А.Зангад: Төсвийг байгаагаар нь баталж болохгүй

2015 оны 10 сарын 30

“Ардын эрх” сонин энэ удаа дугаарынхаа “Онцлох зочин”-оор Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангадыг урьж ярилцлаа.


-Үндэсний аудитын газар жил бүрийн төсвийн төсөлд дүгнэлт хийдэг. Танай байгууллага 2016 оны төсвийн төслийг юу гэж дүгнэсэн бэ. Сангийн сайдын ярьж байгаа шиг өнөөгийн нөхцөл байдалдаа тохирсон, бодит хөрсөн дээрээ буусан төсөв болж чадахаар байна уу?

-Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд Үндэсний аудитын газар хуульд заасан үүргийнхээ дагуу санал дүгнэлт боловсруулж, хуульд заасан хугацаанд УИХ-д хүргүүлсэн. Засгийн газраас Монгол Улсын 2016 оны Төсвийн төслийг боловсруулахад баримталсан гол зарчим нь төсвийн орлогыг бодитой төлөвлөх, зарлагын тэлэлтийг хумих, ялангуяа удирдлагын зардлыг бууруулах, үүний тулд бүтцийн өөрчлөлт хийх, ам.долларын ханшийг өнөөгийн хүрсэн төвшингөөр төсвийн тооцоололд авах зэргээр төсвийн төслийг аль болохоор үндэслэлтэйгээр боловсруулахад чиглэгдсэн байна. 2016 онд ДНБ-ийг 27 их наяд төгрөг давахаар тооцсон төсөөлөлд суурилж төсвийн төслийг боловсруулсан байсан бөгөөд төсвийн орлогыг 6.9, зарлагыг нь 7.8 их наяд, тэнцвэржүүлсэн тэнцлийг нь 900 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай буюу төсвийн алдагдал ДНБ -ий 3.3 хувьтай тэнцэж байхаар тооцсон байна. Үндэсний аудитын газар төсвийг үнэлэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагууд хэрхэн хангагдсаныг авч үздэг. Ирэх оны төсвийн төсөл энэ шаардлагуудыг хангасан гэж дүгнэсэн. Харин Төсвийн хүрээний мэдэгдэлд заасан есөн шалгуур үзүүлэлтээс таван шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна гэж үзсэн. Засгийн газар ч үүнтэй холбогдуулан Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, төсвийн тухай хуулийн төсөлтэй  хамтад нь өргөн барьсан.

-Төсвийн орлогоо хэр зэрэг бодитой төлөвлөсөн гэсэн үг вэ?   

-Төсвийн орлогыг төлөвлөхдөө тухайн 2016 ондоо багтаж төсөвт орж ирэх нь эргэлзээтэй зарим орлогыг  орж ирэхээр тооцож төлөвлөсөн гэж аудит дүгнэсэн. Ер нь нэлээд өөдрөг таамаглалд суурилсан төлөвлөлт хийсэн гэсэн үг л дээ. “Алт”, “Мах” хөтөлбөр хэрэгжүүлнэ, Оюутолгой, Тавантолгойг ашиглах зорилтоо  хэрэгжүүлнэ, НӨАТ-ын тухай хуульд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлнэ, өмч хувьчлал хийнэ, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлнэ гэх мэт таамаглалд тулгуурлаж орлого төлөвлөсөн. Эдгээрээс тухайлбал, Тавантолгой төсөл ямар түүхийг туулж байгаа билээ. Ирэх жил чинь сонгуулийн жил шүү дээ. Уг төслийг   хэрэгжүүлж төсөвт орлого оруулах магадлал бага. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор ирэх оны төсөвт орлого орно гэж төлөвлөх нь эрсдэлтэй. Мөн өмч хувьчлалаас 171.7 тэрбум төгрөг төсөвт оруулна гэж тооцсон. Энэ мөнгөний тал хувь нь Төрийн банк, Хөрөнгийн бирж гэсэн хоёр, гуравхан том өмчийн хувьчлалаас орж ирэхээр тооцсон байгаа. Эдгээр томоохон хөрөнгийг хувьчлахын тулд зарлах, үнэлэх, хөрөнгө оруулагчийг олох, үндэслэл тооцоог нь гаргах, бэлтгэл ажил хангах, гэрээ хэлэлцээ хийх гээд нэг жилд багтаан хийхийн аргагүй их ажил болно. Ингэж үзвэл төлөвлөсөн орлого нь орж ирэхгүй тасалдах магадлалтай. Өнгөрсөн 2014 онд өмч хувьчлалаас 181.4 тэрбум төгрөгийг төсөвт оруулна гэж төлөвлөсөн ч биелээгүй нь төсөвт тодотгол хийх нэг үндэслэл болсон. Гэхдээ бүх төлөвлөлт нь эрсдэлтэй юү гэвэл үгүй л дээ. Төсвийн төслийг боловсруулахдаа ам.долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцсон нь өмнөх жилүүдтэй харьцуулбал дэвшил. Гэхдээ нэг зүйл санаа зовоож байгаа. Энэ бол төлбөрийн тэнцлийн алдагдал нь багасч ашигтай тал руугаа орж байгаа боловч төгрөгийн ханш чангарахгүй байна. Энэ бол зөв зүй тогтол биш. Тиймээс үүнийг анхааралдаа авах шаардлагатай.

-Орлогыг нь ингэж дүгнэсэн юм байна. Зарлага нь ямар байна гэж үзсэн бэ?

-Байгаа бололцооныхоо хэрээр амьдаръя, өөрөөр хэлбэл, олж байгаа орлогодоо багтааж зарлага гаргая. Зардлаа бууруулъя. Ялангуяа удирдлага, захиргааны зардлыг бууруулъя, үүний тулд  бүтцийн өөрчлөлт хийе гэсэн эхний том оролдлого хийж төлөвлөсөн гэж үзэхээр  байна. Ингэж ч тайлбарлаж байна. Төсвийн алдагдлыг тэгтэй тэнцүүлэх шаардлагатай. Гэвч ганцхан удаагийн дайралтаар ингэх боломж хомс. Үндэсний аудитын газар төсвийн зарлагыг Засгийн газраас оруулж ирснээс тав орчим хувиар бууруулах боломжтой гэж санал оруулсан. Ямар зардлыг хэдээр бууруулах талаар тодорхой санал тавьж, асуудал руу  гүнзгий орох боломж хязгаарлагдмал, ингэх нь зарчмын хувьд буруу гэж үзнэ. Зардлыг бууруулах олон хувилбар олон аргачлал байна. Тиймээс санхүү, төсвийн тэнцвэрт харьцааг сайжруулахад чиглэсэн бодлогын санал гаргасан. Мөн төсөвтэй холбоотой, төсвийн ачааллыг бууруулахад чиглэсэн нэг тодорхой асуудлыг хөндөж, тодорхой санал гаргасан.

-Тодорхой санал гаргасан гэлээ. Тухайлбал, ямар санал оруулсан юм бэ?

-“Монсам” гээд төсвийн дамжуулан зээлээр боссон зүү тариурын үйлдвэр байсан. Би энэ үйлдвэрийн талаар сайн мэддэг юм. Учир нь 1996-2000 онд намайг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж  байхад Засгийн газрын авсан зургаан тэрбум төгрөгийн зээлээр энэ үйлдвэр  ашиглалтад ороод ажиллаж байсан юм. Тэр үед импортоор нэг удаагийн зүү тариур оруулж ирэхийг хориглож, зөвхөн энэ үйлдвэрээс бүх эмнэлэгт зүү тариур нийлүүлдэг байсан. Бодлогоор ингэж дотоодын зах зээлээ хамгаалж, засаг өр тавьж босгосон үндэсний үйлдвэрээ дэмжсэн гэсэн үг. Гэтэл 2000 оноос хойш ямар юм болсон юм бүү мэд. Гаднаас зүү тариур оруулж ирэх замыг нь нээж өгөөд энэ үйлдвэрийг дампууруулсан. Жинхэнэ утгаар нь дампууруулсан. Одоо энэ үйлдвэрийн байр, эзэмшил газартайгаа хотын төвд байж байна. Тавьсан өр нь улсын төсөв дээр дамжуулан зээлдүүлсэн өр гээд тэр хэвээрээ 6.5 тэрбум төгрөг байж байна. Өрийг улсын төсвөөс гадагш нь төлчихсөн, үйлдвэрээ дампууруулаад Сангийн яам, Төрийн өмчийн хороо авлагаа авч чадахаа байсан гэсэн үг шүү дээ. Дампуурлын тухай хуулийн дагуу бол энэ үйлдвэрийн дампуурлыг аль хэдийнэ зарлаад, байр газрыг нь борлуулж эхний ээлжинд төсөвтэй тооцоо хийж дуусгах ёстой байсан. Үндэсний аудитын газар энэ асуудлыг энэ удаад төсвийн орлого нэмэгдүүлэх тодорхой санал болгож тавьсан.  Өмнө нь олон удаа аудитын санал дүгнэлт, албан шаардлага хэлбэрээр асуудлыг холбогдох байгууллагуудад тавьсан боловч хэрэгжихгүй байгаа учраас ийм алхам хийсэн. Төрийн өмчийн компаниудын ийм маягаар  авсан, хугацаа сунгасан, удааширсан гадаад дамжуулан зээлийн авлага төсөв дээр хуримтлагдсаар 1.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Эдгээр компаниудын авсан зээлийн талаар гадна талдаа хүлээсэн үүргийг төсөв хариуцаад л явж байгаа. Гадаадын зээлдүүлэгчдэд хугацаа сунгадаг, төлбөр удаашруулдаг гэсэн ойлголт байхгүй шүү дээ. 2016 оны төсөвт гадаад өрийн үйлчилгээний төлбөр 212.4 тэрбум төгрөгөөр тусгагдсан байна. Зээл авсан компаниудад үргүй зардал их гарч, санхүүгийн сахилга бат маш сул байгаа энэ үед тэдгээрийн бүртгэл, санхүүгийн тайлагнал төрийн аудитын хяналтын гадна талд гарах болж байгаа учраас бид энэ асуудлыг УИХ-ын анхааралд толилуулах шаардлагатай гэж үзсэн.

-Зардлаа бууруулахын тулд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулъя. Ирэх наймдугаар сарын 1-нээс шинэ бүтцээр ажиллая гэж байгаа нь зөв үү?

-Бүтцийн өөрчлөлт хийх, орон тоог цөөлөх замаар төсвийн зарлагыг  бууруулахыг хүн бүр л дэмжиж хэлж байгаа биз дээ. Яаж бүтцийн өөрчлөлт хийх вэ, орон тоог хэрхэн бууруулах вэ гэдэг чинь өөрөө асуудал шүү дээ. Энэ асуудлаар нэгдсэн ойлголтод хүрнэ гэдэг чинь өөрөө бас амаргүй. Хамгийн оновчтой, үр ашигтай бүтэц, орон тоо бий болгоно гэдэг бүр ч хэцүү асуудал, хүрэхийн тулд тэмүүлэх ёстой зорилт. Ганцхан удаа дайраад л хамгийн сайн хувилбарыг шийдчихнэ гэвэл хамгийн том алдаа нь тэр байх. Тийм учраас Засгийн газрын оруулсан төсөл зарчмын хувьд, өөрөөр хэлбэл, бүтцийн өөрчлөлт хийж,  яамдын тоог цөөлөх, агентлагийг нэгтгэх татан буулгах, орон тоог цомхотгох, зардал хэмнэх гэх мэт бодлогын том зорилтынхоо хувьд дэмжигдээд байгаа атлаа юуг, яаж, хэзээ гэдэг дээрээ уначихаад эргэж татан авахдаа хүрч байна. Энэ чинь сайтар бодож боловсруулж чадаагүй, дутуу дулимаг, асуудалд хандах хандлага зарчим нь буруу, ойлгуулж дэмжлэг авах тал дээрээ сул ажилласантай холбоотой. Жишээ нь, байгалийн баялаг, түүхий эдээ боловсруулж, эх орондоо нэмүү өртөг үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан бол арайхийж байгуулсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж болох уу, эсвэл улс орны эдийн засгийн хил гаалийн байгууллагыг төсвийн орлогыг хураадаг гол агентлагтайгаа нэгтгэчихсэн улс орон хаана байна вэ. Эсвэл мянга мянган залуучуудыг гараас нь хөтөлж аваачаад ажилд оруулдаг хөдөлмөрийн биржийг төсвөөс санхүүжүүлэхгүй байж болно уу гэхээс татан буулгаад ажил хайгчид үйлчилдэг биш ширээний ард суучихаад түүнийг загнаж сүрдүүлдэг захиргааны аппаратыг нь үлдээдэг тийм өөрчлөлт хийж болох уу гээд л шүүмжлээд байхаар төсөл байна лээ.

 Ер нь эдийн засаг хямралтай ч байсан, хямралгүй ч байсан, төсвийн орлого хүрэлцээтэй ч байсан, хүрэлцээгүй ч байсан удирдлага, захиргааны зардлыг  байнга оновчтой төвшинд барьж, өсгөхгүй  байх ёстой. Харамсалтай нь бид тэгж чадсангүй. Нэг жишээ хэлье. 1996-2000 онд дэд сайдгүй есөн яамтай Засгийн газар ажилласан. Одоо энэ бүтэц рүү эргэж орох санал яригдаж байна. Энэ жишээг, би өмнө нь нэг ярилцлагад хэлж байсан санагдаж байна. Би 2000 онд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа хоёр төрийн нарийн бичгийн дарга, хоёр дэд сайдад хувааж өгч байсан юм. Одоо тэр ажлыг гурван төрийн нарийн бичгийн дарга, дөрвөн дэд сайд хийж байх шив дээ. Жар гаруй орон тоотой нэг яам тус бүр нь тийм орон тоотой хоёр яам болж үржсэн нь одоо тус бүр нь 100 гаруй орон тоотой гурван яам болсон байна. Ийм маягаар удирдлага захиргааны орон тоо, зардлыг өсгөсөөр өнөөгийн бууруулах, цомхотгох гэдэг том асуудалтай тулгарсан хэрэг. Энд наймдугаар сарын 1-нээс гэсэн Засгийн газрын саналыг шүүмжилж байгаатай би санал нийлэхгүй. Дараагийн парламентын эрхэд халдлаа гэж байгаатай санал нийлэхгүй байгаа юм. Учир нь, ядаж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний төвшинд тогтвортой байх, залгамж чанар дамжин хадгалагдах боломжгүй болгож байгаа зүйл бол сонгууль бүрийн дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулийг шинэчлэн баталдаг практик юм.  Үүний муу талыг олон улстөрч тодорхой ярьж байгаа. Үндсэн хуульд хүртэл яамдыг нэрээр нь зааж өгье гэсэн санал гарч байгаа нь үүнтэй холбоотой гэж ойлгож байгаа.

Төрийн албан хаагчдын тоо 2012 онд 164 мянга орчим байсан бол 181 мянгад хүргэж төлөвлөсөн байна.  Үүний 90 мянга гаруй  нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарынхан бөгөөд эдгээр нь удирдлагын орон тоо зардалд хамаарахгүй. Цаана нь үлдэж байгаа 80 гаруй мянган орон тоо бол хязгаарлаж байх ёстой удирдлагын орон тооны зардалд хамаарах юм. Төрийн албан хаагчид хамаарах урсгал зардлыг авч үзвэл нэг албан хаагчид жилд 19 орчим сая төгрөг төсвөөс зарцуулахаар төлөвлөсөн байна

Төсвийн зарлагыг авч үзвэл, нийт төсөвт төрийн албан хаагчдын  цалин, нийгмийн  даатгал, урамшуулал 20 орчим хувь, бараа үйлчилгээний бусад зардал 15 орчим хувь байна. Үүнд боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарт ажиллагчдад төсвөөс олгож байгаа санхүүжилт багтаж байгаа. Тиймээс юуг яаж бууруулах вэ, ингэж бууруулснаар ямар зорилтыг хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал чухал. Орон тоог дорвитой цомхотгосноор удирдлагын зардлыг нэлээд сайн бууруулах боломж бий. Бүтцийн өөрчлөлт чухал ач холбогдолтой нь ойлгомжтой. Гэхдээ Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийх төслөө татаж авах гээд байгаа бололтой.

-Ер нь танайх санал дүгнэлтээ юунд тулгуурлаж гаргасан юм бэ. Асуудалд хэтэрхий гутранги байдлаар хандсан юм биш биз. Уг нь эдийн засгийн уналтын эсрэг хэрэгжүүлэх хамгийн гол бодлогын нэг нь Эдийн засгийн ил толд байдлын тухай хууль гэж баталсан шүү дээ?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль хэрэгжсэнээр хэдэн төгрөг орж ирэхийг хэн мэдэж байгаа юм бэ. Хэд орж ирэхийг нь мэдэхгүй байж, төдийг олоод төдийг нь зарцуулна гэж яаж төлөвлөх юм бэ. Төлөвлөж болохооргүй зүйл ш дээ. Төлөвлөгдөөгүй орлого л орж ирэх ёстой. Өнөөдөр 2015 он дуусах гэж байхад төсвийн тодотгол ярьж байна. Гадаад орчин нөхцөл, төсвийн байдлаас харахад 2016 онд нөхцөл байдал одоогийнхоосоо ч муудаж магадгүй. Эдийн засгийн уналтаас төсөвт тусах нөлөөллийг сайн ажиллаж энэ жилийн төвшинд барьж болно. Өөрөөр хэлбэл, одоо ярьж байгаа тодотгосон төсвийнхөө зарлага дээр дараа жилийнхээ зарлагыг барих хэрэгтэй. Ингэж чадвал арай бодитой болно.

-Танайхаас жил бүрийн төсөвт өгч байгаа саналыг УИХ бараг хүлээж авдаггүй санагддаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Манай саналыг Төсвийн байнгын хороо хүлээж аваад санал бүрээр нь ажлын хэсэг дээрээ ярьдаг юм. Хэдэн хувийг нь төсөвт тусгаж байна вэ гэдгийг бид тооцдог. Миний оруулсан хоёр удаагийн саналаас 60-70 хувийг нь хүлээн авсан. Энэ удаад хэдэн хувийг нь хүлээж авахыг мэдэхгүй байна. Төсөв хэлэлцээд дууссаны дараа хувийг нь тооцож гаргана.

-Танай саналыг ийм өндөр хувьтай оруулж баталсан төсөв хэрэгжихдээ бараг жил бүр нэг их наядаар тасарч байна. Үүний бурууг танай байгууллага үүрэлцэх ёстой гэж боддог уу?

-Үгүй. Тийм бодол төрөх үндэслэлгүй л дээ. Хууль хэрэгжүүлэх үүргийг Үндсэн хуулиар Засгийн газар, төсвийн орлого бүрдүүлэх үүргийг Сангийн яам хүлээдэг. Тэгэхээр хатуухан хэлэхэд энэ байгууллагууд чиг үүргээ муу хэрэгжүүлсэн л гэсэн үг.

-Улстөрчид хоорондоо муудалцахдаа “Танай тэр байгууллагад чинь аудит хийлгэнэ” гээд л нэг нь нөгөө рүүгээ дайрдаг. Танай байгууллага тэр хүмүүсийн яриад байгаа шиг ирсэн хүсэлт бүрийн дагуу аудит хийдэггүй биз дээ?

-Тэгж ярьдаг хүмүүс байдаг л байх. Гэхдээ ярьсан болгонд нь аудит хийнэ гэж  байхгүй л дээ. Манай байгууллагад хуулиар аудит хийх үүрэг болгосон дөрвөн төрлийн том ажил бий. Энэ нь төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, үндсэн чиглэлийн хэрэгжилт, төсвийн төсөл. Үүнээс гадна УИХ-ын Төсвийн байнгын хорооноос жилд 14-15 сэдвээр аудит хийлгэх захиалга-даалгавар ирүүлдэг юм. Нэлээд анхаарал татсан эрсдэлтэй асуудлуудад аудит хийх даалгавар өгдөг гэсэн үг. Тухайлбал, Засгийн газрын тусгай сан, төрийн өмчит компани зэрэгт аудит хийлгэдэг. Энэ дотор хэн нэгэн хүн хувийнхаа ашиг сонирхлын үүднээс аудит хийлгэх байгууллагад багтаагаад явуулна гэж байхгүй байх аа. Санал гаргалаа ч гаргасан саналыг нь Төсвийн байнгын хорооны гишүүд олуулаа хянаад аудит хийлгэх эсэхийг шийддэг хуультай.

-Иргэд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийлгэхээр танайд хандсан. Танай байгууллага энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй юү?

-Манай байгууллагыг хөндлөнгийн хяналт тавина гээд хуульд заачихсан байгаа. Монгол Улсад санхүүгийн баримтад шалгалт хийдэг найман давхар хяналт байна. Мөнгөний зарцуулалтыг хянадаг хяналт гэсэн үг. Нэгдүгээрт, гүйлгээ хийхээс өмнө баримтыг нь шалгаж үздэг хяналт. Энэ бол төрийн сангийн хяналт. Хоёрдугаарт, гүйлгээ хийнгүүт ард түмэнд ил болгочихдог шилэн данс. Гуравдугаарт, Төсвийн шинэ хуулиар олон улсын жишгийн дагуу Засгийн газар, аймгийн Засаг дарга нарт дотоод аудит бий болгож өгсөн. Дөрөвдүгээрт, гадаад буюу хөндлөнгийн аудит. Энэ бол манай байгууллагын хяналт гэсэн үг. Тавдугаарт, ТӨХ-ны санхүүгийн хяналт. Зургадугаарт, татварын албаны хяналт. Долдугаарт, нийгмийн даалгал, наймдугаарт, мэргэжлийн хяналтын санхүүгийн хяналт. Уг нь мөнгө хаашаа ч бултахааргүй торон хяналт байгаа биз. Энэ олон хяналт дотроос шилэн дансны хяналт маш чухал. Энэ ч утгаараа хөндлөнгийн хяналтыг нь манайд хариуцуулсан байх. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэгдүгээр улирлынх нь дүнгээр бид төсвийн захирагч нарт хөндлөнгийн аудит хийсэн. Зургадугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газраас эхний улиралд Шилэн дансны тухай хууль хэрхэн хэрэгжсэн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан. Би тэр уулзалт дээр эхний улирлын хяналтынхаа дүнг танилцуулсан. Хамгийн гол нь Засгийн газарт “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт ийм байна шүү. Ийм ийм зүйл дээр анхаараарай” гээд зөвлөмж өгсөн. Үүн дотор гадаадын хөрөнгө оруулалттай төрийн өмчийн компани, бизнесийн байгууллагууд энэ хуулийг яаж хэрэгжүүлэхийг арга зүйн хувьд шийдээгүй байгааг хэлсэн. Тухайлбал, “Эрдэнэт”, “Монросцветмет”, “Улаанбаатар төмөр зам” зэрэг аж ахуйн нэгжүүд. Зах зээл дээр өрсөлдөж байгаа компаниудын мэдээллийг шууд ил болгож болох уу. Тиймээс аль хүрээнд нь ил болгох ёстой вэ, аюулгүй байдалд нь нөлөөлөх үү гэх мэтийг анхаарах ёстой. Магадгүй өрсөлдөгч нь ил болж байгаа мэдээллээр нь дамжуулаад дампууруулах тактик боловсруулаад дампууруулчихвал хариуц-лагыг нь хэн хүлээх юм бэ. Энэ асуудлуудыг гадаадын хөрөнгө оруулагчид нь шууд босгож тавьдаг юм байна лээ. Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөх нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын үүрэг. Харин компанийн нууцлалыг хадгалах нь улсын эрх ашгийн асуудал. Иймд эдгээр асуудлыг арга зүйн  хувьд нь шийдээд мэргэжлийн болоод зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж хуулийг мөрдөхийг Засгийн газарт зөвлөмж болгосон.

-Хууль хэрэгжүүлэх журмаа улам боловсронгуй болгох ёстой гэсэн үг үү?

-Тийм. Ямар хүрээ хязгаарт хэрэгжүүлэхээ тодорхой болгох ёстой гэсэн үг. Засгийн газар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг өнгөрсөн наймдугаар сард шалгаад дүнг нь есдүгээр сард хуралдаанаараа хэлэлцээд тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцсон. Тухайлбал, шилэн дансны тайлангаа ирүүлээгүй зөрчлөөр нь гурван яамны төрийн нарийн бичгийн дарга, гурван аймгийн Засаг даргад хариуцлага тооцсон. Одоо манайх өмнө нь өгсөн зөвлөмж  болон хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгах аудит эхэлчихсэн явж байгаа.

-Жилд хоёр удаа шалгалт хийх ёстой юм уу. Одоо хийж байгаа шалгалтын чинь дүн хэзээ гарах вэ?

-Хоёр удаа шалгалт хийх хууль журмын зохицуулалт байхгүй л дээ. Хууль хэрэгжиж буй эхний жил учраас жигдэртэл нь ингэж ажиллаж байгаа юм. Одоо хийж буй шалгалтын дүн нэгдүгээр  сард гарна. Ирэх оны зургадугаар сарын 1-нээс шилэн дансны хяналтын шинэ цахим хуудас ажиллаж эхэлнэ. Нэг сумын бүх төрийн байгууллага цахим хуудастай байх нь зардал өндөртэй гэж үзэж байгаа бол нэг л цахим хуудастай, түүндээ бүх байгууллагынхаа шилэн дансны мэдээллийг багтааж болно. Тухайлбал, Булган аймгийн Рашаант сум энэ туршлагыг хэрэгжүүлсэн байна лээ. Сумынхаа цахим хуудсанд бүх байгууллагынхаа шилэн дансны мэдээллийг багтаачихсан байгаа.

-Эхний улирлын хэрэгжилтэд нь аудит хийхэд маш их зөрчил илэрсэн гэж ойлгож болох уу. Тухайлбал, хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын тэргүүн өөрөө шилэн дасны тайлангаа гаргаагүй байсан юм биш үү. Хэрэв тийм бол тухайн үедээ яагаад энэ тухай шуугиан дэгдсэнгүй вэ?

-Хууль дөнгөж шинээр хэрэгжиж эхэлж байсан учраас нэлээд цочирдолтой, хэрэгжүүлэх гэж хичээсэн байдалтай байсан. Гэхдээ олон зөрчил илэрсэн. Шалгалтын дүгнэлт нь манай цахим хуудсанд ил байгаа шүү дээ. Одоо яригдаад байгаа зөрчил бүгд тэр шалгалтаар илэрснийг олж харж болно.

-Тэгвэл одоо нэг хүн эрийн сайндаа олоод гаргачихсан юм шиг л яриад байгаа шүү дээ?

-Шилэн данс хэнд ч ил байгаа. Бидний гаргасан дүгнэлтийг ямар ч байдлаар ашиглаж болно л доо. Тэр хүн бол улс төрийн зорилгоор ашиглаад байх шиг байгаа юм. Улстөржүүлэхээс аргагүй. Тэр хүн чинь намын  Бага хурлын гишүүн юм билээ. Нэг иргэн манайд хандсан даруйд нь гүйж очоод нөгөө байгууллагыг нь заамдаад авна гэж байхгүй шүү дээ. Албаны ажил явдгаараа л явна. Төлөвлөгөөндөө оруулаад шалгаад л явна гэсэн үг. Тэр хүн иргэнийхээ хувьд бол баяр хүргэмээр их тус болж байгаа ш дээ, Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд.

-“Эрдэнэт” үйлдвэр Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа гэлээ. Энэ үйлдвэрийн санхүүтэй холбоотой бас нэг мэдээлэл гараад байгаа. Ногдол ашгаа ОХУ-ын талд өгөхгүй байгаа гэдэг мэдээлэл. Танайх үүнд нь шалгалт хийж үзсэн үү?

-Ерөнхий аудитор “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдээлэл өгөх гэж байна гэсэн хуурамч зар өнгөрсөн долоо хоногт цахим хуудсанд тавигдсан юм билээ. Би тийм зар өгөөгүй. Асуудлыг улстөржүүлж байгаа хүмүүс л өгсөн байх. Энэ хуурамч зарын мөрөөр өнгөрсөн пүрэв гаригт зургаан телевиз ярилцлага авах гэж ирсэн. Манай дэд дарга хүссэн асуултад нь хариулт өгсөн.

-Үнэн бодитой мэдээлэл нь юу юм бэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашгийг аваад идчихлээ гээд л шуугисан. Тэр ногдол ашиг нь “Эрдэнэт” үйлдвэрийн санхүү бүртгэлд тусгагдаад, тайлан баланс дээр тайлагнагдаж баталгаажаад  өгөх ёстой мөнгө хэлбэрээр явж байгаа. Хоёрдугаарт, тэр мөнгөө тусад нь хадгаламжид хийчихсэн тухай ойлголт байхгүй. Төлөгдөөгүй байсан талаар бол Засгийн газрын ажилтан тодорхой тайлбар өгсөн байна лээ. Төлөх ёстой цаг нь ирэхээр төлөөд л явна гэж ойлгож байгаа.

-Ногдол ашгаа ОХУ-ын талд өгөхгүй дарга нар нь хувьдаа ашиглаад байгаа тухай мэдээлэл гарсан шүү дээ?

-Тэр мөнгийг хэн нэг хүн хувьдаа ашиглана гэсэн ойлголт байхгүй гэж бодож байна. Наадах чинь энэ талаар ямар ч мэдээлэлгүй, зүгээр үймүүлэх л гэсэн хүмүүсийн мэдээлэл. Тухайн үедээ ОХУ-ын тал “хувьцаа эзэмшигч нь солигдож байгаа учраас авах болоогүй байна” гэсэн учраас төлбөр хийгдээгүй гэсэн тайлбар аудитын үед өгч байсан юм билээ. Түүнээс биш манай тал мөнгийг нь хувьдаа ашиглах гээд байлгаад байсан, эсвэл төлбөрийн чадваргүй болчихоод төлөхгүй байсан юм биш. Санхүүгийн чадвар нь хэчнээн муудсан ч гэсэн ногдол ашиг төлөхөөс татгалзана гэж байхгүй. Өнгөрсөн оны эхний хагаст дууссан ОХУ-ын Тооцооны танхим, манай байгууллагын хамтарсан аудитаар “Эрдэнэт” үйлдвэрийн харилцах дансны байдал тэр мөнгийг төлөх чадвартай байсан. Харин одоо төлөх чадвартай байна уу, үгүй юү гэдгийг хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл аудитын шалгалт хийж үзээгүй байна. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн чадварын хувьд суларсан уу, гэвэл суларсан. Олборлосон нэг тонн зэсийн баяжмалаа 9-11 мянгаар борлуулж байсан бол одоо 4500-гаар борлуулж байгаа. Орлого нь өмнөхөөсөө 50-иас ч илүү хувиар буурсан гэсэн үг. Тэгсэн хэрнээ гардаг зардал нь хэвээрээ байгаа. Энэ тухай үнэн бодитоор мэдээлэл өгөхөд нэг ч телевиз нь гаргаагүй юм. Ганц хоёр цахим хуудсанд мэдээ гарсан чинь буцаагаад устгуулчихсан байна лээ. Өөрөөр хэлбэл, манайхаас өгсөн мэдээлэл худлаа мэдээлэл гаргаад байгаа хүмүүст таалагдаагүй юм шиг байна лээ. Бодитой үнэн мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа үйлдлийг нь би улстөржилт гэж хараад байгаа юм.

-Таны үзэж байгаагаар тэр хүмүүс нь хэн юм бэ?

-Тэрийг хэлж мэдэхгүй.

-Таныг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдохоор УИХ-д орж ирэхэд нэг гишүүн “Энэ хүн Өвөрхангайнх юм байна. З.Энхболд нутгийнхаа хүнийг ерөнхий аудитороор томилуулах гэж байна” гээд хардсан байдалтай ярьж байсан. Та УИХ-ын даргатай хувь хүнийхээ хувьд ямар харилцаа холбоотой байдаг вэ?

-Тэр хүн чинь АН-ын дарга, лидерүүдийн нэг шүү дээ. Гэхдээ би одоо төрийн албанд ажиллаж байгаа учраас намын гишүүнчлэлээсээ түдгэлзчихсэн. Ямар нэгэн улс төрийн зорилгоор ажилладаггүй. Тиймээс намын дарга нь, нутгийнх нь хүн гэж харахаасаа илүү манай байгууллагыг хариуцдаг, намайг томилдог байгууллагын дарга гэдэг өнцгөөс харах хэрэгтэй. Энэ өнцгөөс нь харах юм бол цэвэр албаны харилцаа. Би хуулиараа тэр хүнд ажлаа тайлагнаж, удирдамж чиглэл авч ажиллах ёстой. Намайг энэ байгууллагын даргаар томилогдсоноос хойш УИХ-ын даргын зүгээс хувийн зорилгоор “Үүнийг шалгаад ийм дүгнэлт гаргаад ир” гэж нэг ч удаа хандаагүй. Үүнийг баталгаатай хэлнэ. Хувь хүнийх нь хувьд З.Энхболд даргыг танина. Өвөрхангай аймгийн харьяат УИХ-ын бүх гишүүнийг танина. Надад хэн нэгэн хүний хүн байх шаардлага байхгүй. Төрийн албанд 40-өөд жил өөрийнхөө бодол, итгэл үнэмшлээр зүтгэж ажлыг нь амжуулсаар явна.

-Төсвийн төсөлд хийсэн дүгнэлтдээ Тавантолгой, Оюутолгойг 2016 онд урагш нь явуулж чадахгүй гээд оруулчихаар чинь зарим хүн “Энэ З.Энхболдын хүн угаасаа ингэж л дүгнэнэ” гэж ойлгох болов уу гэж бодлоо...

-Би урагшаа явна, явахгүй гэж хэлээгүй шүү дээ. Ондоо багтаж төсөвт орлого орж ирэх нь эргэлзээтэй л гэж байгаа. Энэ оны төсөвт ч гэсэн Тавантолгой, Оюутолгойгоос орлого орж ирнэ гээд л төлөвлөсөн. Гэтэл яагаад орж ирсэнгүй вэ. Үүнийг тойрсон улс төрийн хэрүүлтэй л холбоотой шүү дээ. Манай байгууллага бол тэр улс төрийн асуудалд хутгалдаж ажилладаг газар биш.

-Завхан аймгийн ерөнхий аудиторыг ажлаас халсан шийдвэрийг чинь бүх шатны шүүх хууль бус шийдвэр гэж үзээд танд 5.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Та шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үү?

-Шүүхийн анхны шийдвэрийг нь биелүүлээд буцааж ажилд нь томилсон. Бас төрийн албаны хуульд заасан журмын дагуу тэр хүн шүүхээс тогтоосон цалингаа нөхөж авсан. Би тэр хүнийг яагаад ажлаас чөлөөлсөн бэ гэхээр намайг ажил авсны дараа Завхан аймгийн ИТХ-ын дарга нь чөлөөлж өгөөч гэсэн албан бичиг ирүүлсэн юм. Орон нутгийн сонгуулийн дараа шинээр сонгогдсон ИТХ-ын дарга нь бас огцруулж өгөөч гэсэн бичиг ирүүлсэн. Эрх бүхий хоёр ч хүн ийм санал ирүүлэхээр нь энэ хүнийг чөлөөлөх ёстой юм байна гэж үзээд материалыг нь судалсан юм. Гэтэл сонгон шалгаруулалтад оролгүйгээр томилогдсон, ажлын байрандаа архи уудаг, улстөрждөг тухай бичсэн байсан. Тиймээс ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл “Би ерөнхий аудитор байх ёстой” гэж шүүхдээд гурван шатны шүүх түүний талд шийдвэр гаргачихаар нь 2013 оны арваннэгдүгээр сард буцаагаад ажилд нь томилсон. Дараа нь 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн аудитын тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэн юм. Хуульд орсон өөрчлөлтөөр аймгийн ерөнхий аудитор, улсын ерөнхий аудиторын орлогч гэдэг албан тушаал ч байхгүй болсон. Хуульд заасан орон тоо нь байхгүй болсон учраас би бүх аймгийн ерөнхий аудиторыг ажлаас нь чөлөөлсөн. Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу аймгийн аудитын газрын дарга буюу тэргүүлэх аудитор гэдэг албан тушаал бий болсон юм. Тэр орон тоон дээр би Завхан аймгийн ерөнхий аудиторыг томилоогүй. Яагаад гэвэл, бүр өмнөх сонгон шалгаруулалтад нь оролцоод шаардлага хангачихсан хүн нь гомдол гаргасан, сонгон шалгаруулалтад дахиж оролцох хүсэлт гаргасан учраас тэр хүнийг нь дахин сонгон шалгаруулалтаар томилсон. Гэтэл одоо “Намайг аймгийн аудитын газрын дарга буюу тэргүүлэх аудитороор томилсонгүй” гээд дахиад шүүхдээд өөрийнх нь талд шийдвэр гарсан. Би шүүхийн шийдвэрийг нь одоо болтол хэрэгжүүлж чадахгүй сууж байна л даа.

-Яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Шүүхийн шийдвэр гарсан л бол хэрэгжүүлэх ёстой биз дээ?

-Шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэхээр би хууль зөрчсөн шийдвэр гаргачих гээд байгаа юм шиг хэцүү байдалд орчихоод байгаа юм. Хуулийн дагуу байхгүй болсон орон тоон дээрээс нь чөлөөлсөн миний шийдвэрийг шүүх хууль бус гээд хүчингүйд тооцсон. Тэгэхээр чинь би тэр байхгүй болсон орон тоон дээрээ Уламбаяр гэдэг хүн хэвээрээ байгаа гэж ойлгох юм уу. Тэгсэн хэрнээ Завхан аймгийн  аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын албан тушаалд нь “эргүүлэн томилсугай” гээд шийдвэр гаргачихсан. Өмнө нь хэн ч ажиллаж байгаагүй шинэ хуулиар бий болсон албан тушаалд би тэр хүнийг яаж “эргүүлэн” томилох юм бэ. Ийм л юм болоод байгаа юм.

-Та Завхан аймгаас бусад бүх аймгийн ерөнхий аудитороор ажиллаж байсан хүнийг тэргүүлэх аудитороор томилсон юм уу. Эсвэл Уламбаяр шиг томилогдоогүй үлдсэн хүн бий юү?

-Зургаан хүн бий. Бүгдийнх нь асуудлыг шийдээд явсан.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанид хийсэн аудитын шалгалтын дүн тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байлаа. Түүнээс хойш аудит хийсэн аж ахуйн нэгжүүдээс чинь томоохон зөрчил илрээгүй юү?

-Шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд шаардлага тавьж зөрчлийг нь арилгуулах, тайланг нь өөрийнхөө цахим хуудсанд тавих, УИХ-д явуулах зэрэг ажлыг тухай бүрт нь хийдэг. Бүх мэдээллийг нь олон нийтэд ил болгочихдог гэсэн үг.

-Та ажилчдаа ямар нэгэн нөлөөнд автаад улс төрийн зорилготой дүгнэлт гаргачих вий гэдгээс болгоомжилдог уу. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр “Нүүрс” хөтөлбөрт аудит хийсэн аудитор буруу дүгнэлт гаргасан гэх шүүмжлэл гарч байсан шүү дээ?

-Аудит олон улсын стандартын дагуу хийгдэж байгаа зүйлийг байгаагаар нь л гаргах үүрэгтэй. Энэ үүргээсээ хазайдаггүй. Аудиторуудыг стандартаа мөрдөж байгаа эсэхийг хянадаг хяналтын тогтолцоо ажилладаг. Аудитын явцад бүх зүйл нууцлалтай явдаг. Гарсан дүгнэлтээ хэнээс ч нуудаггүй бүх хүнд нээлттэй болгодог учраас түүнийг аваад улс төрийн зорилгод ашигладаг тохиолдол их гардаг. Ингүүлэхгүй гээд одоо яах билээ дээ. Түүнээс айж эмээгээд байх ямар ч шаардлага байхгүй. Харин тэр таны асуусан "Нүүрс" хөтөлбөрийн хувьд бол “Багануур” хувьцаат компани, "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хоёр компани дээр байсан бүртгэл, санхүүгийн баримтыг үндэслэн хийсэн аудитын тайлан, гаргасан дүгнэлт болохоос өөр ямар нэг зорилготой хийсэн зүйл биш. Тэр дүгнэлт дотор хэрэгт холбогдсон хүмүүсийн тухай нэг ч үг, үсэг байхгүй. Аудит хийсэн процессыг нь, гаргасан дүгнэлтийг нь хангалттай их улстөржүүлсэн. Харин аудитор улстөржсөн үйл ажиллагаа явуулсан уу гэвэл, тийм зүйл байхгүй.

-Тийм байх ямар ч үндэслэлгүй юү?

-Ганцаараа дур зоргоороо хийдэг ажил биш шүү дээ. Хэдэн давхар хяналттай ажилладаг юм. Хэрвээ мөрддөг олон улсын стандартаа зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой.

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна