Тавантолгой хөдлөх үү, засаг хөдлөх үү?

2015 оны 11 сарын 1

"News" агентлаг энэ долоо хоногийн онцлох нийтлэлийг хүргэж байна.

 

М.Энхсайханы өргөн барьсан төслийг Засгийн газар эргүүлэн татсанаас хойш Тавантолгойн зодоон наанаа намжсан мэт харагдавч, цаанаа уугисан хэвээрээ л байна. Энэ төслийн хувь заяа Ч.Сайханбилэгийн сандалтай ярих хэмжээний том улстөр болон хувирна чинээ хэн санах билээ. Одоо бол Ч.Сайханбилэгийн оруулж ирэх Тавантолгойн төслөөс түүний танхим орших, эс оршихуй нь хамаарна.

Одоогоос бараг есөн сарын өмнө Ч.Сайханбилэг ард түмэндээ хандаж хоёрхон асуулт тавьсан юм. Нэг нь эрдэс баялгаа эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хямралаас гарах. Нөгөө нь хэмнэлт таналтыг үргэжлүүлж, эдийн засгийн сахилга батыг бий болгох. Иргэд хэдийгээр нэгдүгээр замыг сонгосон ч эцэстээ Ч.Сайханбилэг хэмнэлт таналтын бодлогоо үргэлжлүүлэхээр, төрийн 180 мянган албан хаагчийн 20 мянгыг нь цомхотгох төсвийг Б.Болороор өргөн бариулав.  Төсвийн цомхотголыг З.Энхболд илэрхий дэмжиж байгаа бөгөөд үүнийг “Хэцүү ч гэсэн цомхотгол, цалингийн хасалт бас хийгдэнэ” гэх үг нь батална. Ингээд ирэх нэгдүгээр сарын 1-нээс олон хүн цалингаа хасуулж, олон иргэн ажлын байраа алдахаар болж байна. Эдийн засгийн хүндрэлийг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан богино хугацаанд даван туулахаар төлөвлөж байгаа тухай УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийг одоо байгаагаар нь батлана” гэсэн байна билээ.  Үнэнийг хэлэхэд “Үүрэхийг чи үүрч, янцаглахыг нь би янцаглая” гэсэн эрх баригчдын үнэн төрх ердөө энэ шүү дээ. Эдийн засгийн хямралыг иргэдийнхээ нуруун дээр үүрүүлчихээд өөрсдөө 3.27 хувийн алдагдалтай төсөв дээрээ жаргах гэсэн башир арга гэлтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн илүү их өвдөлтийг нь иргэд бид л амсана гэж ойлгох ёстой болж байх шиг. 

Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ-аар оруулалгүй, замд нь “гацаасандаа” баяртай байгаа хүмүүс УИХ-д Л.Эрдэнэчимэгээр тогтохгүй бий. Гэвч, өнөөдрийн эдийн засгийн байдлыг харахад тэд зөвхөн төслийг гацаагаад зогсохгүй, төмөр замаар дамжин дэлхийн зах зээлд гарах гэсэн Монгол Улсын хөл, хөгжлийн гарц, түүгээр дамжин манай улсад орж ирэх тэрбум, тэрбум долларыг  давхар, давхар гацаажээ.

Ийнхүү эрдэс баялгаа эргэлтэд оруулж чадаагүй Монголын төр засаг, иргэдийнхээ цалин хөлснөөс таналт хийж, нэг их наядын алдагдалд орсон төсвөө нөхөхөөр шийджээ. Хүний идэж байгаа аягатай хоолыг хүчээр багасгана гэдэг эрүүл бодлого яавч биш, энэ бол аргаа барсан төр, засгийн авдаг арга хэмжээ. Цаашлаад эдийн засгийн хямрал энэ янзаараа үргэлжилбэл, дахиад хичнээн хүний аягатай хоол руу төр гараа дүрэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан ирэх 2017 оноос эхлэн бид гадагшаагаа нийтдээ 4.4 тэрбум долларын өр төлнө. Тэрхүү өрийг төлөх хуримтлал хийгээд хөрөнгө оруулалт хаана байна?

Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ-аар оруулалгүй, замд нь “гацаасандаа” баяртай байгаа хүмүүс УИХ-д Л.Эрдэнэчимэгээр тогтохгүй бий. Гэвч, өнөөдрийн эдийн засгийн байдлыг харахад тэд зөвхөн төслийг гацаагаад зогсохгүй, төмөр замаар дамжин дэлхийн зах зээлд гарах гэсэн Монгол Улсын хөл, хөгжлийн гарц, түүгээр дамжин манай улсад орж ирэх тэрбум, тэрбум долларыг  давхар, давхар гацаажээ. 

Даляньд хийсэн айлчлалынхаа дараахан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Тавантолгойг удахгүй хөдөлгөнө” гэснээс хойш С.Баярцогтын асуудлыг босгож, Ч.Сайханбилэг рүү сум тавьсан улс төр одоогоор түр намжин, халуун намар дуусч, хахир өвөл хаяанд ирлээ. Лав энэ Засгийн өнгөн дээр, энэ парламентын үед Тавантолгой төсөл урагшлахгүй нь тодорхой болов. Эс бөгөөс Тавантолгой төсөл гэх эмзэг сэдвийг нь эргэн хөндсөнөөрөө энэ засгийн газар өөрөө нурж ч магадгүй  байна. Тиймээс Тавантолгой хөдлөх үү, засаг хөдлөх үү гэдэг нь цаг хугацааны л асуудал болжээ гэж хэлэхэд буруудахгүй биз. Ийм анхааруулгыг Л.Эрхэмбаяраас эхлээд З.Энхболд дарга ч энэ засагт хаяглан илгээсэн нь саяхан.

Гэвч нөгөө талдаа эдийн засагчид эрхбаригчдаас тэс өөрийг ярьж, зөвлөх болсон. “Ашигт малтмалын зах зээл маш их эрсдэлтэй, өндөр зардалтай, тиймээс төр төмөр замаа барина гэж төсвийн болон бондын мөнгийг үрээд их хэмжээний алдагдалтай хоцрох шаардлагагүй”-г эдийн засагч Ч.Хашчулуун сануулсан юм.

Хэн ч бодсон ийм өндөр өртөгтэй төслийг,  цалингаа тавьж чадахгүй байгаа Монголын төр хариуцаж хэрэгжүүлнэ гэж итгэхэд хэцүү.  Итгэлээ гэхэд энэ мөнгийг хаанаас олох вэ. Ахиад өр тавьж уу?!

Улаанбаатарт үдлээд мордсон шинзо Абэгийн хүлгийнх нь тоос бараг замхраагүй шахам байхад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлд хандан “Японы ерөнхий сайдын айлчлалаар УИХ-ын ажлын хэсгийн зорилт биелсэнд баяртай байна” гэж. Л.Эрдэнэчимэгийг яриад байгаа зүүн чиглэлийн төмөр зам, нүүрсний гэж нэрлэх болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудал хоёр өөр зүйл. Тэгээд ч Ш.Абэгийн айлчлалаар зөвхөн санамж байгуулсан төдий. Санамж бол гэрээ гэсэн үг биш гэдгийг Тавантолгой төслийн ажлын хэсгийг ахалсан хүний хувьд сайн ойлгож баймаар.

Тавантолгой төсөл бол дөрвөн тэрбум долларын өртөгтэй мега төсөл. Энэ төслийг хувь заяаг Л.Эрдэнэчимэг ганцаараа мэдэж шийдэх эрх байхгүй. Учир нь УИХ бол ард түмний төлөөлөл. Тиймээс УИХ-аар оруулаагүй төслийн сайн мууг хэн нэгэн улстөрч хувь хүний үзэмжээр дүгнэх ёсгүй гэсэн үг. Үнэндээ “Ажлын хэсгийнхний үүрэг бол төсөлд дутагдал байвал түүнийг тодорхойлж, төслийг сайжруулах талаар санал зөвлөмж гаргаад УИХ-д танилцуулах ёстой” гэсэн Ч.Хашчулуун докторын үг үнэн шүү дээ. Энэ төсөл сайн муу болсныг шүүн хэлэлцэх эрх нь зөвхөн УИХ-д бий. УИХ-ын олонхийн саналаар энэ төслийг шийдэх болохоос УИХ-ын даргын заавраар Тавантолгой гацах ёсгүй баймаар.

Эцэст нь хэлэхэд, эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хямралаас гарахыг иргэд хүссэн болохоос аягатай хоол, авдаг цалингаа хасуулахыг хүсээгүй л болов уу. Энэ бүхнээс харахад Тавантолгой хөдөлбөл засаг хөдөлнө. Засаг хөдлөхгүй бол Тавантолгой хөдлөхгүй гэсэн үг.  Хамгийн гол нь засгийн оруулж ирэх төсөл даргад таалагдахаас л бүх зүйл хамаарна.

 Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна