Хүлээлтэд цэг тавилаа

2015 оны 10 сарын 31

УИХ гурван сар, гурван чуулган дамнуулан хэлэлцсэн Өршөөлийн хуульд өчигдөр цэг тавилаа. Зарчмаасаа гажилгүйгээр Өршөөлийн хууль батлагдсаныг Х.Тэмүүжин нарын гишүүд онцолж байна. Өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, ”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байхаар зааж өглөө. Харин “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн заалтыг өршөөлд хамруулахаар болсон нь энэ зүйчлэлээр ихэвчлэн нягтлан бодогчид хэрэг үүрч, шоронд хоригдож байгааг өршөөх ёстой хэмээн үзсэнтэй холбоотой.

Гэхдээ УИХ бүтэн гурван сарыг алдлаа. Уг нь өнгөрсөн наймдугаар сард Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлахдаа авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар зүйчилж өгөөгүй бол ийн сунжрахгүй байв. Энэ нь Засгийн газрын боловсруулалтаас бус УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гаргасан санал санаачлага байсан бөгөөд парламент олонхиороо дэмжин баталснаар Өршөөлийн хууль тойрсон хэрүүл эхэлсэн юм. Хууль зүйн сайд Д.Дорлигжав Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл танигдахгүй болтлоо өөрчлөгдсөнийг Ерөнхий сайдад мэдэгдэн татан авахыг хүссэн ч хөдлөөгүй. Харин Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хуульд хэсэгчлэн хориг тавьснаар авлига, албан тушаал, залилангийн хэргийг өршөөлд хамруулахгүй байх хаалт тавигдсан юм.

Улмаар УИХ есдүгээр сард зарласан ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцсэн ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авч цаг уясан. Дараа нь намрын чуулган эхэлж, хоригийг хүлээж авсан ч Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авахаас аргагүйд хүрсэн юм.

Учир нь Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахаар дахин зүйчилсэн нь үндсэндээ Балдангийн нэрийг Гочоо болгон өөрчилснөөс өөр агуулгын өөрчлөлтгүй болгож хувиргасан юм. Энэ асуудлаас болж, Хууль зүйн байнгын хороон дээр том хэрүүл дэгдэж, чуулган дамнан үргэлжилсэн. Авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулж болохгүй хэмээн цөөнх болсон Х.Тэмүүжин, С.Бямбацогт нарын саналыг Хууль зүйн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирээгүй нь тус байнгын хороог дахин хуралдуулах чиглэлийг УИХ-аас өгөхөөс аргагүйд хүрч мөн л хоног алдаж байв.

Нийгэмд хүлээлт үүсгээд байсан дээрх хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлэхэд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авав. Ажлын тав хоногоор авсан завсарлага нь дахиад л долоо хоногоор асуудлыг хойш татсан бол хамгийн сүүлд буюу аравдугаар сарын 24-нд тус бүлэг завсарлагаа дахин сунгаснаар УИХ өчигдрийн нэгдсэн хуралдаанаараа Өршөөл үзүүлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа. Ширүүн ч хуралдаан болж өнгөрлөө.

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Ё.Отгонбаяр гишүүнийг бусдыг залилсан хэргээр 2016 оны сонгуулийн өмнө хэрэгт татагдана гэх агуулгатай зүйл ярьж, давшилсан бол Ж.Энхбаяр гишүүн бүлгийн хүнээ өмөөрч, тулаан хийв.

Харин Ц.Нямдорж гишүүн Өршөөлийн хууль нь Монгол төрийн улс төрийн ялзралыг, хуулийн системийн ялзралтай нь хамт ил гаргалаа хэмээн дүгнэсэн бол Н.Батбаяр гишүүн “76 гишүүнийг Өршөөлийн хуульд хамруулахгүй байя” гэдэг горимын санал гаргаж, С.Дэмбэрэл гишүүн саналыг нь эсэргүүцэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Кнопоо дараад л авлига, албан тушаалын хэргийг өршөөх үү, үгүй юу гэдгээ шийдье” гэсэн бол УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Хууль өмнөхөөсөө дордох ёсгүй” хэмээн зарчим ярьж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Мөн өршөөв өө чааваас. Бид нар гэж бид нар” хэмээн баалсаар гурван сар үргэлжилсэн хэрүүлд цэг тавилаа.

УИХ өнөөдрийн хуралдаанаараа Өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төслийн эцсийн найруулгыг сонсоно, харин хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна