Беларусын эсрэг хоригоо цуцаллаа

2015 оны 10 сарын 30

 

Европын холбоо Беларусын эсрэг тавьсан хоригийнхоо дийлэнхийг цуцалжээ. Европын холбоо Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко болон бусад 170 хүний эсрэг хөрөнгө царцаах, визний хоригийг цуцласан байна. Гэхдээ зэвсгийн худалдаа болон Лукашенкогийн хамгаалалтын албаны дөрвөн хүний эсрэг хоригоо хэвээр үлдээжээ.

 

Беларусын засгийн газар өнгөрсөн наймдугаар сард сүүлчийн зургаан улс төрийн хоригдлыг сулласан нь Европын холбооны шийдвэрт  нөлөөлсөн аж. Түүнчлэн АНУ-ын зүгээс Беларусыг хүний эрх, ардчиллын үзүүлэлтээ сайжруулах алхам хийвэл хоригоо зөөлрүүлнэ гэж мэдэгджээ.

 

Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-аас санхүүгийн хараат байдлыг багасгахыг зорьж буйгаа өмнө нь мэдээлж байсан юм. Харин ОХУ-ын зүгээс Беларуст агаарын цэргийн баазаа байршуулах хүсэлтэй байгаа аж.

 

Өдгөө 61 настай Александр Лукашенко аравдугаар сарын 12-нд болсон Беларусын ерөнхийлөгчийн сонгуульд 83.5 хувийн саналаар ялалт байгуулж, улиран сонгогдсон юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна