Б.Бямбасайхан: Оюу толгой бол Монголын компани

2015 оны 10 сарын 30

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтыг хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий банкууд, хөгжлийн байгууллагуудтай эцэслэх шатандаа орсон гэж Ерөнхий сайдын “Шийдлийн цаг”-аар мэдээлэл хийсэн. Оны өмнө санхүүжилт шийдэгдэх үү?

-Оюу Толгой дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг уурхай болж чадсан. Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, Оюу Толгой төсөлд нэн шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газрын зүгээс болон холбогдох байгууллагуудаас олгосон. Гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэхэд хувь нийлүүлэгч болох Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлагатай бүх алхмуудыг цаг хугацаанд нь хийгээд явж байна. Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхуүжилтийн эхний ээлжийн 4.2 тэрбум ам.долларыг олон улсын 19 банк, санхүүгийн байгууллагаас зээлэх ажлыг 2015 онд багтаан эцэслэх боломж бий. Одоо процедурын шатандаа явж байна.

-Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Оюу Толгойн санхүүжилтыг энэ ондоо багтаад шийдлээ гэхэд энэ мөнгө Монголын эдийн засагт хэзээ орж ирэх вэ?

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт эхнээсээ ороод эхэлчихсэн.. 2015 онд Оюу Толгой дотоодын эдийн засагт 800 гаруй сая ам.долларыг оруулж ирэх төлөвлөгөөтэй ажилж байна. Есдүгээр сарын байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Оюу Толгойн оруулж ирсэн ам.доллар дотоодын эдийн засагт цалин, татвар болоод зарцуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засагт шууд бус эерэг нөлөө бий болж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт ойрын зургаан жилд хийгдэнэ. Энэ бол гадаадаас хөрөнгө оруулалт гэж орж ирэх мөнгө юм.

-Гүний уурхайн санхүүжилт шийдэгдэх нь хүндрэлд ороод байгаа эдийн засгийг сэргээнэ гэсэн хүлээлт нийгэмд байгаа. Эдийн засагт бий болгох эерэг нөлөөллийг та яаж төсөөлж байна вэ?

-Өнөөдөр олон улсын арилжааны болон хөгжлийн банкууд хамтраад уул уурхайн салбар дахь хамгийн том төслийн санхүүжилтын зээлийн багцыг Монголд өгч байгаа. Олон улсын зах зээлээс том хэмжээний санхүүжилт татаж чадаж байна гэдэг бол төсөл өөрөө сайн, стандартад нийцэж байгаагийн илрэл. Оюу Толгойн гүний уурхайн ажил эхлэхээр Монголын эзэмшлийн 34 хувь үнэд орно гэсэн үг. Гүний уурхайн санхүүжилт шийдэгдэхэд Түркойз Хилл компанийн хувьцааны үнэ өсч байгаатай адил бусад олон улсын хөрөнгийн бирж дээр гаргасан Монголын компаниудын хувьцааны үнэ өснө. Ингэснээр Монголд итгэх итгэл сэргэж гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж бизнесийн шинэ боломжууд нээгдэнэ гэж манай эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн тооцоолж байгаа. Энгийнээр тайлбарлавал Оюу Толгой төсөлд санхүүжилт хийж буй банкууд, хөгжлийн байгууллагууд Монгол хэмээх “хаалттай” зах зээлийг олон улсад нээж байгаа хэрэг. Оюу Толгой өнөөдрийн байдлаар 10 тэрбум ам.долларын балансын үнэлгээтэй компани. Түүний 34 хувийг Монгол эзэмшдэг гэхээр 3.4 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг бий болгосон гэсэн үг. Нэг талдаа зээл авч байгаа ч нөгөө талдаа ийм үнэ цэнэ бий болгожээ. Монголыг зорих хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байна.

-Оюу Толгойн анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас 3,4 тэрбум ам.доллараар хэтэрсэн, ногдол ашиг хойшлогдож байгаа гэж бие даагчдын зүгээс мэдэгдэл хийсэн. Энэ ямар учиртай вэ?

-Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д тусгаснаар Оюу Толгой төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. Гэвч аливаа бүтээн байгуулалт, барилга угсралт, уул уурхайн төслүүдэд учирдаг зардлын өсөлт ч энэ төслийг тойроогүй. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудас цахилгаан станц барих зэрэг зарим ажлууд хийгдээгүй нөхцөл байдалд нийцүүлж тооцож үзэхэд 4.7 тэрбум ам.доллар болж байсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбус ам.доллар болж анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн. Хэдий энэ хэтрэлт нь хөрөнгө оруулалтын хэмжээнд нѳлѳѳлж байгаач Монгол Улсын хувьд 243 сая ам.долларын НӨАТ-ын нэмэлт орлогыг 2010-2012 онуудад Оюу Толгойгоос авсан байгаа. Мэдээж энэ хэтрэлтийн шууд бус эерэг нөлөө нь илүү өндөр байх боломжтой. Ѳнѳѳдрийн байдлаар Оюу Толгой Монголд 10 их наяд гаруй тѳгрѳгийг зарцуулсан байна. 2 их наяд гаруй тѳгрѳгийн татварыг улсын болон орон нутгийн тѳсѳвт тѳлѳѳд байгаа. Оюу Толгой ашиглалтанд ороод дѳнгѳж 2 жил болох гэж байна. Монголын талын ногдол ашиг авах хугацаа хүдрийн агууламж, борлуулалтын хэмжээ, зэс, алтны үнэ, санхүүжилтийн ѳртѳг, зээлийн эргэн тѳлѳлт, хѳрѳнгѳ оруулалтын хэмжээ зэргээс хамаарч байдаг. Зэсийн үнэ доогуур байвал ногдол ашиг авах тооцоо нь хойшилж байгаа боловч, төслийн нийт хугацаанд бид ногдол ашгаа нөхөж авах бүрэн боломжтой. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үед ТЭЗҮ-д тусгагдсан 53:47 гэсэн өгөөжийн харьцааг Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу Монголын тал 55 болгож ѳсгѳж авахаар албажуулж тохирсон.

-“Дубайн гэрээ” гэх гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө зарим нэг маргаан дагуулж байгаа. Энэ төлөвлөгөө нь Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулсан эрхзүйн акт мөн үү?

-Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар ч өөрчлөлт оруулаагүй, харин тодотгосон. Уг төлөвлөгөөний 8.3-т “Энэхүү Төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомж, 2009 онд УИХ аар батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд зохицуулж, тайлбарлана” гэж тусгасан байгаа. Анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрын гишүүд гарын үсэг зурсан, харин энэхүү төлөвлөгөөнд Хувь нийлүүгэгч аж ахуйн нэгжүүд гарын үсэг зурсан.

-Монголчуудын хувьд Оюу Толгой төслөөс ойрын хугацаанд ашиг хүртэх сонирхол өндөр байгаа. Санхүүжилтийг шийдсэний дараа хийх алхам юу вэ?

-Хувь нийлүүлэгчдийн зүгээс компанийн үр ашигтай ажиллах боломжийг хангах зорилгоор хамтран ажиллаж, шаардлагатай шинэчлэлийг хийж байна. ТУЗ-ийн зүгээс Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад зардлыг маш нарийн хянана. Тухайлбал, Монголын тал Оюу Толгой компанийн санхүү, аудит, худалдан авалтыг хариуцсан ТУЗ-ийн байнгын хороог даргалдаг болсон. Оюу Толгой компани Монголын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хуулиудыг дагаж мөрдөх талаар тодорхой зөвлөмжүүд гаргаж мѳрдѳж байгаа. Мөн дотоодын худалтан авалтыг системтэйгээр нийлүүлэх чиглэлд ажиллаж байна. Ер нь бид нэг зүйлийг сайн ойлгох учиртай. Оюу Толгой бол Монголын компани. Бид нэг эзэн нь, хувь нийлүүлэгч нь. Дэлхий нийтээрээ Samsung-г Солонгосынх, Sony, Toyota-г Японых, Apple, Ford-г Америкийнх гэж мэддэг. Гэтэл эдгээр компаниуд нь дэлхий дахины хөрөнгө оруулагчдад нээлттэй, олон улсын хөрөнгийн биржэд бүртгэлтэй, олон нийтэд хувьцаагаа гаргасан компаниуд. Samsung компанийн нийт хувьцааны 20 хүрэхгүй хувийг солонгосчууд эзэмшдэг бол үлдсэн 80 хувийг дэлхийн олон орны хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Гэсэн хэдий ч Samsung компани Солонгосоор овоглогддог. Оюу Толгой бол УИХ-аас баталсан хөрөнгө оруулалтын гэрээтэй компани, Монгол хүн бүрийн компани гэдгийг ахин хэлье.

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд “давхар дээл өмслөө”, Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод жилд 100,000 ам.долларын цалинг хувааж авдаг, Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс гэж сүүлийн үед яригдах болсон. Энэ талаар?

-Энэ бол бидний буюу манай компанийн хийх ёстой ажил. Компанийн хуулийн дагуу, засаглалын зарчмаараа бид ажлаа хийж байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнууд охин болон бүрэлдэхүүн компаниудынхаа ТУЗ-ийн гишүүнээр томилогдож компанийн үр ашигтай удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийг баримтлан ажиллах дүрэмтэй. Үүний дагуу Д.Ганболд, Ч.Отгочулуу бид гурав Монголын талын 34 хувийг төлөөлж Оюу Толгойн Төлөөлөн удирдах зөвлөлд ажилладаг. Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн зардалд жилд 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө төсөвлөдөг гэсэн. Гэхдээ миний хувьд Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа гээд ямар ч цалин урамшуулал одоогоор аваагүй. Дараагийн Хувь нийлүүлэгчдийн хурлаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Оюу Толгой ХХК-тай удирдлагын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэхдээ уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу ТУЗ-ийн гишүүд зохих цалингаа “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас авдаг болно.

-Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн форум болно гэж сонссон. Энэ форумын гол зорилго нь юу вэ?

-Арваннэгдүгээр сарын 4-нд Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн форум болно. Гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргэх, боломжит ханган нийлүүлэгчдийг тодорхойлох, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээ болон чадавхийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү форумыг зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл форумд оролцогчдод гүний уурхайн бүтээн байгуулалтад хэрэгцээтэй бараа үйлчилгээний талаарх ерөнхий ойлголт, мэдээллийг өгөх юм. Одоогийн байдлаар энэхүү форумд 26 улсаас 1000 орчим ААН-үүд оролцохоор бүртгүүлсэн байна. Оюу Толгойн хувьд худалдан авалтын болон ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нээлттэй байдаг. Энэ форум нь найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох давхар зорилготой тул Монголын компаниудад, өмнө нь хамтарч ажиллаж байсан компаниудаас гадна шинэ компаниудад хамтран ажиллах боломжийг олгож байгаа юм.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд одоо ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Оюу Толгой дээр ажил өөдрөг байгаа. Зорьж очсон хэн ч тэнд бүтээн байгуулалт тасралтгүй өрнөж байгааг харж болно. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэх бэлтгэлийг одоогоор хангаж, энэ зунаас шинээр 100 гаруй иргэнийг ажлын байртай болгосон. Гүний уурхайн бүтээн байгуулалт дараа жилээс эрчимжснээр шинээр 3000 ажлын байр бий болно гэсэн тѳлѳвлѳгѳѳтэй. Ямартай ч эхний ээлжинд захиалагчийн болон гол гэрээлэн гүйцэтгэгчийн багийг сонгон шалгаруулах, тооцооллыг нягтлах, нарийвчилсан инженерингийн тооцооллыг гаргаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна