“Шууд суллагдах боломжгүй”

2015 оны 11 сарын 2

Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан. Ингэснээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдож улсад 32.2 тэрбумын хохирол учруулсан 100 гаруй хүнийг өршөөхөөс татгалзаж байгаа юм. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд нийтдээ 2500 орчим хоригдол өршөөлд хамрагдах гэнэ. Тэдний 300 орчим нь гэр орон, очих газар нь тодорхойгүй хүмүүс байгаа юм байна. Тиймээс төр захиргааны байгууллага хүлээж аваад, хороо хоринтой нь ярилцаж, өршөөлөөр суллагдсан хүмүүсээ нийгэмшүүлэх талаар анхаарахаар болжээ. Өршөөлийн хуульд хамрагдагсдыг суллах ажилд шаардагатай 150 сая төгрөгийг Ерөнхий сайдын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ.

Өршөөлийн хууль батлагдсантай холбоотой хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс зарим асуудлыг тодрууллаа.

-Өршөөлийн хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ баталлаа. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил ямар шатандаа байна вэ?

-Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг яаравчлан ажилдаа орсон. Энэ долоо хоногоос эхлээд өршөөлд хамруулах ажил эхэлнэ. Өмнөх туршлагаас харахад өршөөлд хамрагдсан иргэдийн асуудал нэг сард багтаж цэгцэрдэг. Яагаад нэг сарын хугацаа болдог вэ гэхээр хүн болгоны асуудлыг авч хэлэлцдэг. Тиймээс хууль батлагдсан даруйд суллагдах боломжгүй юм. Ерөнхийдөө хоригийг хэлэлцэж байх хугацаанд өршөөлд хамрагдсан хүмүүсийг суллах урьдчилсан бэлтгэл ажил маш сайн хийгдсэн.

-Өнгөрсөн хугацаанд Өршөөлийн хуулийг дагасан олон хардлага байсан. Авлига албан тушаалын хэргийг өршөөх гэж байна, өөрсдөдөө зориулж хууль батлах гэж байна гэх мэтээр олон нийтийн дунд яригдаж зарим нам эвсэл ч үүнтэй санал нэг байсан. Тэгвэл одоо энэ хардлага үгүй болсон гэж хэлж болох уу?

-Гол хардлага бол улс төрчдийг хардаж байсан. Энэ хардлагыг үгүй хийхийн тулд УИХ-ын гишүүдэд хамаарахгүйгээр гаргая, Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь хүлээж авъя гэх мэт олон санал гарсан. Миний хувьд бол хүний эрхийн талаасаа хамгийн их зөрчил гарч байгаа зүйл ангиуд дээр өршөөе гэдэг байр суурьтай байсан. Яагаад гэвэл хүний эрхийн зөрчлийг лавшруулахгүйн тулд өршөөе гэдэг байр суурьтай байсан. Одоо хууль нэгэнт батлагдсан учраас яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай.

-Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой намуудын улс төржилт нилээд байлаа. АН үүнийг хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Ер нь Өршөөлийн хуулийг түргэн шуурхай гаргаж аль болох олон хүмүүсийг хамруулъя гэсэн байр суурийг Ардчилсан тууштай баримталсан. Тийм ч учраас Ардчилсан нэг ч удаа завсарлага аваагүй. Дээр нь авлига албан тушаалын хэрэг дээр хоригийг хүлээж аваад батлая гэдэг саналыг Ардчилсан нам удаа дараа гаргаж байсан.

-Өршөөлд хамрагдаж байгаа 1700 орчим хоригдол нэг дор суллагдана. Энэ нь олон нийтийн дунд айдас төрүүлж байж болзошгүй юм. Дээрх хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн баталгаа байна уу?

-Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой дээрээ энэ хуулийг санаачлан баталсан. Өнгөрсөн хугацаанд Монголын төр таван удаа өршөөлийн хууль гаргаж байсан. Үүнд хамрагдаж суллагдсан иргэдийн 0,6 хувь нь дахин гэмт хэрэг үйлдсэн гэх судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, өршөөгдсөн хүмүүс сайн нийгэмшиж чадсан гэсэн үг юм. Тэд өршөөгдөж гарсаны дараа нэгэнт төрийн өршөөлийг хүртэж байгаа юм чинь иргэншиж, нийгэмшиж дахин хэрэгт холбогдохгүй байя гэдэг сэтгэлгээ давамгайлдаг гэсэн статистик судалгаа байдаг. Тэгэхээр энэ удаад өршөөгдөж байгаа иргэд ч гэсэн ийм сэтгэлгээтэй байх болов уу гэж үзэж байгаа.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна