юм. Өнгөрсөн долдугаар сард гаргахаар төлөвлөж байсан сербийн цэргүүд 1995 онд Боснийн мусульманчуудыг Сребрениц хотод олноор устгасныг геноцид хэмээн тодорхойлох саналд оросууд саад болжээ. ОХУ эртнээс Сербитэй нягт харилцаатай бөгөөд энэ тогтоолд зөвхөн сербийн талыг буруутгаж байгаа нь шударга бус, Югославын задралын үеэр бусад улс орон ч гэмт хэрэг үйлдсэн гэсэн байр суурийг оросууд байнга илэрхийлдэг. Харин Хятад аль аль асуудлаар түдгэлзсэн байна.

 

Зарим асуудлаар Хятад, Орос хоёр хүчээ нэгтгэж байгаа ч аль аль өөр өөр шалтгаантай. Газар дундын тэнгист хүч хэрэглэх ёстой гэсэн саналыг Европ Аюулгүйн зөвлөлд тавих үед оросууд, хятадууд хүчээ нэгтгэн эсэргүүцсэн. Гэхдээ Аюулгүйн зөвлөл хүч хэрэглэх талд давуу боломж олгоно гэж болгоомжилсон бол хятадууд тэдний худалдаанд хохирол учирна гэж болгоомжилсон. Учир нь, хэрвээ тогтоол батлагдсан бол задгай тэнгис дэх усан онгоцуудыг саатуулах эрх олгогдох байсан юм.

 

“Моксва болон Бээжингийн хооронд тодорхой ялгах шугам бий болгохыг хятадууд эрмэлзсэн олон тохиолдол бий” хэмээн Олон улсын асуудлаарх Европын зөвлөлийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ричард Гоуэн хэлсэн. “Гэсэн ч одоо Хятад, Орос хоёр чухал биш асуудлаар санал зөрөлдөж байна уу, эсвэл стратегийн зөрчил үү гэдэг нь ойлгомжгүй болж байна. Гэхдээ Бээжин ойрын ирээдүйд Москвагаас салан холдоно гэж бодохгүй байна” хэмээн тэрбээр мөн хэлжээ. Барууны эсрэг олон асуудлаар, тухайлбал, Ираны асуудлаар Орос, Хятад хоёр хүчээ нэгтгэх шаардлагатай байгаа, учир нь хэрвээ Иран тохиролцсоноосоо буцаж, цөмийн хэлэлцээрийг зөрчвөл дахин хориг тавина гэдгээ АНУ анхааруулаад байгаа гэж Ричсард Гоуэн үзэж байна.

 

Крымийг нэгтгэсний хариуд ОХУ-д барууны орнуудын зүгээс хориг тавигдаад байгаа энэ үед ОХУ Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Хятадын дарга Си Жиньпинтэй арав гаруй удаа Путин уулзаж, харилцаагаа улам зузаатгахыг Путин хүсч байгаа. Энэ оны тавдугаар сард Моксва хотноо зохиогдсон дэлхийн хоёрдугаар дайны ялалтын ойг барууны олон орон бойкотолсон ч Си дарга очиж оролцсон. 2013 оны долдугаар сард ОХУ-Хятад хоёр Газар дундын тэнгист өргөн хэмжээний цэргийн хамтарсан сургуулилалт хийсэн.

 

“Ийм хүчтэй түнштэй байна гэдэг маш таатай. Бид хятадуудтай стратегийн түнш. Аюулгүйн зөвлөлд ч мөн адил. Бид аль болох саналаа нэгтгэхийг хичээдэг, гэхдээ дандаа биш, гэхдээ л хичээдэг” хэмээн НҮБ дэх ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин “Newsweek”-д ярьжээ.

 

Гэсэн ч тэдний хүссэнээр болохгүй байгаа гэж Аюулгүйн зөвлөлийн нэг дипломат хэлж байна. “Учир нь, энэ тооцоотой гэрлэлт болохоос үзэл бодлын хувьд нийлсэн хүмүүс биш юм. Байр суурь нь нийлсэн үед тэд хамт ажилладаг, тухайлбал, хүний эрхийн зөрчлийн асуудлаар. Гэсэн ч тэдний байр суурь дандаа нийлээд байдаггүй” хэмээн тэр онцолсон.

 

Үнэн хэрэгтээ НҮБ дэх Хятадын байр суурийг тодорхойлох ярвигтай. Хятадын дипломатуудын мэдэгдэл улс орны тусгаар байдлыг хүндэтгэх, аливаа зөрчил маргааныг яриа хэлэлцээний замаар шийдэх гэсэн үгийг хэлэхгүйгээр өнгөрдөггүй. Дипломат бодлогоо түрэмгий бөгөөд бахархам явуулж, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэхэд бэлэн гэдгээ байнга нотолж байдаг Моксвагийн дэргэд Бээжин заримдаа дүү мэт харагддаг.

 

Гэсэн ч Орос, Хятад гэсэн дуэтийн хувьд оросууд хоёрдугаар хийлийг тоглож байгаа, харин хятадууд хэдийгээр сүүлийн үед эдийн засгийн хөгжил нь саарч байгаа ч дэлхийн хоёр дахь том эдийн засаг хэвээр, тэд Сири рүү сөнөөгч онгоц илгээж байгаа оросуудаас илүүтэй зөөлөн бодлогыг маш үр дүнтэй явуулж байгааг олон хүн хүлээн зөвшөөрч байна. Хятадын тэргүүний хувиар НҮБ-д анх удаа энэ намар Си Жиньпин оролцохдоо хоёр тэрбум ам.долларыг ядуу орнуудын хөгжилд зориулан хуваахаа амалж, ирэх таван жилийн хугацаанд Африкийн холбооны улсуудад 100 сая ам.долларыг зориулахаа мэдэгдсэн. Мөн хятадууд найман мянган цэнхэр дуулгатныг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаа мэдэгдсэн.

 

“Хятад-Оросын харилцааг барууны эсрэг нэгдсэн ойрын найз гэж шууд ойлгохоор энгийн зүйл биш. Үнэн хэрэг дээрээ өөр. Путинд ойрын найз хэзээнээс илүү хэрэгтэй байгаа. Тиймээс Хятадтай харилцаагаа зузаатгаж байгаа. Харин Хятад аль болохоор зай барьж, оросуудын Украин болоод Сири дэх байр сууриас жийрхэж байгаа. Өнгөн дээрээ тэд барууны эсрэг тэмцэж байгаа юм шиг боловч нэдэр дээрээ олон асуудлаар тэдний хооронд нэгдмэл ойлголт байхгүй. Оросын эдийн засаг хүнд байдалд байна, харин Хятад Барууны орнуудаас ангид байхыг хүсэхгүй байгаа, яагаад гэвэл тэд дэлхийн тоглогч болохыг хүсч байгаа” хэмээн Брукингсийн хүрээлэнгийн АНУ, Европын төвийн мэргэжилтэн Филипп Ле Корр ярьжээ.

 

“Гадаад бодлого” сэтгүүлд Колам Линчийн бичсэнийг

орчуулсан Д.НАРАНТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна