Төрийн цагдаа алуурчин болжээ

2015 оны 10 сарын 30

Өмнө нь миний цагдаа намайг хамгаална гэж иргэд итгэхийг хүсдэг байв. Одоо төрийн цагдаагаас айдаг болж. Яагаад?

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн баасан гаригт гарч, энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдээлэхдээ “Сэжигтнээр татагдсан хүмүүсийн дотор цагдаагийн ажилтнууд байх магадлал” гэсэн ойлгомжгүй тайлбар өгчээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдсон цагдаа нарын талаар бүрхэгдүүхэн мэдээ өгч байгаа нь уг хэргийг бүрхэгдүүлэх сонирхол байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж буй. Үүнээс хэдхэн хоногийн өмнө мөн л цагдаа нар архидаж байгааг нэгийгээ аминд хүрсэн хэрэг гарсан.

Эндээс харахад нэг сарын дотор хоёр хүн амины хэрэг, хоёуланг нь төрийн цагдаа үйлдсэн гэхээр Монголын цагдаагийн алба, хууль сахиулахын салбар хулгайч, дээрэмин, тонуулч, бүр алуурчдын үүр уурхай болжээ гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Ийм хүмүүсийг эгнээндээ багтаасан Монголын цагдаад ёс зүй хийгээд үнэлэмж ингэхэд байна уу?

Жишээ 1: Хятадуудаас авлига авсан хэргээр хууль сахиулах салбарт ажиллаж байсан У.Раднаабазар, Б.Батбаяр, Д.Энхбаатар, Г.Ууганбаяр, Б.Төгсбаяр нар шүүхээс ял сонссон.

Жишээ 2: ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал хийн буу ашиглаж худалдагчдыг айлган сүрдүүлж дэлгүүр дээрэмдсэн хэргээр ял сонссон.

Жишээ 3: Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Ууганжаргал нь согтуугаар СЭА 74-70 улсын дугаартай,”Тоёото креста” маркийн машин жолоодож явахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироосон нь тогтоогдсон.

Жишээ 4: Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид салхинд гарч амрахаар амралтын газарт очихдоо нэгнийхээ аминд хүрсэн хэрэг энэ сарын эхээр гарсан зэрэг төрийн цагдаа гэмт хэргийн үүр уурхай болсныг гэрчлэх баримтууд олон.

Төрийн төлөө тангараг өргөсөн төрийн цагдаа өөрөө алуурчин бэлтгэж байгаа нь харамсалтай биш гэж үү? Яг ийм асуултыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав болоод Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис нарт тавьж, яг ийм л шалтгаанаар тэдэнд өнөөдөр хариуцлага ярьж байх учиртай. Учир нь цагдаа бол тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч. Энэ салбарт хамгийн шударга, хамгийн хүнлэг энэрэнгүй, хамгийн шилдэг нь ажиллах ёстой юм.

Хэдхэн хоногийн өмнө иргэд цагдаад “А” үнэлгээ өгсөн гэж нэгэн төрийн бус байгууллага хэвлэлээр мэдээлж байна. Тэгвэл иргэдийн зүгээс өгсөн “А” үнэлгээ нь энэ гэж үү. Чухамдаа бол “Миний цагдаа намайг хамгаалах”-аа байг гэхдээ ядахнаа дээрэлхэж дарамтлаад, авлига нэхээд, тонуул хийгээд, амь насыг минь хөнөөчихгүйд нь талархаж ёстой болж байх шиг.

Уг нь тэд алуурчдаас, хулгайчдаас, тонуулчдаас иргэдээ, нийгмээ хамгаалах тангараг өргөсөн албан хаагчид шүү дээ. Гэтэл яаж байна. Бие биенээ барьж аваад хөнөөж байгаа “Миний цагдаа” намайг хамгаалж чадах уу?

Энэ салбараас хулгайч, дээрэмчин, хүчирхийлэгч, авлигач, алуурчин “төрж байна” гэдэг салхивчаар нь агаар оруулах болсны том дохио. Биеэ хөнөөдөг бус, бусдыг айлгаж дарамталдаг биш, иргэддээ үйлчилдэг төрийн цагдаа хаана байна?. Төрийн цагдааг төрийн цагдаагаас цэвэрлэх шинэчлэл яав.

Хэрэв Монголд ёс зүй байдаг бол цагдаагийн ажилтнууд нь тэр тусмаа тусгайгийн цагдаа нар хүний аминд хүрсний төлөө Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Хууль зүйн сайд Д.Дорлигжав хоёрт ч хариуцлага тооцох ёстой юм биш үү, Ерөнхий сайд аа.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна