Оросын 224 хүнтэй онгоцыг террористууд сөнөөсөн үү?

2015 оны 11 сарын 1

 

Оросын «Когалымавиа» компанийн “Airbus A321” онгоц өчигдөр /Х.31/ Синайн хойгт осолдож, 224 хүн амь үрэгдсэн хэрэгт “Исламын улс” бүлэглэлийг хардаж байна. Үүний зэрэгцээ “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой Египет дэх зэвсэгт бүлэглэл цахим ертөнцөөр Оросын онгоцыг буудаж унагсан хэмээн мэдэгджээ. Харин Египетийн ерөнхий сайд онгоцны осол техникийн шалтгаантай байх магадлал өндөр хэмээсэн аж. Өмнө нь Оросын онгоц техникийн шалтгаанаар ослын буулт хийх хүсэлт тавьсан хэмээн хэвлэлүүдэд мэдээлж байсан юм.

 

Одоогоор онгоцны хоёр хар хайрцагийг олсон тул ослын шалтгаан юу байсныг тогтоох нь цаг хугацааны асуудал болоод байна. Онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ОХУ, Францын мөрдөн шалгах албаныхан Египетийн тал болон “Airbus” компанийн төлөөлөгчдийн хамт ажиллаж байгаа аж. Түүнчлэн Оросын онгоцны ослын шалтгааныг тодруулах хүртэл “Emirates”, “Air France” , “Lufthansa” зэрэг авиа компаниуд Синайн хойгийн дээгүүрх нислэгээ түр зогсоожээ.

 

Шарм-эль-Шейхээс Санкт-Петербург хүрэх нислэгт 217 зорчигч, нисэх багийнхны хамт зорчиж явсны 25 нь хүүхэд байжээ. Египетийн албаныхны мэдээлснээр онгоцонд Оросын 213, Украины дөрөв, Беларусын нэг иргэн зорчиж явсан аж. ОХУ-ын Санкт-Петербург хотноо зорчигчдын ар гэрийнхэн цугласан байгаа бөгөөд эмч нар тэднээс хохирогчдыг хэн болохыг танихад туслах ДНК-ийн шинжилгээг авчээ.

 

Түүнчлэн «Когалымавиа» компанийг нислэгийн дүрэм зөрчсөн болон бэлтгэлийг муу хангасан зэрэг хэрэгт сэжиглэж байгааг Риа-Новости мэдээлжээ. Харин «Когалымавиа» компанийн зүгээс сүйрсэн онгоц 18 жил ямар ч асуудалгүй нислэг үйлдсэн бөгөөд нисгэгч нь 12 мянган цагийн туршлагатай гэж мэдэгдсэн байна.

 

ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байршлуудад агаарын цохилт өгч эхэлсэн билээ.

 

Эх сурвалж: ВВС, Reuters

Б.АНХТУЯА

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна