Монгол Хятад руу зургаан тэрбум юанийн мах экспортолно

2015 оны 10 сарын 30

Манай хоёр хөрш болон зарим гадаадын улс манай улсаас мах импортлох боломжтой гэдгээ өмнө нь илэрхийлсэн удаатай. Гэхдээ мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлттэй холбоотойгоор махны экспортыг нэмэгдүүлэх боломжгүй байгаа юм. Тэгвэл энэ оны аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод болсон "Монгол-Хятадын анхдугаар экспо"-ны үеэр ХХААЯ- наас хоёр улсын малын мах, махан бүтээгдэхүүний салбарын хамтын ажиллагааны өдөрлөгийг зохион байгуулсан байна. Улмаар хоёр орны махны холбоод зургаан тэрбум юанийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн дотоодын 12 компани малын мах нийлүүлэх түншээ олж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал, "Дархан М14ЙТ фүүд" компани, "Өвөр Монголын Руйшинъюань" хүнсний корпорацтай үхэр хонины мах нийлүүлэх, "Хөвсгөл мах маркет" Тянь-Жиний олон улсын худалдааны төвтэй хонь, үхрийн мах нийлүүлэх таван жилийн, "Цаглашгүй ганга" компани "Менд Ди" компанитай хонь, үхрийн мах нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээг тус тус зуржээ. Мөн “Кау- ser Fleisher” компани БНХАУ-ын Өвөрмонголын тариалан, мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй махны чиглэлийн хонины аж ахуйн ашиг шимийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнчлэн, санамж бичигт Монголын амт, чанар сайтай малын махыг Өвөрмонголд дахин боловсруулж, брэнд бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд гаргах талаар тусгасан бөгөөд брэнд бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд гаргах ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2018 арванхоёрдугаар 31-ний хооронд хийхээр товлосон байна. Энэ ажлын хүрээнд жилд дунджаар 150 мянган бог малын мах урд хөршид нийлүүлэх бөгөөд мөнгөн дүнгээр бол зургаан тэрбум юань буюу тэрбум орчим ам.долларын арилжаа хийх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна