Автомат тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоолоо

2015 оны 10 сарын 30

Сэтгүүлч:
Орхон
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа цахим тоглоом нэгдсэн арга хэмжээний хүрээнд Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран автомат тоглоомын газруудад шалгалт хийсэн.
 
Манай аймгийн тухайд Согоот багт байрлах Сонор хайрхан, болон Эрдэнэт зочид буудал, Уурхайчин багийн Саян зочид буудалд автомат тоглоомын газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дээрх газрууд нь хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр ажиллаж байна гэж үзсэн учраас үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоох арга хэмжээ авлаа. Цахим тоглоомын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авах хүртэл дээрх газруудын үйл ажиллагааг хааж байгаа юм.
 
Харин манай улсад үйл ажиллагаа явуулах боломжгүй хориглосон тоглоомуудын жагсаалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргадаг. Манай улсад хэрэгжиж буй “Тусгай зөвшөөрлийн тухай” хуулинд Казиногийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно хэмээн заасан байдаг.
 
Түүнчлэн мөнгө болон түүнийг орлогч металь хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос, чип буюу шоо хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтын өрөө тасалгаа, тоног төхөөрөмжүүдийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршсан тоглоом тоглуулахыг казиногийн үйл ажиллагаанд багтааж ойлгохоор хуульчилсан байдаг байна. Энэхүү тогтоолоор манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газруудыг казиногийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзэх үндэслэл байгааг ч хэлж байна.
 
ЭХ СУРВАЛЖ: http://erdenetinfo.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна