Элэг нь таван цулын хатан мэт

2015 оны 10 сарын 31

МОНГОЛ ЭМЧИЙН ТЭМДЭГЛЭЛ номноос...

Нэгэн 63 настай эмэгтэй надад үзүүлэхээр иржээ. Тэрээр нүүр нь шарлангуй сэлхийн хавдсан эцэж турснаас гадна тамираа ихээхэн алдсанаас сандал дээр хүч муутайхан суулаа.

Би түүний судлыг бариад холбогдох үзлэгээ хийсний дараа “Энэ хүн ч эмчилгээ нь бараг оройтсон байна даа... ядаж нэг биш нилээд эрхтнийг нь хамарсан байх шиг байх юм даа яана даа хөөрхий ганцаараа ирснийг бодоход ганц бие юм болов уу, өөрөө энэ өвчнөө мэдэж байгаа болов уу!” гэх зэргээр элдвийг эргэцүүлэн хэрхэн энэ байдлыг нь түүнд ойлгуулна даа хэмээн дотроо эмээсхийн байх хооронд тэрээр нэгэн даавуун уутыг дааж ядан надад ойртуулснаа:

-Энэ миний өвчний бүх л түүх та үзнэ үү. Би элэгний хорт хавдартай эмчилгээ хийлгэж байтал уушиг, нойр булчирхайд үсэрсэнээс гадна ходоодны тал хэсгийг хамарсан хавдартай болж ихээхэн шаналж байна даа. Иймээс мэс заслаар ходоодны төгсөх хэсгийг нойр булчирхайн толгойн хэсэгтэй нь авч элэгний талыг, нарийн гэдэсний хэсэгтэй авна гэсэн тул би өнөөдөр эмнэлгээс үхсэн ч хамаагүй гэсэн гарын үсэг зурж гарчихаад шууд тан дээр ирлээ та миний эцсийн найдлага” гэж хэлэээд над руу итгэл найдвар, горьдлого ирэлхийлсэн нүдээр ширтлээ. Энэ нь миний эмээж байсан сэтгэлийг улам хөндсөн тул би түүнд:

-Яагаад ингэж байгаа юм дээ та чинь!! Та надад үзүүлээгүй байж, намайг эмчилж чадах эсэхийг мэдэхгүй байж? Хамаагүй таньж мэдэхгүй хүнд сохроор ингэж итгэж эмнэлгээс гарын үсэг зурж гарна гэдэг чинь амиа хорлохтой адил явдал та ингэж болохгүй шүү дээ гээд өөрийн эрхгүй толгой сэгсэрэн санаа алдлаа. Тэрээр:

-Би хавдрын эмнэлэгээр олон жил явлаа. Энэ олон шинжилгээнд хавдарын эс багасах нь бүү хэл улам л ихссэн байгааг та харж байгаа биз дээ. Тэгээд ч би өдрөөс өдөрт улам хүч тэнхээгээ алдан суларч байна. Би уг нь хагалгааны тасагт нь хэвтэж хагалгаанд бэлтгэж байсан боловч ... би үнэхээр айж байна, би хагалгаа хийлгэмээргүй байна та туслаач дээ гээд уйллаа. Түүний энэ байдлыг хараад надад улам их айх сэтгэл төрөн:

-Миний бодлоор ийм хурдан явцтай хавдарыг эхэн үед нь яаралтай хагалгаа хийж авахуулсан нь дээр санагддаг. Та эмчтэйгээ сайтар зөвлөх хэрэгтэй эмнэлэгтээ буцаж очоод уйчлал гуйгаад дахин хэвтэх нь дээр гэж зөвлөх байна. Тэгээд ч би ямар ид шидтэн биш бүхнийг эмчилж чадахгүй шүүдээ. Үнэнийг хэлэхэд би таныг эмчилж дийлэхгүй байх гэж айж байна гэлээ. Би үнэхээр айж байлаа. Гэвч тэрээр:

-Би өөрийн шийдвэрээ өөрчлөхгүй гэж шийдсэн, та ядаж оролдоод үзээчдээ гэв.

-Иймээс уг хүний судал нь бүдүүн, дүүрэн, гангийн судал нь балархай лугших тул бор өвчин дээр нь тамир ихэд доройтсон нь илт тул зөөлөн аргаар эмчлэхээр шийдэн эхлээд ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжихээр Тунгалаг-5, Их танг бүрж өгөх эхлэн улмаар Эс шингэсний анар 8, Жамц 4 тан, Рашааны цагаан үрэл, Хар талх, Баатар 7, Индра 4 тан, Цус шарын халууныг арилгах Арслан 15, Жонш 6 зэргийг ээлж дараалан гарчигийн эхэнд өгүүлснээр монголын уламжлалт анагаах ухааны онолын үндсийг чиг баримжаагаа болгон эмчилгээг хийснээр зовиур шаналгаа багасан хавдрууд нь бага 62 багаар арилсаар бүрэн эдгэсэн тул надад бүх шинжилгээгээ талархалын хамт бичиж өгөөд байн байн гарыг минь барьж үнсэн ихээхэн талархаж байж билээ.

Энэ бол нэг талаар монгол эмнэлгийн минь гайхамшиг нөгөө талаар тэр хүний эдгэрнэ гэсэн итгэлийн хүч нь эдгэрэхэд нь ихээхэн нөлөөлснийх болов уу.

Харин эмчилгээ хийлгэхийг хүсэхгүй байгаа хүнд туслахыг хүсэн төрөл бүрийн аргаар тайлбарлан гуйгаад ч нэмэргүй нь эмчилгээний явцад нэлээд таарч байсан учраас тиймэрхүү хүмүүст нэг их тайлбарлаж шаардахгүйгээр орхидог болсон бөгөөд тухайн хүнийг өрөвдөх боловч яах нь ч дээр юм дээ гэж санаашрахаас хэтрэхгүй л юм даа. Үүнтэй холбоотой нэгэн жишээг доор бичлээ.

Нэгэн томоохон барилгын компанийн захирал үзүүлэхээр иржээ. Би түүнийг үзээд ‘’Элэгний архаг хуучтай’’ болсон байна гэлээ. Тэрээр:

-Өөр юу олов? гэснээ юу ч хэлэхгүй суусаар байх түүний байдал нь ч, нүд нь ч үл итгэх байдлыг илтгэх тул иймэрхүү хүмүүст өчнөөн ярьж тайлбарлаад ч нэмэргүйг мэдэх би түүнд:

-Би үзлэгийхээ дүнд таньд ‘’Элэгний их архаг өвчин’’ байна гэж оношиллоо. Харин өөр эрхтэнүүдэд өөрчлөлт илэрсэнгүй. Та эмчлүүлэх гэж ирсэн бол эмчилгээ бичиж өгөе, зүгээр оношоо тодруулах гэсэн бол онош тавигдсан гэж үзэж байна гэлээ.

Эхнэр нь түүн рүү дөхөж ирэн тонгойсноо эрх хүүхэд аргадах мэтээр:

-Үзүүл, үзүүл л дээ хэмээн хэд хэд ятгасны эцэст цүнхнээсээ зузаавтар шинжилгээг гаргаж ирээд:

-Би олон томоохон шинжилгээний төвүүдэд шинжилгээг хийлгэж ‘’Элгэнд хорт хавдартай’’ гэж оношилсон. Америкт хүртэл шинжилгээгээ явуулсан нь өөр эрхтэндээ үсэрхийлэлгүй нь ч батлагдсан. Миний хувьд америкт эмчилгээ хийлгэсэн ч болно л доо. Гэвч нэг талаар манайд ч адил дэлхий нийтээр хорт хавдарыг эмчлэхэд мөрдөж буй нэгдсэн зарчмаар эмчилдэг, нөгөө талаар би саяхан нэгэн шинэ томоохон барилгын ажил эхлүүлсэн ажил ихтэй болохоор зарим ховор, үнэтэй эмчилгээг америкаас захин авчруулсан ба хими эмчилгээг эндээ хийлгэхээр тохирчихоод явж байна гэлээ.

-Ер нь хими эмчилгээ нь элгээр шүүгдэж гардаг учраас элэгний үйл ажиллагааг бууруулах тул хүчтэй хими эмчилгээг шууд эхлэхийн оронд элгийг зөөлөн аргаар эмчилж чадвал элэгний эс нөхөн төлжих чадвар сайтай тул үр дүн харьцангүй сайн байдаг. Мэдээж хавдар бүхэн өөр л дөө. Хавдар хэт томорсон, хурдан явцтай, өөр олон эрхтэндээ үсэрхийлсэн зэргээр эмчилгээ оройтсон тохиолдолд зөвхөн зөөлөн аргаар эмчилэхэд үр дүн сайн байдаг гэж хэлэхгүй. Таны хувьд үсэрхийлэл өгөөгүй эхлэл төдий байгаа энэ үед нь элэгний архаг үрэвсэлийг дарж, дархлааг сайжруулан, элэгний эд эсийг сэргээх зорилгоор эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй санагдаж байна. Иймээс та хүсвэл би эмчилгээ бичиж өгөе гэж би хэлэв.

Томоохон төвүүдээр явж ихээхэн шинжилгээ хийлгэн ийм их материал бүрдүүлчихээд байгаа түүнд миний онош тавих байдал эмчилгээний арга үнэхээр толгойд нь нэг л бууж өгөхгүй байгаа нь илт бодол болсон хэвээр:

-Та энэ шинжигээг юу гэж бодож байна сайн үзээч гэлээ.

-Хэрэв та анхаарч сонссон бол би танд элэгний хурц өвчин, хөнгөн өвчин гэж хэлсэнгүй архаг гэж хэлсэн. Мөн энэ шинжилгээнүүдийн нэгэн адил эцсийн дүгнэлт нь элэгний архаг буюу хүндэрсэн хэлбэр гэж оношиллоо танд хангалтгүй сонсогдож байна уу? Миний хувьд элэгний хорт хавдар гэж хэлж арай л зүрхлэхгүй байна. Магадгүй ганц нэг хавдрын эс илэрсэн байна гэж үзэхэд түүнийг дээрх эмчилгээний явцад хатааж цэвэрлэх боломжтой тэгээд ч бусад эрхтэндээ үсэрхийлэл өгөөгүй энэ үед зөөлөн аргаар эмчилэх хэрэгтэй гэж хэлээд байна л даа гэлээ. Эхнэр нь:

-Сонсож байгаа биз гэж нөхөртөө эелдэгээр хэлээд:

-Эмчээ та миний нөхрийг эмчилж болно гэж үзэж байна тиймүү? хэмээгээд намайг харсанаа, “Тэгэхээр хайрт минь эхлээд энэ аргаар эмчилээд үзвэл яасан юм бэ? чи зөвшөөрчих л дөө гуйж байна тэгэхүү?” гээд нүдэнд нь нулимс гүйлгэнэн нөхрөө аргадангуй харав. Тэрээр эхнэррүүгээ харан толгой сэгсэрсэнээ:

-Би бүхнийг мэдэж байнаа. Чиний гуйснаар энд ирлээ өөр надаас юу хүсээд байгаа юм гэх нь сонсогдлоо. Ингээд над руу харснаа:

-Би эмнэлэгийн даргаар яриулаад хамгийн шилдэг эмчээр хоргүй байх бүх нөхцөлийг тооцон эмчлүүлэхээр тохирсон. Тиймээс түүнтэй ярилцаж байгаад дараа болъё гээд соёлтой нь аргагүй “Баярлалаа, баяртай” хэмээн гар атган салах ёс гүйцэтгээд гарч билээ. Эхнэр нь арга нь барагдсан шинжтэй нөхрийхөө араас үүдийг хаачихаад биднээс уйчлал хүсээд:

-Би тан дээр ирж зөвлөлгөө авч байж болох уу эмчээ? гэхэд нь би:

-Бололгүй яахав гэлээ.

Хэсэг хугацааны дараа ихээхэн турсан, үс нь шингэрч хэвлий нь устсан бөгөөд хүч тамираа алдсан нь илт ядрангүй царайтай ирээд:

-Эхнэрийхээ хүссэнээр ирлээ. Маш сайн эмч нарын хяналтанд асар үнэтэй эмчилгээг хийлгэж байгаа тул түүний үйлчилгээг сулруулж магадгүй учраас өөр ямар ч эмчилгээг хэрэглэхийг эмч маань хориглосон тул манайхаас эм уух хүсэлгүй байгаагаа хэлээд ар нуруунаас болон урдаас шарлага хийлгээд дууссаны дараа дээрх эмчилгээнийхээ үр дүнг үзэж байж эмч нар зөвшөөрвөл танайхаас эм уух эсэхээ шийднэ гэлээ.

Миний бие “Хайран хүн, хөөрхий минь” хэмээн дотроо өөрийн эрхгүй дуу алдсан боловч ил гаргахыг хүссэнгүй Ялангуяа нуруунаас шарах шарлага эмчилгээний дараа хөл нь явахад хэцүү болж мэдэх тул эмчлэгч эмчээсээ гуйж байгаад аль болох цөөн тоогоор бага тунгаар болгоомжтой авахыг бодоорой. Цацраг туяагаар шарах эмчилгээ чинь замдаа таарсан мэдрэл, судсыг хамтад нь түлчихдэг юм шүүдээ гэж хэллээ.

Мэдээж түүний энэхүү “Дэлхийн хамгийн шилдэг сайн бүхнийг хэрэглэж байгаа тул надад туслах ёстой” гэсэн их итгэл найдвар эмчилгээндээ маш үнэнч байгаа энэ байдлыг өөрчлөх боломжийг түүний ухамсарт оюунд хэн ч оруулж чадахгүй нь мэдээж байлаа.

Түүнийг гарсны дараа миний туслах бид хоёр саяхан л ажил ихтэй би бүхнийг мэдэж байна гээд эхнэрээ захиргаадан явж байсан хүн чинь ингээд эхнэрээрээ түшүүлэн арай ядан үгээ зөөж ярих энэхүү байдлыг хараад маш их өрөвдөн, бараг цочиролд орсноос болж жаахан тайвширч байгаад дараагийхаа хүнийг үзэж билээ. Хэсэг хугацааны дараа:

-Бүсэлхийнээс доош мэдээгүй болж хэвтэрт орсон яах вэ? гэсээр эхнэр нь ирлээ.

-Тэр хүн өөрөө эм уухыг хүсэхгүй байгаа үед бид ч та ч яагаад ч нэмэргүй шүү дээ, Гэвч өөрөө юу гэж байна? гэвэл:

-Нөгөө хорт хавдар нь л ингэж хурдан явцтай байгаа тул ингэж л эмчилэх ёстой гэж нөгөө эмчилгээндээ итгэсээр л байгаа. Гэвч тэр минь залуугаараа байгаа шүү дээ яах вэ? Гээд уйлахаар нь би түүнд шинэ цагийн шилдэг эмчилгээ үр дүнгээ өгөх байх гэж найдаж харж байя даа зарим хүн сайжирсан байдаг шүү магадгүй таны нөхөрт ч тусаа өгч мэднэ шүү дээ харин та нөхрөө сайн арчлан туслаж байх хэрэгтэй мэдээж тэдгээр эмч нар ч бас нөхөрт тань туслахыг маш их хүсч байгаа ер нь ямар ч эмч өвчтөнийхөө төлөө хүнд туслахын төлөө байдаг гэх зэргээр ярилцан хэсэг суулаа.

Дээрх жишээнд дурдсан хүн нь биднээс нэг ч тун эм, тан уугаагүй боловч эмчилгээнийхээ явцад байнга харилцаатай байсан учраас жишээ болгон бичсэн бөгөөд ер нь ийм зарчмаар эмчлүүлэх гэж байгаа, эмчлүүлж байгаа, эмчлүүлсэн зэрэг олон арван хүн над дээр ирж байсан. Тэдгээр хүмүүсийн тавилан ер нь адил төстэй байсныг дурдах нь зүйтэй санагдаж байна.

Энэ бол хэт хүчтэй хими, цацраг туяан шарлага эмчилгээ юунд хүргэж болдогийг харуулсан тод жишээ билээ. Үүнийг уншаад ямарваа эмчилгээг сонгохдоо сайн эргэцүүлэн бодож үнэтэй эмчилгээ бүхэн сайн үр дүнтэй байж чадах уу гэдгийг эрх биш тунгааж үзнэ биз ээ.

Үржингийн БАЙГАЛМАА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна