Япон, Солонгос, Хятад юу ярив?

2015 оны 11 сарын 2

 

Япон, Өмнөд Солонгос, Хятад гурван улсын лидерүүдийн уулзалт ням гаригт /XI.1/ Сөүлд боллоо. Гурван талт уулзалтын үр дүнд худалдаа наймаа болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бүрэн сэргээж чадсаныг албаныхан мэдээлэв. Түүнчлэн 2012 оноос хойш тасалдаад байсан энэ уулзалтыг цаашид жил бүр зохион байгуулж байхаар тохиролцжээ.

 

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе болон Японы ерөнхий сайд Шинзо Абе, Хятадын Ли Кэцян нар гурван улсын чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээ хэлцлийг түргэвчлэх болон шинэ мега худалдааны бүс байгуулахаар тохиролцсон байна. Гурван улсын чөлөөт худалдааны гэрээ байгуулах яриа анх 2012 оны арваннэгдүгээр сард гарч, үүнээс хойш албаныхны дунд найман удаагийн уулзалт хэлэлцээ зохион байгуулагдсан байв. Гэвч энэ нь үнэ тарифыг тогтоох болон бусад олон асуудлын улмаас ахиц муутай явж иржээ. Хэрэв Япон, Өмнөд Солонгос, Хятад гурван улсын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулагдвал энэ нь нийлбэр дүндээ 15 тэрбум ам.долларын ДНБ бүхий дэлхийн хамгийн том эдийн засгийн бүс болох бөгөөд тэдний ДНБ нь дэлхийн эдийн засгийн 20 орчим хувийг эзлэх аж.

 

Мөн тэд 16 орныг хамарсан чөлөөт худалдааны “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн хамтын ажиллагааны түншлэл” (RCEP) байгуулахад хамтран ажиллахаар зөвшилцжээ. “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн хамтын ажиллагааны түншлэл”-д Зүүн Өмнөд Азийн холбооны 10 орныг багтаах аж. Шинэ бүс байгуулах яриа 2013 оноос эхэлж, энэ 2015 оны эцэс гэхэд эхний гэрээ хэлцлийг байгуулахаар зорьжээ. Үүнийг АНУ-ын тэргүүлсэн Номхон далайг дамнасан худалдааны түншлэлтэй (TPP) эн зэрэгцэхүйц байлгахыг Хятадын талаас хүсч байгаа аж.

 

Мөн уулзалтын үеэр талууд Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох зорилго тавьсныг БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе мэдэгджээ. Уг зорилгод хүрэхийн тулд цаашид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт яриа хэлцлийг сэргээхээр тохиролцсон байна. Цөмийн хөтөлбөрийн зургаан талт хэлэлцээ 2008 оны сүүлээс хойш зогссон юм. Түүчнлэн тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг дагаж мөрдөн, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэх байр суурь баримтлахаа мэдэгджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2005 оны есдүгээр сарын 19-ны тогтоолын дагуу Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоосны хариуд дипломат зөвшилцөл, эдийн засгийн тусламж авах аж.

 

Чуулга уулзалтын дараа гурван улсын лидерүүд Сөүл зочид буудалд болсон бизнесийнхний уулзалтанд оролцжээ. Гурван улсын 400 орчим бизнесмен оролцсон энэ уулзалтыг Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн холбоо, Японы бизнес эрхлэгчдийн холбоо, Хятадын олон улсын худалдааг дэмжих зөвлөлөөс зохион байгуулсан байна. Энэ үеэр гурван улсын худалдааны байгууллагууд эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх, хөрөнгө оруулалтыг засгийн газрын бус төвшинд нэмэгдүүлэх зэрэг олон санамж бичигт гарын үсэг зуржээ.

 

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе Японы ерөнхий сайд Шинзо Абетай дайны үеэр япон цэргүүдийг зугаацуулагч хийсэн эмэгтэйчүүдийн нөхөн төлбөрийн асуудлыг хэлэлцсэн байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС, ASSOCIATED PRESS, KOREAN TIMES

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна