Урин хавартай золготол үүргээ ухамсарлаарай нийслэлчүүдээ

2015 оны 11 сарын 1

Нийслэлчүүдийг анхны цас багагүй бажигдуулаад авлаа. Яг нэг долоо хоногийн өмнө эхлээд бороо, дараа нь цас орсоор эцэстээ даваа гаригийн өглөө гэхэд нийслэлчүүд “мөсөн коток”-оор аялахаас аргагүйд хүрсэн. Энэ үеэс л нэг хэсэгтээ мартагдаад байсан цас, мөс, давс, бодисын яриа дахин сөхөгдөв. “Машин халтирч, замаар явах аргагүйд хүрсэн, Улаанбаатар нэгтгэлийнхэн хоосон машинаар давс цацав, давсны нөөц нь дууссан гэнэ” гээд л өнөөх л ярвигтай асуудлууд ар араасаа урган гарав. Тэгвэл энэ өвөл нийслэлчүүдийн “энхийн манаанд” хэчнээн тонн давс, бодисыг нөөцөлсөн бэ?

“Улаанбаатар нэгтгэл” компанийн дарга Д.Энхсайханы мэдээлж буйгаар энэ өвөл 600 тонн давс, бодисыг нөөцөлжээ. Гэхдээ энэ нь хангалттай эсэхийг мэдэхгүй. Цас ихээр орж, цаг агаар хүндэрвэл нөөцөө нэмэгдүүлнэ гэв. “Улаанбаатар нэгтгэл”-ийн давс бодис цацдаг 13 машин, 700 орчим ажилтан нийслэлчүүдийн ая тухыг хангаж, хальтиргаа гулгааг арилгахаар ажилладаг байна.

Энэ өвөл 600 тонн давс, бодисыг нөөцөлжээ. Гэхдээ энэ нь хангалттай эсэхийг мэдэхгүй. Цас ихээр орж, цаг агаар хүндэрвэл нөөцөө нэмэгдүүлнэ.

Хэдий ТҮК-ийн 700 ажилтан энэ үүргийг гүйцэтгэдэг ч хүн бүрийн хөл доорх цас мөс, халтиргаа, гулгааг цэвэрлэхэд хангалтгүй юм байх. ТҮК-ийнхан өөрсдөд ногдсон газраа цаг тухайдаа цэвэрлэдэг.  Гол нь журмаараа зохицуулагдсан үүргээ аж ахуйн нэгж байгууллагууд  ухамсарлах нь чухал гэдгийг тэд хэлэв. Аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр газрынхаа цас мөсийг арилгах нь журмаар зохицуулагдсан. Өөрөөр хэлбэл, тэр хэсгийг цэвэрлэх нь албан байгууллагынхны үүрэг. Энэ үүргээ албан, байгууллага, аж ахуйн нэгжүүд ухамсарлаж, цаг тухайд нь ажлаа хийчихвэл асуудал үүсэхгүй гэдгийг уламжлав.

Зарим тохиолдолд аж ахуйн нэгжүүдээс “Хальтиргааг яаж арилгахаа мэдэхгүй болохоор цаг их орж, ажил алдаж байна” гэх гомдол ирэх болжээ. Тиймээс энэ жилээс “Улаанбаатар нэгтгэл” компанид хандсан аж ахуйн нэгжүүдийг давс, бодис цацдаг газруудтай холбож ажиллах үүргийг хүлээсэн байна. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн хувьд халтиргаа, гулгаагаа арилгахдаа “Улаанбаатар нэгтгэл” компанид хандаж, давс бодис авах боломжтой юм байна.

Ямартай ч ойрын хоёр өдөр нийслэлд харьцангуй дулаарна. Харин түүнээс хойш цас орж, хүйтрэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас нь өгч байна. Тиймээс гуравхан сар үргэлжлэх цас, мөсний улирлаар л үүргээ ухамсарлаад орчин тойрныхоо цэвэр цэмцгэр, аюулгүй байдалд анхаарлаа хандуулчихвал удахгүй уриан хавартай золгоно доо нийслэлчүүд минь...

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна