Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2015 оны 10 сарын 30

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.30/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн зарим заалтын хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор хойшлуулах горимын санал гаргалаа. Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва зарим зүйлийг тодруулав. Үүний дараа санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Сангийн сайд Б.Болорын горимын саналыг дэмжсэн юм.

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 56 дугаар тэмдэглэл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Ноён уул орчмын газрыг Улсын тусгай хамгаалатад хамруулахаар судалгаа хийж, зохих үндэслэлийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг танилцууллаа. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах судалгааны ажлыг 2015 оны 09 дүгээр сард холбогдох байгууллагууд, эрдэмтэн, судлаачдаар гүйцэтгүүлэн, хилийн заагийг тогтоожээ. Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй хэсэгт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хэчнээн тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судлаж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоосон байна. Уг газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 11.194.22 га буюу  нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэх юм байна.  Тогтоол батлагдсанаар Ноён уул орчмын газар нь Төв Азийн бүсийн хойд сэжүүрт оршдог, ой багатай Монгол орны өвөрмөц тайгын бүсийн байгаль, Туул, Онон, Хэрлэн гурван голуудын эхийг хамгаалах, эзэн Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлүүлэн үлдээх, байгалийн хувьсал өөрчлөлтийг судлах, шинжлэх ухааны мөнхийн загвар нутаг болгох зорилгоор 1992 онд байгуулагдсан Хан Хэнтийн дархан цаазат газартай экосистем, байгалийн тогтоцын хувьд салшгүй холбоотой хил залган орших ба тус хамгаалалтын захиргааны хариуцан хамгаалах талбайд хамруулах боломжтой бөгөөд улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй аж.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Ж.Батзандан, Я.Содбаатар, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва, Г.Баярсайхан, Н.Батбаяр, Су.Батболд нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Ноён уул  нь түүх соёлын гайхамшигтай өв, үнэт дурсгалыг агуулсан гэж байгаа. Тэгвэл тухайн бүс нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах эрх олгогдсон газруудад түүх, архелогийн чиглэлийн судалгаа хийгдсэн эсэхийг тодруулав. 2015 оны 09 дүгээр сард Уул, уурхайн сайд Р.Жигжидээр ахлуулсан ажлын хэсэг Ноён уул орчимд нөхцөл байдалтай биечлэн танилцаж, ажилласан. Бүрэлдэхүүнд ШУА-ын  харьяа Түүх, архелогийн хүрээлэнгийн доктор Ч.Амартүвшин хамт ажилласан бөгөөд лиценз бүхий талбайд түүх, архелогийн холбогдолтой дурсгал байхгүй гэдгийг тодорхойлсон. Үүнээс өмнө ч тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид тухайн бүс нутагт ажиллаж, судалгаа явуулж тайланг нь салбарын яаманд хүргүүлсэн хэмээн ажлын хэсэг хариулт өглөө. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Ноён уулын бүс нутгийн экосистем, түүх архелоги болон бусад онцлогийг харгалзан дээр дурдсан хэмжээний газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг танилцуулсан юм. Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүд Ноён уулыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах санал хэлж байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 80 хувийн саналаар дэмжлээ.

Ажлын хэсгүүдийг байгууллаа: Мөн өдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн ажлын хэсгийг С.Оюунаар, Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийг Су.Батболдоор, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Л.Эрдэнэчимэгээр ахлуулан тус тус байгуулахаар тогтов.

Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов: Хуралдаанд Нийслэл, Барилга, хот байгуулалтын яам, Ус сувгийн удирдах газар, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн удирдлагууд, мэргэжилтнүүд оролцож, Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Барилга хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Эрдэнэцэцэг “Бохир ус цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулав. Анх 1964 онд бохир ус цэвэрлэх байгууламжийг Улаанбаатар хотод, 1965 онд Дархан хотод, 1971-1990 онд аймгуудын төвд байгуулжээ. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй, хүн амын эзлэх хуввийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжаар цэвэр, бохир усны шугам сүлжээ, инженерийн барилга, байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийг өргөтгөх, шинэчлэн засварлах, шинээр барих төсөл арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд нийт хүн амын 80.4 хувь нь баталгаат ундны усаар хангагдаж, 41.1 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламжид холбогдон, шинээр 800 орчим км инженерийн шугам сүлжээ баригджээ.

Цаашид Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн, шинэчлэх, шинээр барих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Өрийн удирдлагын хуулийн хүрээнд зарим зохицуулалт хийх, хэд хэдэн аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжуудыг өргөтгөн, шинэчлэн, шинэ стандарт нэвтрүүлэх зэрэл ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх саналуудыг танилцуулав.

Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаарх мэдээллийг Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. 50 гаруй жил ажиллаж байгаа тус байгууламж өнөөдөр хоногт 170.000 шоо метр усыг 65-70 хувь цэвэршүүлдэг байна. Тус байгууламж 500.000 хүн ам бүхий суурин газарт ажиллах ахуйн бохирдолтой усыг цэвэршүүлэх зориулалтын технологитой байгуулагдсан. Гэсэн ч өнөөдөр олон төрлийн үйлдвэр, аж ахуйн газруудын химийн өндөр бохирдолтой бохир усыг цэвэршүүлж байгаа нь цэвэрлэгээний горимыг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрчээ. Мөн техник, тоног төхөөрөмжийн элдэгдэл, байгаль орчны хүчин зүйлс ч цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Энэ мэтээр хүндрэлтэй олон асуудал үүсээд байгааг тэрээр танилцуулгадаа дурдаад төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, Су.Батболд нар зарим зүйлийг тодруулж, холбогдох саналуудыг гаргасан юм. Ингээд гишүүдийн саналын дагуу  гишүүн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна