"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

2015 оны 11 сарын 2

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Протокол соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтэллээ. Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” , “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр тус тус соёрхон баталжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд  ямар нэмэлт, өөрчлөлт оруулсныг эмхэтгэлийн шинэ дугаараас мэдэх боломжтой.

Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ. Энэ бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болох ажээ.

Энэ бодлогын баримт бичгээр батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах бодлогын улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, эрх зүйн чиглэлийг  тус тус тогтоож өгсөн бөгөөд тухайлбал, бодлогын эдийн засгийн чиглэл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангаж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд, Монгол Улсын хүний хөгжил нь батлан хамгаалах бодлогын нийгмийн чиглэлийн үндэс мөн болохыг, бодлого нь батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндэс бөгөөд олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлахад харгалзана гэжээ. Түүнээс гадна төрийн цэргийн байгуулал, зэвсэгт хүчний үүрэг, түүнийг хөгжүүлэх чиглэл ямар байх зэргийг тогтоож өгсөн байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Хуулийн төсөл буцаах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Мөн түүнчлэн, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг,” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох,...эрхтэй...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ”...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан...иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байх тул Үндсэн хуулийн цэц тогтоолоор хүчингүй болгожээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна