Гацууртын ордын асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ

2015 оны 10 сарын 30

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин, “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулган руу шилжүүллээ. Уул уурхайн сайдын танилцуулснаар УИХ Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах шийдвэрийг 2015 оны нэгдүгээр сард гаргасан. Одоо харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохоор оруулж ирсэн. Ерөнхий сайдын 2015 оны 56 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээ хийлсэн. Хэлэлцээний үр дүнд төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар, мөн дээрх хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр 3 хувиар орлуулахаар тогтсон. Алтны үнэнээс хамаарч энэ 3 хувь өөрчлөгдөж байхыг, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэж байхаар тус тус тохирчээ.

Ерөнхий сайдын 2015 оны 200 дугаар захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийж “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан байна. Уг хэлэлцээрийн үргэлжлэлийн үр дүнд төсөлд шаардлагатай анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая ам.доллар хүртэл бууруулжээ.

Мөн тус ордын талбайд сүүлийн үед хууль бусаар алт олборлогч иргэд ихээр дайран орж олборлолт явуулах болсон нь аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Иймд Гацууртын үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг яаралтай тогтоох шаардлагатай байгааг энэ үеэр тодотгов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга, Х.Болорчулуун нар өмнөх хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд дараагийн долоо хоног болгон хойшлуулсан байтал өнөөдөр яаралтай оруулж ирсэн нь хардлагыг дэврээж байна. Иймд хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна гэсэн юм. Улмаар Г.Уянга гишүүн хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан санал хураалгасан ч олонхийн дэмжлэг хүлээгээгүй.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, асууж саналаа хэлснээр энэ асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болоод байна.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна