Эльмар Гасанов Монголд тоглолтоо хийлээ

2015 оны 10 сарын 31

Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановын тоглолт баасан гаригт(X.30) “Соrporate” зочид буудлын цоо шинэхэн концертын танхимд эгшиглэлээ. Монгол Улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, Олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг The Corporate Hotel & Convention Centre-ийн хамт олон нээлээ. Харин тэд энэхүү концертын танхимынхаа нээлтэд Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж, ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД элит тоглолтыг толилуулсан юм.

Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа “Русквартет” хийлийн квартетийн хамт Монголд тоглолоо.

Эльмар Гасанов тоглолтын үеэр хэлэхдээ “Энэ үдэш гайхалтай сайхан байна. Би Монголд хоёр дахь удаагаа тоглолоо. Өмнө нь ирж байхад Монголын үзэгчид их найрсаг хүлээж байлаа. Харин удаа энэ шинэхэн театрын нээлтийн тоглолтод та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Би энд нэг хүнд онцгойлон талархлаа хэлмээр байна. Ийм сайхан театрыг байгуулсан ноён Т.Ганболд таньд талархаж байна. Цашид энд хөгжмийн олон сайхан тоглолтууд болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Эльмар Гасанов тэртээ 90 жилийн түүхтэй Kawai төгөлдөр хуураар Бетховены Sonata 23 op.57 “Appassionata”, Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиовын Variations on a Theme of Corelli, Германы хөгжмийн зохиолч Брамсын Piano quintet f moll op.34 зэрэг дэлхийн шилдэг бүтээлийг тоглолоо.

Дэлхийн алдартай уран бүтээлчийн энэхүү сонгодог тоглолтоор үйл ажиллагааныхаа нээлтийг хийж буй “Соrporate” зочид буудлын цоо шинэхэн концертын танхим нь олон улсын стандартын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг байрлуулжээ. Цаашид дэлхийн өндөр зэрэглэлийн уран бүтээлчдийг урьж энэ тайзан дээр тоглуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Монголдоо техникийн дэвшлийн хувьд орчин үеийн стандартыг бүрэн хангасан анхны дижилтал бүхий танхимд анхны уран бүтээлч нь Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасанов байлаа.

Эльмар Гасанов нь 1999 онд "Прокофьевын төрсөн нутагт" олон улсын тэмцээний дээд шагнал, 2000 онд Олон улсын Крайнев тэмцээний тэргүүн байр, 2006 оны Лист- Барток тэмцээний тэргүүн байр, 2010 онд Солонгосын Исангюн Төгөлдөр хуурын тэмцээний 3 байр, 2011 онд Хонг Конгийн олон улсын тэмцээний 3-р байр, 2012 онд Цюрих хотын Геза Анда тэмцээний Шуманны шагналыг тус тус авсан нэрт төгөлдөр хуурч юм. Тэрээр Унгар, Герман, Франц, Голланд, Австри, Англи, Турк, Бразил, АНУ, Словак, Словения, Украйн, Швейцари зэрэг дэлхийн 20 гаруй улсуудад соло болон концерт тоглолтуудаа хийгээд байна.

Русквартет нь 2006 онд Шостаковичийн 100 жилийн ойн тэмцээний 1-р байр, 2008 онд Шостаковичийн нэрэмжит Олон улсын уралдаанд, Тромп Олон улсын хөгжмийн уралдаанд тус тус шалгарч байжээ. 2008 онд Олон Улсын Хөгжимчдийн Нийгэмлэг болон Хөгжмийн Ассоциацийн Танхимаас Гайдамовичийн "Ансамбль тоглолтын амжилт" гэсэн шагналаар шагнагджээ.

Дэлхийн ямар ч од Монголд ирсэн шаардлагыг бүрэн хангаж чадахуйц тайзтай болсон нь Монголчууд бидний нэг бахархал юм.

 

Ч.БОЛОРЧУЛУУН

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД, Н.БАТМӨНХ

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна