Хятад “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоосоо татгалзлаа

2015 оны 10 сарын 30

Фото: ROPI / Zuma / Global Look

 

Хятад гэр бүлд хоёр хүүхэдтэй байхыг албан ёсоор зөвшөөрөв. Коммунист намын Төв хорооны бүгд хурлаар энэ шийдвэрийг гаргасан  байна.

 

Хятадад төрөлтийг хязгаарлах зорилгоор “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” хууль 1979 оноос хойш хэрэгжиж ирсэн юм. Зорилго нь 2010 он хүртэл Хятадын хүн амын тоог 1,2 тэрбумд барих оролдлого байлаа. Гэхдээ 2000 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд 42,5 сая хүн л төлөвлөснөөс нь илүү , дээр нь бичиг баримтгүй 30 сая хүн бүртгэлд хамрагдаагүй байв.

 

Мөн уг хөтөлбөрт  сөрөг үр дагавар гарч жендерийн тэнцвэр алдагдаж, хүн амын эрс хөгшрөлт нэмэгдсэн байна. Сонголтын үр хөндөлт ихээр хийлгэн зөвхөн хүүхэд нь эрэгтэй бол түүнийг хадгалан үлдээж ирэв. Мөн эрх баригчид жирэмсэн эмэгтэйчүүдийг бүртгэн хүчээр үр хөндөлтөд хамруулж байсныг  BBC News дамжуулж байна.

 

Заавал эрэгтэй хүүхэдтэй болох гэсэн хятад хүмүүсийн эрмэлзлийн улмаас одоо эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ 20 саяаар илүү болжээ. Хүйсийн энэ зөрүү нь 2024 он гэхэд 24 сая болох юм. Эмэгтэй хүүхэд төрүүлэхийг эрх баригчид дэмжиж ирсэн ч уламжлалыг эвдэж чадсангүй.

 

Хуулийг тойрч гарахын тулд хятад хосууд өөр хууль үйлчилдэг Гонконгт очих нь ихэссэн байлаа. Сүүлийн жилүүд Хятад болон Гонконгийн эрх баригчид “эхийн жуулчлал” -тай тэмцэн эх газраас ирэх жирэмсэн эхчүүдэд квот тогтоосон аж.

 

Си жиньпин тэргүүтэй шинэ удирдлага 2013 онд засагт гарч ирснээс хойш хүн ам зүйн бодлогоо зөөлрүүлнэ гэж зарласан. Сая гаргасан шийдвэр нь тэрхүү амлалтын биелэлт болж байна. Коммунист намын лидерүүд дээрх хуралдаанаараа  хүн амын хөгшрөлттэй тэмцэх, мөн 2020 он гэхэд ядуурлыг дийлэх зорилго тавилаа. Мөн эрх баригчид төрийн зарим хөрөнгөөс  Тэтгэвэрийн санд шилжүүлэхээр шийдсэн байна.

 

Гэр бүлийн талаарх улсын бодлогын өөрчлөлт нь тус орны эдийн засгийг дэмжих зорилготой. Хятадад хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн тоо 2013-2014 онуудад 3,7 сая хүнээр буурчээ.

 

Энэ шийдвэр гарсны дараа хүүхдийн хүнс үйлдвэрлэдэг Европын Danone SA, Nestle SA компаниудын хувьцааны үнэ тус тус 2,4%, 0,4%  нэмэгджээ. Эдгээр компаниуд орлогынхоо долоон хувийг Хятадын зах зээлээс авдаг. Тэр нь нийтдээ $19 тэрбум ам.доллар юм. Орлогынхоо гуравны нэгийг Хятадад босгодог Америкийн Mead Johnson компанийн хувьцаа Нью-Йоркийн бирж дээр 5,3%-мар нэмэгдсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна