Хамгийн анх харсан гоё хувцас

2015 оны 10 сарын 30

Гадны өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнд дурлаж, түүгээрээ гангарахыг гол зорилго болгодог байсан монголчууд сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой болжээ. Түүнийг нь ч дагаад Монголын бараа бүтээгдэхүүний орц найрлага, загвар дизайн, чанар хийц нь сайжирч хэрэглэгчдийн таашаалыг хүлээж байгааг олзуурхууштай. Үүнийгээ дагаад үндэсний үйлдвэрлэгчид ч өсөн дэвжиж, өөрийн эх орондоо бүхнийг үйлдвэрлэх эрмэлзэлтэй болсон.

Бидний танилцуулах үйлдвэр бол тэрхүү үндэсний үйлдвэрлэгчдийн нэг юм. Монгол нэхмэлчдийн ур ухаан, хөлс хүч, хайр энэрэл шингэсэн хүүхдийн биед ээлтэй хонины болон тэмээний өнгө загвар хослосон төрөл бүрийн ноосон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “AVANT kids” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Туул хэмээх залуухан, бүтээлч бүсгүйтэй ярилцлаа.  

-Манай уншигчдад өөрийгөө болон компанийхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

-Намайг Туул гэдэг. СЭЗДС-ийг ня-бо мэргэжлээр төгссөн. AVANT clothing компаниа 2014 оны аравдугаар сард үүсгэн байгуулсан. Түүнээс хойш анхны коллекцууд болон эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ноосон хувцаснуудаа гаргаж эхэлсэн.  Тэр цагаас хойш хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж ирлээ. Одоог хүртэл бүтээгдэхүүнүүдээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан онлайнаар худалдаалж байгаад энэ аравдугаар сараас эхлэн интернэт худалдааны нэгдсэн сайтаар болон утсаар мөн нэрийн барааны дэлгүүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж эхлээд байна.

-Компанийн нэр их содон бас лого чинь өнгөлөг, анхаарал татхуйц юм. Ямар учраас энэ нэрийг сонгов?

-AVANT гэдэг үг нь Aвангард гэдэг үгний эх нь бөгөөд шинэлэг, содон гэсэн утгыг агуулдаг. Хүүхдийн хувцсанд тохирно гээд манай нөхөр өгсөн юм.

-БНХАУ-ын Бээжин хотын Хонг Конг зах дээр өөрийн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэсэн. Монгол ноосон бүтээгдэхүүн гадны хэрэглэгчдийн таашаалыг хэр хүлээж байна?

-Дотооддоо бол жилийн хугацаанд 4-5 экспод оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсан. Бээжин хотын Хонг Конг зах дээр энэ оны есдүгээр сараас эхэлж бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Цаг уурын хувьд манайхтай ижил өвөлдөө хүйтэн болохоор дулаахан, загварлаг хүүхдийн ноосон хувцаснуудад тэд ам сайтай байгаа шүү. Гадаад харилцаагаа өргөжүүлж бусад улс орнуудад бүтээгдэхүүнээ борлуулах хүсэл бидэнд бий.

-Хүүхдүүдэд зориулсан монгол хонины ноосон бүтээгдэхүүн хийх санаагаа хаанаас анх олсон бэ?

-Анх гадаадын H&M, Zara гэх мэт брэндтэй адилхан монголынхоо залуучуудад зориулсан өвлийн улиралд өдөр тутам өмсөх дулаахан, загварлаг, үнийн хувьд боломжийн ноосон хувцас үйлдвэрлэх хүсэлтэй байсан. Тэр ч утгаараа 6 хүртэлх насны хүүхдийн ноосон хувцсыг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ жилээс хэмжээг нь томруулж 10 хүртэлх насныханд зориулсан коллекцоо гаргасан. Цаашдаа залуучуудад зориулсан загваруудаа гаргана.

-Яагаад хонины ноосоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болов, хүүхдийн хувцас хийхэд хэр тохиромжой материал вэ?

-Монгол хонины 100 хувийн цэвэр ноос жоохон ширүүн байдаг хэдий ч хүүхдэд маш ээлтэй, дулаахан материал байдаг. Тийм учраас зөөлхөн болгох үүднээс 70 хувь хонины ноосыг 30 хувийн акрилкан материалтай хольж бүтээгдэхүүнээ хийдэг. Товчхондоо бид хүүхдийн биед харшил өгөхгүй, манай улсад баримталдаг стандартыг хангасан чанарын лицензтэй утсыг түүхий эд болгон бүтээгдэхүүндээ ашигладаг. 

-Хамгийн анхны үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүн юу байв аа. Урамшиж байсан, сэтгэлээр унаж байсан мөчүүдээсээ хуваалцаач.

-Анхны бүтээгдэхүүнүүдээ гаргасны дараахан МХАҮТ-аас зохион байгуулсан үзэсгэлэнд оролцож байхад хүмүүс дуртай ирж үзээд, хамгийн анх харж байгаа гоё загвартай монгол хонины ноосон хувцас байна гээд их урам өгч байлаа. Хийсэн бүтээгдэхүүнийхээ талаар сонсох түүнээс гоё үг гэж хаа байх билээ дээ.

-Тийм шүү. Танай бүтээгдэхүүнүүдийн загвар, өнгөний сонголтууд үнэхээр таалагдаж байна. Урьд нь хонь, тэмээний ноосон бүтээгдэхүүн гэхээрээ л бор шаргал өнгөтэй, зузаан даргар материалтай байлаа шүү дээ. Нууц биш бол бүтээгдэхүүний загвар дизайныг хэн гаргадаг вэ?

-Бүтээгдэхүүний загварыг би өөрөө гаргадаг.

-Нягтлан хүн гаргадаг гэж үү?

-Мэргэжлийн дизайнер биш хэдий ч өөрийнхөө сонирхлоороо бас ерөнхий технологичтойгоо ярилцаж байгаад шийддэг. Би өөрөө эх хүн болохоор хүүхдэд зориулсан хонины ноосон бүтээгдэхүүндээ юу шингээж, юуг шигтгэж өгөх үү. Яавал монжаткыг нь хэт бариу биш хийхүү, давхар чангалах уяа оруулж өгөх хэрэгтэй юу, зах нь, энгэр нь ямар байвал өмсөхөд эвтэйхэн байх уу. Оёдол нь хаагуураа байвал нухахгүй байх вэ, яавал резинийг нь сунгаж багасгаж болохоор хийх вэ гэх зэрэг яг л амьдралын хэрэгцээн дээр үндэслэж загвараа гаргадаг. Хүүхдийн ноосон хувцасны өнгө нь ихэвчлэн натуралаараа шахуу саарал, бор байдгаас аль болох зайлсхийж илүү өнгөлөг, цоглог, тод өнгүүдийг оруулж өгөхийг хичээдэг.  

-Үйлдвэрлэлээ хэрхэн явуулдаг, хэдэн ажилтантай вэ?

-Ээж маань насаараа “Говь”, “Буян” үйлдвэрт ажиллаж байсан ноос ноолууран бүтээгдэхүүний технологич хүн байдаг л даа. Ээж маань үйлдвэрлэлийн ерөнхий технологич, цехийн ахлагч, бас миний найдвартай түшиг тулгуур маань. Бүтээгдэхүүний загвар, дизайн, өнгө, нэхээсийг ээжтэйгээ зөвлөдөг. Ээж маань гаргасан загвар дээрээ орох утасны орц, хэмжээс, сүлжээс зэрэг материалын бүх тооцооллыг гаргаж сүлжигч, оёдолчид маань оёдог. Үйлдвэрлэлийн процессоос бусад санхүү, маркетинг, гадаад харилцаа, менежментийн асуудлаа би хариуцдаг. Цехийн ахлах, сүлжигч, оёдолчин, туслах ажилчин гээд нийт 9 ажилтантай.

-Бүтээгдэхүүний түүхий эдээ хаанаас авдаг, хэрхэн боловсруулдаг талаар хуваалцаач?

-Утас болгож ээрээд, будганд оруулаад боловсруулчихсан бэлэн түүхий эдийг Төв аймгийн “Могул” үйлдвэрээс авдаг. Түүгээрээ өөрсдийн гаргасан загварын дагуу үйлдвэртээ  бэлэн бүтээгдэхүүн болгон сүлждэг.

-Одоо ямар ямар нэр төрлийн хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-Өмд, хүрэм, цамц, малгай ороолт гээд нийт 30 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.

-Танай шинэ жил, цагаан сарын коллекцууд загварлаг хөөрхөн юм байна лээ. Шинээр гаргахаар төлөвлөж байгаа бүтээгдэхүүн, коллекцийнхоо талаар яриач?

-Жил бүр загвараа шинэчилж гаргадаг. Өнгөрсөн жилийн загваруудаа худалдаад дууссан, дахиж хийхгүй. Энэ жилийн загварууд шинэчлэгдээд худалдаанд гарчихсан. Харин шинэ жил, цагаан сараар өмсөх баярын уур амьсгалыг шингээсэн коллекцуудаа удахгүй арванхоёрдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөж байна. 

Шинээр төрсөн хүүхдийн new born бэлэгний иж бүрдэлээ гаргачихсан, баглаа боодол, хайрцагаа сонгох, хийлгэхээр ажиллаж байна.

-Мэдээж хэрэг бусад бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөхийн тулд хамгийн чухал зүйл бол чанараас гадна үнэ ханш байдаг. Бүтээгдэхүүний үнэ ханшийг хэрхэн тогтоодог бол?

-Бид аль болох зах зээлийн үнээс багаар тогтоохыг эрмэлздэг. Одоогоор бүтээгдэхүүний өөрийн үндсэн өртөг дээр ажилчдынхаа цалин, татварыг нэмээд багахан ашигтайгаар бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаагаас иргэдийн худалдан авалтын чадавхи буурсантай холбоотойгоор аль болох үнээ доогуур тогтоосон.   

-Танай бүтээгдэхүүнийг хаана хаанаас худалдан авч болох вэ?

-Интернэт худалдааны нэгдсэн сайт болох www.apm.mn/avantkids, УБ лавлах 1900-1617-оор захиалж үнэгүй хүргүүлэх, мөн нэрийн барааны дэлгүүр болох Улсын мөрдөн байцаах газрын замын эсрэг талд байрлах Baco’s baby boutique дэлгүүрээс манай бүтээгдэхүүнийг худалдан авч болно.

-Цаашдын зорилго, хэтийн төлөвлөгөө юу байгаа бол. Таван жилийн дараах AVANT kids брэндийг хэрхэн төсөөлдөг вэ?

-Бид байгуулагдаад дөнгөж нэг жил болж байна. Өдий хүртэл зээл авалгүй зөвхөн өөрсдийхөө хүчээр зах зээлд танигдахаар хичээж байна. Цаашдаа хүүхдийн хувцсаа дан хонины ноосоор хийхгүйгээр цэвэр даавуун, хямд үнэтэй түүхий эдээр үйлдвэрлэхээр түүхий эдийн судалгаа хийж байна. 100 хувийн цэвэр даавуун утас болон хулсны утсаар хийсэн хувцас хүүхдийн биед харшлахгүй, эвтэйхэн байхаасаа гадна ноосон утсыг бодоход хямд өртгөөр үйлдвэрлэх боломжтой. Эхний ээлжинд цэвэр даавуун материалтай хүүхдийн футболка, цамц гаргахаар төлөвлөж байна.

Цаашдаа үйлдвэрлэлээ өргөтгөх, AVAN kids дэлгүүртэй болохыг мөрөөдөж зорьж ажиллаж байна.

 

Та бүхэн AVANT kids хүүхдийн ноосон хувцасны үйлдвэртэй холбогдох, бусад бүтээгдэхүүнийх талаар мэдээлэл авахыг хүсвэл www.facebook.com/avantmongolia/ болон нэрийн барааны дэлгүүрийн www.facebook.com/bakosbaby/  хаягуудаар нь холбогдоорой.

Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна