Толгойтын замын төсөл санхүүжилтгүйгээс гацжээ

2015 оны 10 сарын 30

-Замын эвдрэлээс болж ослын тохиолдол нэмэгдсээр байна-

Толгойтынхоон, машинаа зараарай. Эсвэл хашаандаа ирэх намраас нааш хөдлөхөөргүй зогсоочихоод, ажил сур­гуульдаа алхаад яваарай. Тэр нь өлзийтэй. Толгойт чиглэлд ажлаар эсвэл ах дүүгийндээ очих гэж байгаа жолооч нар түр азнаарай. 21 дүгээр хорооллын тойрог дээр машинаа тавьчихаад цааш алхвал ямар вэ. Эс тэгвэл та Толгойтын замаар явбал уур бухимдлаа барж, унаж яваа машинаа эвдэнэ. Бүр цаашлаад замын хажуу руу гарч явган зорчигч мөргөөд, урсгал сөрж автомашинтай шүр­гэлцээд эрүүгийн хэрэгт ч холбогдож мэднэ. Толгой­тын зам цаана чинь шүү­рэн шанага болчихоод байна.

Тэнд алхмын зайнд том том нүх нэг хэсэгт биш замын турш үргэлжилжээ. Жолооч нар эвдэрлийг тойрч гарах гэж замын хажуугаар, эсвэл урсгал сөрж бусад тэрэгтэй мөргөлдөх дөхөөд замдаа орох гэж Толгойтын зам дээр түгжирч байна. Дүүрсэн хэрэг гээд нүхэн дээгүүр харайлган гарах нэгэн ч байна. Үүнээс болж машиныхаа эд ангийг эвдэж дууслаа хэмээн бухимдсан жолооч нар захаас аван таарна.  Машины амортизатор нь дорхноо муудаж, өндгөн тулгуур нь хугарчихдаг гэж байна. Харин замын эвдрэлийг тойрч гарах гэсэн жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж осол гаргах болжээ. Осол, зөрчлийн тохиолдол энэ зам дээр нэмэгдэж байгааг замын цагдаа нар ч хэлж байгаа юм.

Уг нь энэ замд жил бүр нөхөөс тавьж аргацааж иржээ. Манайхны замууд ширүүхэн бороо, даац­тайхан машинд нимгэн асфальт нь бутарч орхидог. Тэр л “уламжлал”-аар Толгойтын зам жил бүр эвдэрч, нийслэлийн хөрөнгөөс тавьсан урсгал зардлаар жилийг арай ядан давдаг байж. Харин энэ жил засварын хөрөнгө нь хасагдсанаас шүүрэн шанага болсон нь энэ аж. Урсгал зардал ямар учраас хасагдсан талаар холбогдох албаныхнаас тодруулахад “2015 онд Толгойт чиглэлийн 3.6 км замыг шинэчлэхээр төлөвлөгдсөнөөс урсгал зардал хасагдсан” гэлээ. Гэтэл он шувтарч байхад замын шинэчлэл эхлээгүй нь шалтгааныг албаны хүмүүс санхүүжилтгүй байсан гэж тайлбарлав.

Толгойтын замын шинэчлэлийн төслийг 14.9 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Өнгөрсөн хавраас эхлэх товтой төсөл анх Зам тээврийн сайдын багцад байсан ч нийслэл рүү шилжжээ. Нийслэл ийм их хөрөнгө гаргаж чадахгүй гэж дахин яам руу хандаж, нааш цааш шидэлцсээр дулааны улирлыг авчээ. Ингээд өнгөрсөн сард учраа ололцож, Хөгжлийн банкны санхүүжүүлэлтээр барихаар болж тендер зарлажээ. Одоогоор төслийн ажил замын үнэлгээний шатанд явж байгаа бөгөөд гүйцэтгэгч нь тодорчихвол хүйтнээс урьтаж замын нөхөөсийг хийнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ. Харин ирэх жилээс шинэчлэлийн ажил эхэлнэ гэж байна. Гэвч Толгойтын замд энэ жил урсгал засвар орж, жолооч нар бүтэн замаар явна гэсэн баталгаа алга. Наймдугаар сарын 1-нээс хойш компанитай гэрээ байгуулахыг хориглосон Зам тээврийн сайдын тушаал гарсныг замын мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр Толгой­тын замын гүйцэтгэгч тодор­сон ч гэрээ бай­гуулахад хүндрэл учирч болзошгүй ажээ.

Б.ЗАЯА

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна