Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгчийн хориг “бүтэн” болсон

2015 оны 10 сарын 30

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэж баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай товч ярилцлаа.


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, баталсан. Энэ талаар таны байр суурийг тодруулъя?

-Одоогоос хоёр сар гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсныг УИХ бүхэлд нь хүлээн авсан. Түүнээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Харин УИХ өчигдрийн нэгдсэн хуралдаанаараа Дэгийн тухай хуулийн 31.8-д заасны дагуу ХЗБХ-ны боловсруулж мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Уг нэмэлт, өөрчлөлтийн хуулиар Ерөнхийлөгчийн хориг тавихдаа баримталсан зарчмын байр суурийг үндсэндээ бүрэн тусгалаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хориг “бүтэн” болсон гэж ойлгож болно.

-УИХ-ын зарим гишүүн Өршөөлийн хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болсон учраас хориг тавих боломжгүй байсан гэж яриад байгаа. Энэ чухам ямар учиртай юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хууль болон Дэгийн тухай хуульд зааснаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэн хуулийн эхийг түүний албан ёсны эх гэж үзэж, хуульд өөрөөр заагаагүй бол нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа уг хууль хүчин төгөлдөр үйлчилдэг нийтлэг зохицуулалттай. Энэ бол цаанаа эрх зүйн нарийн ач холбогдолтой зохицуулалт юм. Учир нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэхийн өмнө УИХ баталсан хуулийнхаа эцсийн найруулгыг хийх, ёсчлох зэрэг процессийн үйл ажиллагааг хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлдэг. Ийнхүү ирснээс нь хойш ажлын 5 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тухайн хуульд хориг тавих эсэхийг шийдвэрлэдэг хуультай. Өөрөөр хэлбэл, албан ёсоор ёсчлоогүй, “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээгүй эхийг дагаж мөрдөх асуудал нь өөрөө учир дутагдалтай. Ийм байдлаар Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон хориг тавих бүрэн эрхийг хязгаарлаж болохгүй.

-Хуралдааны үеэр зарим гишүүд Өршөөлийн хуульд орсон зарим нэмэлт, өөрчлөлтүүд ялтнуудын эрх зүйн байдлыг дордуулж байгаа. Тиймээс уг нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн зарим зүйл, заалтыг шүүх хэрэглэх боломжгүй гэж хэлсэн. Үнэхээр тийм юм уу?

-Энд зарчмын хоёр өөр асуудал яригдаж байгаа гэдгийг тэмдэглэмээр байна. Эрүүгийн хууль бол байнга, тогтмол үйлчлэх шинжтэй, аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох эсэх, хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг хууль. Харин Өршөөлийн хууль нэг удаа үйлчлэх бөгөөд энэ хуулиар ял оногдуулдаггүй онцлогтой. Иймд хуулийг буцаан хэрэглэх, тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах ойлголт нь зөвхөн Эрүүгийн хуулийн тухайд л яригдана. Иймд гишүүдийн яриад байгаа Эрүүгийн хуулийн 12-р зүйлд заасан зохицуулалт нь Өршөөлийн хуульд хамааралгүй юм.

-Олон улсын байгууллагаас авилга, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөхгүй байх талаарх албан бичгийг УИХ-д хүргүүлсэн гэж сонссон. Авилга, албан тушаалын хэргүүд өршөөгдөхгүй гэж ойлгож болох уу?

-Би өмнө хэлсэн. Товчхондоо Ерөнхийлөгчийн хориг бүтэн болсон. Монгол Улс авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тууштай тэмцэж байгаагаа, цаашид ч тэмцэнэ гэдгээ энэхүү шийдвэрээр харуулж чадлаа гэж бодож байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн, Авилгалын эсрэг НҮБ-ын конвенциар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн алхам болсон. Монголын төр алдаагаа эрүүл механизмаар, хуульд заасан институт хоорондын үйл ажиллагаа, арга хэрэгслээр дамжуулж, засч байна. Энэ алхам, байр суурь цаашид ч улам бүр баталгаажих байх.

 О.САРНАЙ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна