Нийслэлчүүд тавдугаар сараас дахин газар өмчилнө

2015 оны 10 сарын 30

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар ирэх онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 68 байршилд газар өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. Эдгээр 68 байршлын дэд бүтэц, газарзүйн байрлал зэрэгт судалгаа, шинжилгээ явуулсны дүнд сонгожээ. Ингээд ирэх оны тавдугаар сараас иргэдэд гэр бүлийн хэрэгцээгээр өмчлүүлэхээр болж байна.

Тодруулбал:

  • Сонгинохайрхан дүүргийн 12 байршилд 2000 гаруй га
  • Хан Уул дүүрэгт гурван байршилд 421.6 га
  • Налайх дүүргийн дөрвөн байршилд 3600 гаруй га
  • Багахангай дүүргийн 17 байршилд 3800 гаруй га
  • Багануур дүүргийн 32 байршилд 11 мянга гаруй га газрыг ирэх онд иргэдэд өмчлүүлэхээр боллоо.

Газар өмчлөлтэй холбоотой иргэдийн санал гомдлыг ч энэ үеэр хэлэлцэв.

Иргэний гомдол 1:

Хотын захад, ямар ч дэд бүтэцгүй газрыг өмчлүүлж байна. Хэзээ дэд бүтэцтэй болох нь тодорхойгүй. Нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэг, тог цахилгаанаас эхлээд хүндрэлтэй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Гомдлын мөрөөр хотын дарга Э.Бат-Үүл ийнхүү хариулж байна.

Хотын даргын хэлснээр ямар ч тооцоо судалгаагүй, хаа хамаагүй газрыг иргэдэд өмчлүүлээгүй гэдгийг онцлов. Цаашид дэд бүтцийн шугамд холбох, тооцоо судалгаатайгаар газруудыг сонгосон гэв. Гол нь газар өмчлүүлэх нь өөрөө нүсэр ажил. Тиймээс цаашид дэд бүтэцжүүлэх ажилд хувийн хэвшлийнхнийг ч татан оролцуулна гэдгийг мэдэгдэв.

Иргэний гомдол 2:

Нийслэлийн иргэдэд газар нь хүрэлцэхгүй. Газар нэмж өмчилье гэсэн ч хэтэрхий хол газар байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Мэдээж нийслэлийн иргэдэд газрын нөөц боломж хүрэлцэхгүй. Хуулиараа бол заавал нийслэлд гэлтгүй, орон нутагт ч газар өмчлүүлэх боломжтой гэдгийг сануулав.

Газар өмчлөлийг жилд таван хувиар ахиулна

Нийслэлийн сая гаруй иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх учиртай. Тэгвэл өнөөдрийн байдлаар 70 мянга орчим иргэнд газар өмчлүүлээд байна. Харин эдгээрийн 90 хувь нь газраа өөрийн болгож авах нь тодорхой болжээ. Гол нь иргэдийн хувьд газрынхаа бичиг баримтыг хөөцөлдөх, хамгаалах тал дээр хойрго хандаж буйг өнөөдөр болсон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдааны үеэр албаныхан онцлов. Түүнээс биш иргэдэд газар өмчлүүлэх ажил төлөвлөсөн хугацаандаа үргэлжилж байгааг хэлсэн юм. Нийслэлийн удидлагуудын мэдээлж буйгаар газар өмчлөлийн ажлыг жилд таван хувиар нэмэхээр тооцжээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна