“Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

2015 оны 10 сарын 30

Монгол Улсын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2015.10.30/ Төрийн ордонд болж байна.

Хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон УИХ-ын гишүүн Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Төрийн албаны ил тод, цэвэр тунгалаг, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай, үр ашигтай, тогтвортой байдал, төрийн албан хаагчдын мэргэшил ур чадвар, хариуцлага, ёс зүй, шударга чанар, хууль ёсыг сахин биелүүлэх байдал, ажлын бүтээлч хандлага, идэвх санаачлага нэн чухал. Энэ бүхнээс иргэдийн амьдрал ахуй, нийгэм эдийн засгийн өнөөгийн тулгамдсан зорилтуудын хэрэгжилт, бүр томоор сэтгэвэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ардчиллын хувь заяа хамаарах тийм хариуцлагатай үед ирээд байна.

Төрийн албыг шинэчлэх, илүү ардчилах, илүү үр нөлөөтэй болгох нь ардчилалыг шинээр болон сэргээн хөгжүүлж буй улс орнууд, хөгжиж буй орнуудад тулгарч буй зорилт төдий биш нийт үндэстэн, бүх улс орны төрийн хөгжилд хамаатай асуудал болж байна.

Саяхан болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү тогтвортой хөгжлийн зорилтууд, манай үндэсний хөгжлийн бодлогын зорилтууд, өнөөдөр нэн чухлаар яригдаж буй эдийн засгийн өсөлт, төсвийн хэмнэлтийн горим нь чухамдаа төрийн албаны үр ашигтай, зөв тогтолцоо, шинжлэх ухаанч удирдлага, төрийн албан хаагчдын бүтээмж, чадамж, мэргэшил, ур чадвар, хариуцлага, гүйцэтгэлээс шууд хамаарах юм. Энэ бүхэн төрийн албаны шинэтгэл зайлшгүй чухал болохыг нотолж байна гэлээ.

Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Монгол Улсын Төрийн албаны хөгжил, шинэтгэлийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт илтгэл, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Төрийн захиргааны байгууллагын бүтэц тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт  илтгэлийг тавьлаа. Илтгэлтэй холбогдуулан оролцогчид хуулийн төсөлд тусгагдсан болон тусгуулах саналуудын талаар үг хэлж, илтгэгчдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү "Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн агуулга, онцлог”-ийн талаар илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ Төрийн албаны хөгжлийн 5 дахь үе шатыг эхлүүлэхэд өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн шинэтгэл чухал алхам болно гэж үзэж байна. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн, чадварлаг байх нь улс орны  төр, нийгэм, эдийн  засгийн бүхий л хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж хөгжлийг түргэсгэхэд хамгийн том хөдөлгөгч хүч нь бас, тогтвортой хөгжлийн үндэс суурь нь болдог юм. Ийм учраас бид төрийн албаа цомхон, чадварлаг байдлаар зохион байгуулж, өөрчлөгдөн шинэчлэгдэн хөгжиж буй дэлхийн ертөнцийн хөгжил дэвшилтэй өрсөлдөн хөгжих бодлого тодорхойлон, хэрэгжүүлдэг, шударга, ёс зүйтэй, хүчирхэг төрийн албыг бүрдүүлэхэд эрхэм зорилгоо чиглүүлэх учиртай гэлээ. Тэрээр хуулийн төсөлд тусгагдсан гол гол өөрчлөлтүүдийг танилцуулав. Тухайлбал төрийн албанд мерит буюу чадахуйн зарчим хэрэгжих боломж бүрдэнэ. Үүний тулд тэргүүн болон туслах түшмэлийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах, дэс түшмэлээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд шатлан дэвшүүлэх,  нарийн мэргэжил шаардсан албан тушаалд сонгон тогтоох аргаар сул орон тоог нөхөх  4 хэлбэрийг хуулийн төсөлд тусгасан. Төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд шатлан дэвших буюу карьерийн зарчмаар албан тушаал дэвшин ажиллах нөхцөл бий болно. Энэ зохицуулалт хийгдсэнээр төрийн албан хаагч  албан тушаалд дэвшихийн тулд тодорхой албан тушаалд 5-аас доошгүй жил, төрийн жинхэнэ албан тушаалын 4 ангилалд нийтдээ 20 жил ажиллаж дээд шатны албан тушаалд томилогдох боломжтой байхаар, түүнчлэн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, ёс зүй, чадварыг нь харгалзан үзэж хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болохоор хуулийн төсөлд тусгасан нь мэргэшсэн, чадварлаг, тогтвортой төрийн албыг бүрдүүлэхэд чухал дэвшил болох юм.  Мөн Улс төрөөс ангид төрийн албыг бүрдүүлнэ. Иргэн төрийн үйлчилгээний албанд орох, албан тушаал эрхлэх хугацаанд улс төрийн аливаа намын гишүүнээс түдгэлзэх, төрийн жинхэнэ албанд орохдоо гишүүнчлэлгүй  байх, түүнчлэн төрийн албан хаагч улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх зохицуулалтыг тусгасан зэрэг өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдан явууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Дэд ажлын хэсгийн гишүүн Ш.Солонго хуулийн төслийн талаарх нийслэл, аймгуудаас ирүүлсэн саналын товчооныг танилцуулах юм.
Хэлэлцүүлэг оролцогчдын санал, асуулт, хариултаар үргэлжилж байна

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна