УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэр бүлийн тулгамдсан асуудлаар илтгэл тавилаа

2015 оны 10 сарын 30

МАН-аас санаачлан зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум гурав дахь өдрөө Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж, хэд хэдэн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэдгээрийн нэг нь “Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүд, гэр бүлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдэвт салбар хэлэлцүүлэг байсан юм. Хэлэлцүүлэгт нас насны 800 эмэгтэй хамрагдсан бөгөөд үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны хүндэт ерөнхийлөгч, доктор, дэд профессор Д.Оюунхорол “Гэр бүлд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх арга зам” сэдвээр тавьсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

 


 

 

ГЭР БҮЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДЭХ АРГА ЗАМ

 

“Бид хамтдаа” үндэсний форумд хүрэл­­цэн ирсэн эрхэм төлөөлөгчид та бүхнийхээ амар ам­галанг айлтган мэнд­чилье.

 

XXI зууны хөг­­­жил дэвшлийн өнөө­гийн өн­дөр­­лөгөөс эргэн харвал манай Монголчууд бидний шийдэг­дээ­­­гүй асуудал бол­гоны цаана гэр бүл, гэр бүлийнхээ ихэнх асуудлыг шийдэж байгаа эмэгтэйчүүдийн асуудал хөндөгдөж байжээ.

 

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн улс төр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарсан боловч энэ нь суурь түвшинд хангалттай нөлөөлж чадсангүй. Оновчтой шийдэл нь ажил хэрэг болж, оноо­гүй хэсэг нь асуудал хэвээрээ үлд­­­сээр байна.

 

Гэр бүлийн бүрэн бүтэн байдал, үнэ цэнэ ирээдүйн Монголын иргэдийн ёс суртахууны өлгий нь болж байх учиртай билээ. Эртний сэтгэгч нэгэнтээ төр улсын анхны нэгж бол гэр бүл юм гэж хэлсэн байна. Гэр бүлээс хамааралгүй хүн амын бүлэг, өрхийн гишүүн, иргэн гэж байхгүй. Тэд бүгд нийгмийн анхдагч орчин болох гэр бүлд төрж амьдарч, суралцаж, нийгмийн харилцаанд оролцож улс орныхоо үнэ цэнэтэй иргэн болдог. Монгол төрийн бодлого гэр бүлд л бодит биелэлээ олж үндэс сууриа бэхжүүлдэг.

 

Монголын орхигдсон уламжлал гэр бүлд хадгалагдаж, өнөөгийн бүтээлч үйлсийн эзэд гэр бүлд амьдарч, ирээдүй маргааш мөн л гэр бүлд үндэс сууриа тавьж байна.

 

Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын 2.1-д Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэн түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын төвд байлгахаар заасан нь гэр бүлийн талаарх төрийн бодлогод хийсэн томоохон алхам мөн гэж үзэж байна.

 

Улс орон хөгжиж өөрчлөгдөхийн хэрээр Монголын гэр бүлийн хөгжилд цоо шинэ хандлагууд бий болж, түүнийг дагалдсан асуудлууд тэр хирээр өсөж байна. Гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчид нэмэгдэх, залуус гэр бүлийн амьдралд хангалттай бэлтгэгдээгүйгээс гэр бүл цуцлагдах, цуцалсны дараа үр хүүхэддээ тавих анхаарал халамж муудах зэргээр гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлах нь улам бүр саармагжсаар байна.

 

Монгол гэр бүлийн уламжлалт үнэлэмжид өөрчлөлт гарч гэр бүлийн үнэт зүйл алдагдаж, гэр бүлийн задрал хурдацтай явагдаж байна гэдгийг судалгааны байгууллагуудын дүн харуулж байна. Өнөөдөр гурван гэр бүл тутмын нэг нь ядуу, найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч болж, 10 гэр бүл тутмын гурвыг эмэгтэйчүүд толгойлж байна. Амьжиргаагаа дээшлүүлэхийн эрхээр мянга мянган нөхөн үржихүйн насны залуучууд гадаадад гарч, гэр бүлийн халуун дулаан орчинд өсөж, торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсээр, энэ бүхнээс хүүхдүүд хохирсоор байна.

 

Өнгөрсөн онд 3522 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан нь өмнөх оноосоо даруй 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Сүүлийн үед залуу гэр бүл гэлтгүй олон жил амьдарсан хосууд ч салах нь ихсэв. Гэр бүл цуцлалтын гол шалтгаан нь гэр бүлийн боловсрол хангалтгүй, гэр бүлийн хүчирхийлэл даамжирсан байдал, гадаадад удаан хугацаагаар ажиллах, хөдөө орон нутагт гэр бүлээс нь тусгаарлаж олон хоног, сар, жилээр ажиллуулах, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа болж байна. Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан бор­луулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн тоо зөв­шөө­рөгд­сөн стандартаас хэт ол­ширс­­ноос архинд донтох өвч­­нөөр өвч­лөгсөд улам бүр за­луу­жиж, охид, эмэгтэйчүүд ч татагдаж орсоор байна.

 

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 9, архины 56, шар айрагны 19, дарсны 10, нийт 95 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дээрх үйлдвэрүүд нь 2013 онд 1 сая 925 мянган литр спирт, 24 сая 774 мянган литр архи, дарс, 63 сая 775 мянган литр шар айраг үйлдвэрлэсэн байна. Мөн 2013 оны байдлаар согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл бүхий 76 аж ахуйн нэгж нийт 36 сая литр согтууруулах ундаа импортлон оруулж ирсэн байна.

 

2013 оны байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 9703 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс орон нутагт 5837, нийслэлд 3866 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

 

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар олон улсын түвшинд тогтоосон хэмжээгээр нэг хүний спиртний жилийн хэрэглээ 6.1 литр бөгөөд, 8-9 литрт хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үзсэн байдаг бол Монгол улсад нэг хүний спиртийн жилийн хэрэглээ хэдийнээ 9.2 литр хүрч аюулын харанга дэлдэж байна.

 

Гэр бүл салалтын золиос, хохирогч нь хүүхдүүд байдаг. Гэр бүлдээ хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудлыг бодлогын хэмжээд анхаарч үзэх, хүүхэд хамгааллын байгууллагуудын ажлыг сайжруулах ёстой болсон байна. 4 настай бяцхан охин гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэлийн золиос болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг бид мартах ёсгүй. Иймээс хүүхдийн эрх, гэр бүл дэх дарамт, хүчирхийлэл, хүүхдийн халамж, тэтгэлэг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гэр бүл салсан ч хүүхдээ халамжлах, аюулгүй байдлыг нь хангах үүрэг эцэг эхийн аль алинд нь байх ёстой. Монгол улсын шүүхээр гэр бүлээ цуцлуулахад шүүхээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлэгийн биелэлт 12-15 хувьтай л байна. Энэ бүгд гэр бүл салалтын хохирогч нь эмэгтэйчүүд болж байгааг, тэд хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийг дангаар нуруундаа үүрч байгааг батлаж байгаа тоо юм.

 

Монгол гэр бүлийн уламжлалт үнэлэмжид гарч байгаа сөрөг хандлагатай өөрчлөлтүүд гэр бүлийн үнэт зүйлсийг алдагдуулж, гэр бүлийн задралыг хурдасгаж байна. Гэр бүлээс гадуурх харилцаа нийгэмд хэт задгайрч, гэр бүл эрхэм нандин зүйл гэсэн утга учир алдагдаж байгаа нь нийгмийг цочроосон олон хэргээр илрэх боллоо. Үүний золиос нь мөн л эмэгтэйчүүд болж байна. Хэдхэн долоо хоногийн өмнө жирийн албан хаагч эмэгтэйг гэр бүлээс гадуур харилцаатай байсан дарга нь зүй бусаар эрэмдэглэсэн аймшигт хэрэг гарлаа. Эрчүүд бус эмэгтэйчүүд л гэр бүлийн ёс суртахууны зүй бус өөрчлөлтийн хохирогч болсоор байна.

 

Миний бие Гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг өмчлөх эрхтэй холбож хуульчлах нь Монгол гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах гол ач холбогдолтой гэж үзэж 2011 онд Монгол улсын гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилан боловсруулж УИХ-д өргөн бариад өнөөдрийг хүртэл батлуулж чадаагүй байна. Хүүхэд төрсөн цагаасаа өмчийн эзэн байх нь хүүхдийн амьдралын эдийн засгийн баталгаа, эмэгтэйчүүд, эрчүүдийн эрхээ тэгш эдлэх боломж юм гэсэн байр сууриа хамгаалж, хуулийн төслөө батлуулахын тулд ажиллаж байна.

 

Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Гэр бүлийн хөгжил, хүүхдийн талаарх төрийн бодлогыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагатай болох, гэр бүлийн гишүүдийн хариуцлага, хүүхдийн эрх ашиг, өмчлөх эрхийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн харилцааг зохицуулахаар тусгаад байна.

 

Өрх толгойлсон эмэгтэйчүүд гэр бүл салалтыг дагаад улам бүр олширлоо. Өрх толгойлсон ээж, аавууд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргийг угтаа дангаараа нуруундаа үүрч байгааг судалгааны тоо баримт бидэнд харуулж байна. Нийт салсан гэр бүлүүдийг авч үзвэл 85 хувь нь хүүхдийн тэтгэвэр огт авахгүй байна. Шүүхийн шийдвэр гардаг ч биелэгдэхгүй байна. Энэ хүнд ачааны ихэнхийг эмэгтэйчүүд үүрч гадаа гарч эр, гэрт орж эм болж ургах нарнаас үдшийн бүрий болтол ажиллаж байгааг бид эргэн тойрныхоо хаанаас ч харах боломжтой. Гэтэл тэдгээр эмэгтэйчүүдийн цалин гэр бүлээ тэжээж тэтгэхэд хангалттай хүрэлцэхгүй байна. Өрх толгойлсон ганц бие эцэг, эхчүүдийг төрөөс анхаарч дэмжлэг, тусламж үзүүлдэг туршлага ялангуяа Европын болон Азийн олон улс орнуудад бий болсон байна. Үүнийгээ нэгдсэн нийгмийн бодлогоор хэрэгжүүлж иржээ. Түүнчлэн, “Өрх толгойлсон ганц бие эцэг/эх, түүний хүүхдэд зориулсан халамжийн цогц үйлчилгээ-хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг сайн туршлага ч байна.

 

Миний бие хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд “Өрх толгойлсон эцэг/эхийн халамжийн тухай” хуулийг санаачилан боловсруулахаар судалгааны ажил хийж байна. Хуулийн зорилт нь өрх толгойлсон ганц бие эцэг/эх болон тухайн гэр бүлд өсч буй хүүхдийг дэмжих, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах явдал юм. Хүчингийн хэргийн улмаас жирэмсэлж, хүүхдээ төрүүлсэн эх; Эцэг, эхийн аль нэг нь нас барсан гэр бүл; Эцэг эх нь нэг ба түүнээс дээш жилийн хугацаатай ял шийтгэл хүлээн хоригдож байгаа гэр бүл; Эцэг,эх нь бие эрхтний болон оюуны чадамжаа алдсан; Гэрлэлтийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон ба түүний улмаас дангаараа хүүхдээ асрах үүрэг хүлээсэн эцэг/эх; Хүүхдээ өөрөө өсгөн хүмүүжүүлж буй гэрлээгүй эцэг/эх; Эцэг/эх нь 1 ба түүнээс дээш жилээр гэр бүлээ орхиж явсан, эцэг/эх нь алга болох, урт хугацаагаар хол яваад сураггүй байгаа, тусдаа амьдардаг гэх мэт амьдралын бартаанд бүдчин байгаа олон гэр бүлийн ачааг хөнгөлж төрөөс дэмжлэг олгодог байхаар энэхүү хуулийн төсөлд тусгаж байна.

 

Эдгээр гэр бүлүүдэд төрийн зүгээс хүүхэдээ өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотой тэтгэмж, тэтгэвэр олгох, Хөдөлмөр, татвар, орон сууц, зээл, эрүүл мэндийн болон бусад хөнгөлөлт үзүүлэх, Гэр бүл ба хүүхдэд хүүхдийн хүнс, тэжээл, эм, хувцас, жирэмсэн эмэгтэйчүүдэд хоол, хүнс үнэгүй олгох, Гэр бүлд тодорхой хууль, эрх зүй, сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх тусламж, зөвөлгөө өгөх, нийгмийн үйлчилгээ үзүүлэх зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж болно хэмээн үзэж судалгаанд суурилан ажиллалаа.

 

Олон улсын туршлагаас харахад Өрх толгойлсон ганц бие эцэг/эхийг бүртгэлжүүлэн орон нутгийн Нийгэм хамгаалал, хөгжлийн газраас холбогдох байгууллагуудаас халамжийн үйлчилгээ авах эрхийг нээж өгөх боломжтой байна. Халамжийн үйлчилгээнд өрх толгойлсон эцэг/эхээс гадна түүний гэрлээгүй, ажил эрхэлдэггүй 18-аас доош насны хүүхэд, 18-аас дээш настай боловч хөгжлийн бэрхшээлтэй бие даан амьдрах чадваргүй хүүхдүүд хамрагдаж үр ашгийг нь хүртэх боломжтой болох юм.

 

Нийгэм эдийн засгийн хувьд Азийн бусад улсуудын нэгэн адил Монголд ядуурал илүү эмэгтэйлэг шинжтэй хэвээр байна. 150 орчим мянган эмэгтэйчүүд Монголын уламжлалт нүүдлийн аж ахуйн онцлогоос хамаарч өрх гэрийн ажлыг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хугацаанд өрх гэрийнхээ ажлыг хийдэг үнэлгээгүй хөдөлмөр эрхэлж байна. Тэд өрх гэрийнхээ хэ­рэг­лээний бүхий л зүйлийг үйлд­вэрлэж, үр хүүхэд төрүүлэх, асрах, хү­мүү­жүүлэх болон гэр бүлийн бу­сад гишүүдийг асран халамжлах аж­лыг давхар үүрч байна.

 

Ядууралд өртөмтгий байгаа эмэгтэйчүүдийг анхаарч тэдний цалин хөлстэй ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн бизнесийг дэмжин хөгжүүлэх, бага орлоготой эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор дэмжин тэтгэхэд түлхүү анхаараасай гэж эмэгтэйчүүд маань хүлээж байдаг.

 

Нийгэм эдийн засгийн байдал хүндхэн байна. Эдийн засаг нийтээрээ уналтын байдалтай, бэлэн мөнгөний хомсдолд орсон, долларын ханш өссөөр байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт гурван жилийн дотор 4.6 тэрбумаас 50 сая руу бууна гэдэг хөрөнгө оруулалт үндсэндээ зогсонги байдалд байгааг харуулж байна. Төсвийн ажил үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд төр санхүүжилтийг нь цаг тухайд нь олгохгүй байгаагаас бизнес эрхлэгчид өр зээл, татварын дарамтанд орох, ажилчдынхаа цалинг цаг тухайд тавьж чадахгүй байдалд орсноор олон айл өрхүүдийн амжиргаа доройтсоор байна.

 

Энэ хүндрэл хямрал монголын бүхий л айл өрхийн хаалгыг тогшиж, ханшийн уналт, үнийн өсөлт тэдний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж байгааг судлаачид ч, хууль тогтоогчид бид ч мэдэж, сэргийлэхээр ажиллаж байна. 2014 оны байдлаар Хотын хүн амын 18.8 хувь, хөдөө­гийн хүн амын 26.4 хувь нь ядуу амьдарч байгаа судалгааг Үндэсний статистикийн хороо танилцуулжээ. Хөдөө аж ахуй­гаас бусад салбарт цалин­тай ажил эрхлэгчдийн дотор эрэг­тэй, эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин ойролцоо байгаа ч, эмэгтэйчүүдийн цалин хөлсний түвшин эрэгтэйчүүдийн дундаж цалингаас 15 орчим хувиар доогуур байна. Эмэгтэйчүүд бөөний ба жи­жиглэн худалдаа, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, зочид буудал, зоогийн газар, санхүүгийн гүйлгээний салбарт, эрэгтэйчүүд уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг өндөр бү­тээмжтэй салбарт зонхилж байгаа нь тэдний цалин хөлсний түвшинг мэдэгдэхүйц зөрөөтэй болгох эдийн засгийн орчин нөхцөлтөй холбоотой юм.

 

Үнэлгээгүй хөдөлмөрт хөдөөгийн эмэгтэйчүүд хотын эрэгтэй, эмэгтэйчүүдээс 2-3 дахин илүү цаг зарцуулж байна. Мичин жилийн зудыг олон нийт сануулан хэлж байна. Малчин түмэн сэтгэл түгшин намрыг өнгөрөөж байна. Тариаланчид маань ургац алдлаа. Энэ бүхний ард жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа айл өрх, өрхийн аж ахуйгаа өөд татах гэж зүтгэж буй эмэгтэйчүүд маань байгаа. Өрх гэрээ толгойлон амьдарч бай­­гаа хөдөөгийн малчин эмэг­тэй­­чүү­­дийг малжуулах төсөл хө­төл­бөрт онцгойлон хамруулах, малчин, тариаланч өрх гэр бүлийг нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэдгийг хүлээн зөвшөөрөх, түүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

2014 онд “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн тайланд тусгагдсан ажилд орсон иргэдийн тоо мэдээг авч үзвэл ажилд орсон эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс хоёр дахин бага үзүүлэлттэй байна.

 

Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнесийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага дунд орлоготой эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, барь­цаа хөрөнгийн шаард­лагыг бу­у­руулах зээлийн ба­тал­гааны сан ажиллуулах за­маар бодит дэмж­­лэг үзүүлэх “Эмэг­тэйчүү­дийн банк” байгуулж болох та­лаар су­далгаа тооцоог хийж үе үеийн засгийн газарт танилцуулан, энэ чиглэлээр тодорхой шийдвэр үр дүнд хүрэх гэж хичээн ажилласаар ирлээ.

 

Нобелийн шагналт профес­сор Мухаммад Юнус “Ядуурал бол музейд л байх учиртай амьдралын до­ройт­сон төлөв байдал юм” гэсэн содон үг хэлжээ. Эмэгтэйчүүдийн банк байгуулж чадвал:

 

Зээл авч санхүүгийн үйлчил­гээ хүртэх хүний үндсэн эрх хан­гагагдаж,

 

Барьцаа харгалзахгүйгээр зээл авч нийгмийн орлого бага­тай давхарга, ядуу амьдрал өөрчлөгдөж,

 

Өрх гэрийнхээ амьдралыг авч явдаг гол түшиг тулгуур бол­сон өрх толгойлсон 90,000 шахам эмэгтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж өмч хөрөнгийн эзэд болж,

 

Эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй болж бусдаас ха­раат явдаг амьдралын хэвшил, сэт­гэл­гээ дадал зуршлаа өөрчилж үр хүүх­дээ өсгөж чанартай боловс­рол эзэмшүүлэх бололцоо бүрдэх юм.

 

Орлого багатай иргэд, эмэг­тэй­чүүд банкны үйлчилгээ хүр­тэж, өрх бүр үйлдвэрлэгч болж, амьдралын чанартаа өөрч­лөлт гаргаж ядуурлаасаа салах, бэлээхэн туршлага болсон улс орон байна. Бангладеш улс барьцаа хөрөн­гө­гүйгээр ядуучуудад зээл олгох банк анх байгуулж амжилттай ажилласан туршлагыг 40 гаруй улс хэрэгжүүлээд байгааг бид амьд­ралд хэрэгжүүлэх, ашгийн төлөө бус ард түмний төлөө ажилладаг банктай болох бололцоотой юм. Бид ядууралтай тэмцэж байгаа Бангладешийн сайн туршлагыг судалцгаая.

 

Эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй байснаар бусдын хараат байдлаас гарч, өрх гэрийн өнөөдрийн амьдралдаа санаа зовних нь багасч өмч хөрөнгийн эзэн болж, амьдралын хэвшил, дадал зуршилаа өөрчилж, үр хүүхдээ өсгөж, чанартай боловсрол эзэмшүүлэх боломжтой болно.

 

Өвөг дээдэс маань бо­ловс­ролыг хүний эрдэм, номын эрдэм хэмээн хуваасан байдаг. Но­мын эрдэмд бидний ойлгох “бо­ловсрол” хэмээх хэвшмэл ойл­голт хамаардаг бол хүний эрдэмд жинхэнэ эцэг эх байх, жинхэнэ хүний сайн хань байх, найз нөх­дийн итгэлт анд байх, хүнийг хайр­лаж, уучилж чаддаг, энэрч ухаард­аг, хүмүүнлэг иргэнийг тө­лөв­шүүлэн боловсруулах ухаан багт­даг байжээ. Энэхүү хоёр эрд­мийг төгс эзэмшиж гэмээнэ сая цогц боловсрол бүхий монгол ир­гэн төлөвшинө. Үүний үрээр бат бэх гэр бүл үүснэ. Энэ эрдмийг эзэмшүүлэх нэгэн субьект нь гэр бүл өөрөө юм. Бидний ирээдүй болсон үр хүүхдийнхээ хүн болохын утга учир, хувь хү­ний төлөвшилд онцгой анхаарч зөв зур­шилтай, зөв амьдрах зүрх сэтгэл­тэй, хүнийг хайрлах хүндлэх монгол ёс заншилтай хувь хүн бол­гон төлөвшүүлэн, хүмүүжүүлэх талд онцгой анхаарахыг уриалж бай­на.

 

Гэр бүл амар тайван бол гэрийн эзэн ч, эмэгтэйчүүд хүүхдүүд ч аз жаргалтай байна. Гэр бүл ажиллаж хөдөлмөрлөж орлоготой амьжиргаатай байвал, улс орон мөн тийм л байна. Биедээ ахадсан ачаа үүрээд ил харагдахгүй ч цаанаа итгэл алдан шантарч буй эмэгтэйчүүд, өрх толгойлсон ээжүүд, энхрий үрсийнхээ төлөө амлах бус ажиллаж, ажлынхаа үр дүнг үзэхийн төлөө БИД ХАМТДАА ЗҮТГЭЕ.

 

Анхаарал хандуулсанд баярлалаа.