Мэргэжлийн тамирчид хөлбөмбөгийн спортоор амьдрах боломжтой болно

2015 оны 10 сарын 30

Улс эх орны нэр төрийг дэлхийд таниулах хэд хэдэн хүчин зүйл байдгийн нэг нь спорт юм. Харин тэрхүү спортын төрлүүд дундаас үзэгчдийн хамрах цар хүрээ, ач холбогдол өндөртэй нь яахын аргагүй Хөлбөмбөг билээ. Хүүхэд байхаасаа гудамжинд бөмбөг өшиглөж ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ? гэж асуухад зурагтаар хардаг ОД тоглогч шиг хөлбөмбөгийн тамирчин болно гэж хариулдаг. Гэхдээ Монголд тийм биш байлаа. Тийм цаг нь дөнгөж саяханыг хүртэл байгаагүй юм шүү. Монголчууд эрэгтэй хүүхэд төрвөл бөх болгоно, эмэгтэй хүүхэд төрвөл эмч болгоно гэж өвөр зуураа ярилцдагтай адил Англи улсад хүү төрвөл яахын аргагүй хөлбөмбөгчин. Англи ч гэхдээ бага жишээ. Дэлхийн 5 удаагийн аварга Бразил улстай энэ талаар юу ч ярихав. Мэдээж тэр олон дундаас авьяас чадвартай нэгэн нь тодорч өөрийн түүхээ бүтээж, тэр хэмжээгээрээ амьдралын чадавхиа дээшлүүлдэг гэж хэлж болно. .......

Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчид оролцдог дээд лиг өнгөрсөн жил 18 сая төгрөгийн шагналын сантай байсныг хүн бүр мэдэж байгаа. Түүнийг багууд 8 сая, 6 сая, 4 сая гэж хуваан авдаг байсан. 8 сая төгрөгийг 22 хүн хуваахад хэд оногдох билээ. Бүтэн зуны турш хөдөлмөрлөж ийм хэмжээний мөнгийг авж, хэрвээ амжилт гаргаж чадвал амьдралд бага  ч гэсэн тустай. Авж чадаагүй нэгэн нь ер нь хөлбөмбөгөөр яваад миний амьдралд юу өөрчлөгдөв гэр бүлээ тэжээж чадах уу ? гэсэн асуулттай наад зах нь тулгарч эхэлнэ. Тиймээс давхар ажил хийж хэрэглээгээ хангах шаардлага гарна. Харин үүний үр дүнд тухайн тамирчин бэлтгэлээ бүрэн хангаж чадахгүй, тэр чинээгээрээ амжилт үзүүлэх нь ч буурах сөрөг тал олон бий.

Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбоо энэ жил шинэ Ерөнхийлөгчөө сонгон цаг алдалгүй тун хурдацтайгаар хэд хэдэн ажлуудыг эхлүүлсэн. Мөн улсынхаа нэр төрийг хамгаалах үндэсний хэмжээний дээд лигээ олонд таниулж өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд яахын аргагүй шагналын санг нэмэгдүүлэх болсон. Харин энэ бүх хүслийг нэгэн зэрэг биелүүлсэн газар нь хүнсий манлай үйлдвэрлэгч “Арвайн Үндэс” компани байлаа. Тэд дээд лигийн шагналын санг 100 саяд хүргэж түрүүлсэн багт 40 саяыг, удаах байранд 30 сая, гутгаар байрт орсон багийг 20 саяар шагнаж цаашлаад шилдгээр тодорсон тамирчдад 2 сая төгрөгийг олгож эхэлсэнээр хөлбөмбөгөө амьдралаа болгож байнгийн бэлтгэл сургуулилт хийх тэрхүү боломжийг бодит болголоо.

Тиймдээ ч тэмцээнд оролцож хүчээ сорих, амжилтын төлөө хамтдаа тэмүүлэх баг тамирчдын тоо эрс нэмэгдлээ. Хөрөнгө хүч хаяж чадахгүйгээр тамирчдаас амжилт нэхэх хэцүү гэдгийг бид бүхэн зөвхөн хөлбөмбөг биш спортын бүхий л төрлүүдээс анзаарч болно. Монголд харамсалтай нь ийм хангалттай шан харамж амлаж өгж байсан нь  байгаагүй. Тусгаар тогтнолоо 1921 онд зарлаж Ардчилсан нийгэмд 1990 онд шилжсэнээс хойш анх удаа л бид бүхэн ийм том шагналын сантай,  тамирчдыг жинхэнэ утгаар нь дэмжсэн үйл явдлыг харлаа. Сайн сайхан бүхний гэрч болж чадлаа. Тэмцээн эхлэхээс  өмнө 100 сая төгрөг гэсэн том тоог  сонссон хүн бүр л үүнийг  үлгэрийн юм хэмээн шивнэж байсан бол одоо ам бардам дуу нэгтэй тэд өгч чадсан гэж ярихыг сонслоо. Ирэх гурван жилийн хугацаанд ч энэ шагнал хүрэх эзнээ  хүлээж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна