Л.Отгонбаатар “Их дуулга”-д түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.01-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаатар “Их дуулга”-д түрүүллээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох тэмцээн болох Абу Дабигийн "Их дуулга"-ын 90 кг-ын жинд зодоглосон Л.Отгонбаатар алтан медаль хүртлээ. Түүний жинд 35 бөх барилдсанаас тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, улмаар Морокко, БНСУ, Шведийн жүдочийг дараалан цэвэр ялсан хэсгийн аварга болсон. Л.Отгонбаатар хагас шигшээд Унгарын жүдоч Челябинскийн дэлхийн аварга, 2014 оны Абу Дабигийн "Их дуулга"-д түрүүлсэн Кристиан Тотыг торгуулиар ялсан. Улмаар “Их дуулга”-ын аваргын төлөө Нидерландын жүдоч Ван Т Энд Ноелийг цэвэр хожиж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

АНЭУ-ын Абу Дабигийн “Их дуулга” тэмцээнд 88 орны 489 жүдоч зодоглосноос манай улсаас Гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүүтэй 16 жүдоч хүч үзлээ.

Манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн -90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар алт, 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медаль авлаа. Мөн эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд шагналт V байрт орж, багийн дүнгээр VI байрт орлоо.

"Их дуулга" тэмцээнд түрүүлснээр Л.Отгонбаатар 500 оноо, Ц.Цогтбаатар 300 оноог чансаандаа нэмэх юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж