Биш ээ, цаад эздийг нь!

2015 оны 11 сарын 2

Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулийн төсөлд “Эрдэнэс Оюутолгой” компани 17 тэрбум төгрөгөөр Америкийн хуулийн компаниас зөвлөгөө авна гэсэн нь төрийн албан хаагчдын цалинг хасч хэмнэх гэсэн мөнгөнөөс даруй хоёр дахин их мөнгөөр гадны хуульчдаас зөвлөгөө авах нь гэсэн эсэргүүцэлтэй тулгарсан.

Уул уурхайн чиглэлээр нарийн мэргэшсэн хуульчгүй Монголд гадны компаниудын үнэтэй зөвлөгөө чухал байж болох. Шаардлагатай тохиолдол үнийг нь төлөөд авах нь зүй ёсны хэрэг ч байж болох. Гэвч өнгөрсөн үйл явдлыг сайтар ажиглах тусам гадаадын компаниас зөвлөгөө авах нэрийн дор юу болоод буйг харж болмоор, хардаж сэрдмээр. Гадаадын компанийн зөвлөгөө нэрийн дор мөнөөх л хувийн ашиг сонирхол нуугдаж байдаг нь нууц биш. Тухайлбал Төмөр замын салбарт гадны компаниудын зөвлөгөөг өндөр үнээр авах гэрээнд гарын үсэг зурж байсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн долоо хоногт баривчиллаа. Үүнтэй зэрэгцээд “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан “Samsung CT” corporation-ийн удирдлагыг бас баривчилсан нь санамсаргүй тохиолдол биш. Б.Батзаяаг тендергүйгээр томоохон хэмжээний төслийн гүйцэтгэгч, зөвлөхүүдийг шалгаруулсан гэх шалтгаанаар баривчилсан талаар эх сурвалжууд ярьж байна.

Тэрээр “Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан–Эрээн цав, Хөөт-Бичигт чиглэлийн 1100 км төмөр замын ТЭЗҮ-г 7.8 сая ам.доллараар “Маккинсэй” компаниар хийлгэх гэрээнд гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ гэрээг яг хэрхэн хийсэн бэ гэдгийг сонирхвол нууцад  хамрагдах баримт бичиг гэх шалтгаанаар олон нийтэд ил болгодоггүй шидтэй.

Харин 50 км-ийн Туршилтын хөрс хуулалтын ажил 4.8 тэрбумаар "Kэй Эйч Эн Ар" ХХК-иар, мөн 5.1 тэрбум төгрөгөөр "Транскон" ХХК хийлгэх шийдвэрийг гаргаж байсан нь хэвлэлээр ил болсон юмдаг. Үүний дараа тэрээр шинэчлэлийн засгийн үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон. Дараа нь М.Энхсайханыг “Монголын төмөр зам”-ын даргаар тавьсан. М.Энхсайхан ч өөрийг нь тавиулах санаачлагыг Х.Баттулга гаргасан гэдгийг нуудаггүй. Гэхдээ утсан хүүхэлдэй нь болоогүй. Харин ч ам зөрөх болж, эцэстээ Зам тээврийн сайд А.Гансүх сайд ТӨХ-нд бичиг илгээн байж, “МТЗ”-ын дэд дарга байсан П.Бат-Эрдэнийг оронд нь томилж өгөхийг хүсч, хүсэлтийг биелүүлэхийг Б.Батзаяад даалгасан шийдвэр гаргасан нь саяхан.

П.Бат-Эрдэнэ “МТЗ”-ын дарга болмогцоо “Энержи Ресурс” ХХК-ийн “УХААХУДАГ-ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛД 267 КМ ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ КОНЦЕССЫН ГЭРЭЭГ цуцалсан. Ингэснээр өнөөдөр ашиглаж эхлэх байсан төмөр зам баригдаагүй. Тухайн үед “Энержи Ресурс” ХХК  ерөнхий гүйцэтгэгчээрээ “Samsung C&T” компанийг сонгож гэрээ хийчихсэн байсан тухай А.Гансүх сайд тайлбарлаж байсан ч хожим тийм явдал болоогүйг “Энержи Ресурс”-ынхан ил болгосон билээ.

Хамгийн аюултай нь 100 мянган ам.долларын дүрмийн сантай “Samsung CT” corporation-ийн охин компани болох 139 мянган ам.долларын дүрмийн сантай “SCTECM” ХХК-д 483 сая ам.долларын өртөгтэй үндэсний бүтээн байгуулалтын  төслийг ямар нэгэн тендергүйгээр шилжүүлсэн явдал.

Амташсан хэрээ 13 нахихын үлгэрээр дээр нь Санхүүгийн зөвлөх “BNP Paribas”, “GUGGENHEIM”-тэй /2013.12.06-ны өдөр/ 1.4 сая ам.долларын гэрээ, Хуулийн зөвлөх “Сидлеи Аустан”, “Эм Ди Эс”-тэй /2013.05.01-ний өдөр/ 4.4 сая ам.долларын гэрээ, Техникийн зөвлөх “DBI”-тэй /2013.09.28-ны өдөр/ 6.3 тэрбум төгрөгийн гэрээ, Хөгжлийн банк 200 сая ам.долларын зээл авсан гээд “хамгаалагчийн хамгаалагч” П.Бат-Эрдэнэ “МТЗ”-ын дарга болоод 600 сая ам.доллараар тооцогдох төсөл, хөтөлбөр, тендерт гарын үсэг зурсан байдаг. Харин одоо тэрээр гадагшаа сургуульд явсан сурагтай. Мэдэх хүн алга.  Ийнхүү хамаг хэрэг мандахаас өмнө сая сая долларын гэрээнд гарын үсэг зурсан эзэн усанд хаясан чулуу шиг чимээгүйхэн сураг алдарчээ. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Хийж чадахгүй бол чадах хүнд нь ажлаа өг” гэж адлуулж байсан Б.Батзаяа хэрэгт сэжиглэгдэн баригдаад байна.

П.Бат-Эрдэнэ мэдээж гарын үсгээ зурсан баримт, бичгээ тайлбарлах хэрэг хэзээ нэгэн цагт гарна. Магадгүй МИАТ-ийн, нүүрс хөтөлбөр, өөр албан тушаалтнуудын хэрэг шиг эдгээр хоёр хүн татагдаад албан тушаалд томилж, зааварчлан гүйцэтгүүлж, байсан гол хүмүүс нь үлдэх вий. Ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй А.Гансүх сайдаас эхлээд энэ салбарыг толгойлж байсан “Монголын эрх ашгийн төлөө бүлгэм” энэ хэргээс өнөөгийн хуулийн тусламжтайгаар мултарч дөнгөхийг үгүйсгэхгүй. Тиймээс ч жилээс жилд ярьж, гадны зөвлөгөө, хөрөнгө оруулалт нэрийдлээр сая саяар нь төсөвлөх ам.долларын хяналтыг ил болгож, хариуцлага тооцдог тогтолцоо Монголд өнөөдөр дутагдаж байна. Хуулийн хийдлийг ашиглаж, сиймхийгээр нь утсан хүүхэлдэйгээр хулгай хийлгээд, өөрсдөө ард нь гэм зэмгүй үлдчихдэг бүхэл бүтэн олигархиудын бүлгэм улам бүр амташсаар. Утсан хүүхэлдэй бол яг л гал хамгаалагч шиг ажилладаг. Цахилгаан ихсээд аюул нүүрлэхийн цагт гал хамгаалагч ганцаар шатаад бусад цахилгаан хэрэгсэл зүгээр үлддэг шиг. Энэ удаад Б.Батзаяа ч мөн гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэв бололтой.

“МТЗ”-аас сайдынхаа хүсэлтээр халагдсан М.Энхсайхан Монгол Улсын сайд болмогцоо “Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалтыг ярихдаа үндэсний эрх ашгийг тэргүүнд тавих ёстой. Дотооддоо нэлээн сайн ойлголцож явах ёстой байх” гэж нам дамнасан бүлэглэлээс болгоомжилсондоо хэлсэн болов уу?  

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “ҮХААЯ-наас гадна Зам тээврийн яамыг удирдаж байгаа. Төмөр замын асуудлаар А.Гансүх Х.Баттулгын амнаас зөрж ганц шийдвэр гаргана гэж байхгүй. Засгаас ганц ч төгрөг авалгүйгээр төмөр зам барьчих боломж байсан. Төмөр замаар ямар луйвар, будлиан хийгдсэнийг нэг бүрчлэн мэднэ. Хэнд ч хэрэггүй далан шороо ухаад 50 тэрбум төгрөгийг шороонд булсан гэж дүгнэсэн. Харин тэр сонирхолтой нөхөр өнөөдөр дахин нэг Засгийн газраар нэлээн нухацтай оролдохоор ханцуй дотроо төлөвлөгөө боловсруулж сууна. Тэр төлөвлөгөө нь Монгол Улсад аль хэр хохиролтой хийгээд хожоотой болохыг цаг хугацаа л харуулах нь дамжиггүй” гэж Х.Баттулгыг давхар дээлийг тайлахыг дэмжиж, сайдын суудлаасаа татгалзах үеэр хэлж байсан. Хууль зүйн сайд асан, хашир бурхи ямар нэгэн үнэр авсан болоод л тэгж хэлж таарна. Тиймээс шалгаж үнэн мөнийг нь тогтоох л хэрэгтэй. Гөлгөө яалаа гэснээс “Өглөө” кинонд Д.Сүхбаатар “Биш ээ, цаад эзнийг нь, эздийг нь” гэдэг шиг гал хамгаалагчийг биш ээ, цаад эздийг нь хэмээн чекистууддаа жирийн муу сэтгүүлч Л.Нарантөгс сануулах гэсэн хэрэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна