Хашаандаа мод тарьсан иргэдийг урамшууллаа

2015 оны 10 сарын 30

Нийслэлийн 376 жилийг ойг тохиолдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үйлсэд нэгдэн амьдарч буй хашаандаа жимсний болон гоёл чимэглэлийн мод сөөг тарьж ургуулсан 570 иргэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас урамшуулал олголоо. 2013 онд 510, 2014 онд  957 айл өрхөд 56 сая төгрөгийн урамшуулал олгосон бөгөөд гурван жилийн хугацаанд 2037 айл өрх энэ урамшуулалд хамрагдан ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, ойр орчмын айл өрхдөө мод тарих арчлах арга ухааныг зааж байгаа юм.

Энэхүү арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Бусдаас мөнгө нэхэлгүй өөрсдийн хөрөнгөөр хашаандаа мод тарьж нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Та бүхэндээ баярлалаа. Нийслэлээс жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм. Ногоон байгууламжийн арчилгаа тордолгоо, цэцэг тарих ажлыг цаашид үргэлжлүүлэн хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хашаандаа мод тарьсан иргэдийн  төлөөлөл “Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян гэдэг.Бид мөнгө олох гэж мод, бут, сөөг тариагүй. Орчноо сайхан харагдуулж, агаарын бохирдлыг багасган, үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэх гэж мод тарьж байна. Бидний тарьсан модыг сүйтгэдэг, инженерийн шугам сүлжээний ажил хийгээд  нөхөн сэргээлт  хийдэггүй  хүмүүсийг харахад үнэхээр хэцүү санагддаг. Хотын төвд нэг наст цэцэг тарилаа гэж  шүүмжлэх юм. Цэцэг огт тарихгүй бол хот гундуу өнгө зүсээ алдсан харагдана гэдгийг ойлгож ухаарахгүй байна.  Дэлхийн бусад томоохон хотуудын ногоон байгууламж ямар байдаг билээ. Цэцэг тарьж нийслэлийнхээ өнгө үзэмжийг нэмэгдүүлэх нь зөв. Ингэж байж иргэд нүд, сэтгэлийн баясал авч ажлаа сайн хийж амьдралаа дээшлүүлнэ. Та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж байгаа. Мод тарьсан иргэдээ урамшуулж буй нийслэлийнхэндээ баярлалаа” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна