Долоо хоногийн гэрэл зургийн сурвалжлага

2015 оны 11 сарын 2

Сэтгүүлч:
Улаанбаатар

Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын гэрэл зургийн сурвалжлагыг тоймлон хүргэж байна.


Баасан (10.30)

Нэгдсэн үндэсний байгууллагын(НҮБ) Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган дээр болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс ялалт байгуулж, сонгогдсон нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Энэхүү хурал энэ сарын 28-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон бөгөөд энэ өдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр бид бүхэн АНУ-аас ирээд энэхүү мэдээллийг хийж байна. Энэ сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч гурав дахь өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр Монгол Улс сонгогдлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган дээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орнуудыг сонгох сонгуульт ажил явагдсан. Энэ зөвлөлд нийт 47 гишүүн орон байдаг. Эндээс 18 гишүүнийг сольсон байгаа. Ази, Номхон далайн бүлэгт 5 суудал өгсөн. Үүнд 7 орон өрсөлдөж, Монгол Улс 192 орноос 172 орны саналаар нэгдүгээр байрт жагссан. Манай улстай өрсөлдсөн орнуудаас АНЭУ 159, Киргиз 147, БНСУ 136, Филиппин 113 улсын саналаар удаалан Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Пакистан, Лаос улс саналаараа орж чадаагүй. Манай улс энэхүү сонгуульд анх 2012 онд Л.Болд сайдын үед нэрээ дэвшүүлж байсан. Энэ том сонгуульд өнөөдөр Монгол Улс ялалт байгуулж байгаа нь манай улсын нэр хүнд Олон улсын хэмжээнд ямар түвшинд байгааг харууллаа. Энэ маань олон жил ажилласан дипломатуудын маань ажлын үр дүн юм." гэсэн юм.

 

 

Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановын тоглолт энэ өдөр(X.30) “Соrporate” зочид буудлын цоо шинэхэн концертын танхимд эгшиглэлээ. Монгол Улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, Олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг The Corporate Hotel & Convention Centre-ийн хамт олон нээлээ. Харин тэд энэхүү концертын танхимынхаа нээлтэд Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж, ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД элит тоглолтыг толилуулсан юм.

Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа “Русквартет” хийлийн квартетийн хамт Монголд тоглолоо.

Эльмар Гасанов тоглолтын үеэр хэлэхдээ “Энэ үдэш гайхалтай сайхан байна. Би Монголд хоёр дахь удаагаа тоглолоо. Өмнө нь ирж байхад Монголын үзэгчид их найрсаг хүлээж байлаа. Харин удаа энэ шинэхэн театрын нээлтийн тоглолтод та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Би энд нэг хүнд онцгойлон талархлаа хэлмээр байна. Ийм сайхан театрыг байгуулсан ноён Т.Ганболд таньд талархаж байна. Цашид энд хөгжмийн олон сайхан тоглолтууд болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

 

Пүрэв. (10.29)

Жил бүр нийслэлийн ойн өдрөөр “Нийслэлийн туг”-ийг мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 376 ой тохиож буй энэ өдөр,  морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж,  “Нийслэлийн туг”-ийг мандуулсан. Тэгвэл Нийслэлийн парад энэ өдөр боллоо. Энэхүү парад нь Улсын Их дэлгүүр-Цэцэг төвийн уулзвар-Анкарагийн гудамжаар дайран Чингисийн талбайд ирсэн юм.

Энэ өдөр иргэд хэсэгхэн хугацаанд ч гэсэн бие биедээ инээмсэглэл бэлэглэж, хотын төрсөн өдрөө хөгжилдөн тэмдэглэв. Хотын гудамж дахь иргэдийн инээмсэглэх шалтгаан нь ердөө баярын парад байлаа. Энэхүү баярын жагсаалийг анх удаагаа иргэд болон хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо, саналыг хотын удирдлагууд дэмжиж хамтран зохион байгуулсанаараа онцлог аж.


 

Пүрэв. (10.29)

Энэ өдөр харвалтын эсрэг дэлхийн өдөр тохиосон. Иймээс улсын томоохон эмнэлгүүд иргэдэд харвалтаас урьдчилан сэргийлэх, харвасан тохиолдолд ямар арга хэмжээ авахаас эхлээд үнэгүй зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Улсын I, III эмнэлэгүүдэд иргэдэд цус харвалтаас урьдчилан сэргийлэх болон хэрхэн энэ өвчнөөр өвдөхгүй байх талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгч, үнэгүй оношилгоо, шинжилгээг хийлээ. Даралт ихсэх, зүрхний эмгэг, бөөр, чихрийн шижин, цусан дахь өөх ихдэх, судасны нарийсал, ханын үрэвсэл, жирэмслэлтээс хамгаалах эм тогтмол хэрэглэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи хэтрүүлэх, стресс, өөх тос, давс, чихэр их хэрэглэх зэргээс шалтгаалж цус харвадаг. Иймд хүн бүр цусны даралтаа шалгаж сурах шаардлагатай юм.

 

ЛХАГВА (X.28)

Германы шинэ технологиор хийсэн Сонсголонгийн 5,5 км замын албан ёсны нээлт энэ өдөр болсон. Энэхүү зам нь хоёрдугаар ангиллын буюу хүнд даацын гэдгээрээ онцлогтой. Жил дамнан үргэлжилсэн тухайн замын нийт өргөн нь 24 метр. Замыг дөрвөн эгнээ гэж тооцвол тус бүр нь 3.5 мерийн өргөнтэй юм. Мөн 1,5 метр хоёр дугуйн зам, нэг метрийн хэмжээтэй хоёр явган хүний замтай баригджээ. Насжилтын хувьд 50-60 жилийн эдэлгээтэйг гүйцэтгэгч компаниуд онцлов. Бусад замуудтай харьцуулахад замын зузаан 26 сантиметрийн бетонон цутгалттай гэдгээрээ давуу болжээ. Мөн тус замд ашиглагдсан материал бүгд Монголд үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог.

 

Уг замын нийт төсөвт өртөг 23 тэрбум төгрөг. Үүнээс 16 тэрбум нь даацын замын өртөг бол бусад нь замыг өргөтгөх ажилтай уялдаж буй инженер дэд бүтцийн ажлын зардал юм байна. Энэхүү хөрөнгө оруулалтыг Чингис бондоос гаргажээ.

Зам барилгын ажлын явцад 120 орчим хөндлөн сэтэлгээ хийж, шаардагдах дэд бүтэц, инженерийн байгууламжуудтай уялдуулсан аж. Замын нийт уртын дагуу ус зайлуулах 8886 метр шугам хоолой, 281 ширхэг худаг болоод 237 шон бүхий гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан байна. Гүйцэтгэгч талууд хуулийн дагуу гурван жилийн дотор замын арчлалт, засварыг хариуцан хийх ёстой. Гэхдээ дээрх хүнд даацын замд гурван жилийн дотор ямар нэгэн элэгдэл гарахгүй. Замын чанарыг харуулсан бүтээн байгуулалт гэдгийг гүйцэтгэгч компаниуд тодотголоо.


ЛХАГВА (X.28)

Халх гол чөлөөт бүс байгуулах асуудлыг эсэргүүцэн Хөдөлмөрийн үндэсний намынхан /ХҮН/ энэ өдөр Чингисийн талбайд жагсаал хийлээ. Тэдний зүгээс “УИХ-ын хаврын чуулганаар баталсан Халх гол чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоолыг цуцал” гэсэн байр суурийг илэрхийлэн жагсаал цуглаан зохион байгуулжээ.

Халх голын 500 мянган га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгож, эрчимжсэн хөдөө аж ахуйн хэлбэрээр ашиглуулах шийдвэрийг гаргасан билээ. Харин энэ шийдвэрийн дараа ХҮН-аас Халх голд эрдэмтдийг судалгаа шинжилгээ хийлгүүлэн, чөлөөт бүс байгуулах нь байгальд ихээхэн эрсдэл авчирна гэдгийг сануулж мэдээлэл хийсэн юм. Гэвч тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа учраас энэ удаад төв талбайд жагсаал цуглаан зохион байгууллаа.

 


ЛХАГВА (X.28)

Монголын Эл хаадын улс Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан. Энэ ч үүднээс эдүгээ Ираны түүхийн архивт Монголын түүх, соёл урлаг, зан заншилтай холбогдох арвин их дурсгал, олдворууд байдаг аж. Тэгвэл энэ их олдвор, түүхийг хамтран судлах ажлын хэсгийг хоёр орны Шинжлэх ухааны академи, Боловсрол судалгааны төвөөс байгуулсан юм. Багийнхан өнгөрөгч зургадугаар сард Иранд судалгаа шинжилгээний ажил явуулаад иржээ. Энэ ажлын нэг хэсэг болсон “Хижрийн 7-8, нийтийн тооллын 13-14 дүгээр зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйлс – Гэрэгэ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

 

 

 


МЯГМАР (X.27)

Баянзүрх дүүрэг дэх "Баян Монгол" хорооллоос Нарны зам руу холбогдох төмөр зам доорх тунелин замын чанх хойшоо явган хүн гарах гарцан тэмдэглэгээг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ээс хийжээ. Замын тэмдэглээг стандартын дагуу дулаан температурт хийх ёстой. Цаг агаар хүйтрэхээс өмнө гарцны тэмдэглээний цагаан зураасыг тавьсан байна. Ингэхдээ гарцны тэмдэглэгээг холбогдох стандартыг баримтлан явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын голоор дамжин алхаж, зам хөндлөн гарах зохицуулалтыг хийжээ. Уг нь хамгаалалтын хайс, замын голоорх явган замыг барьсаны дараа ойлгомжтойгоор гарцны цагаан зураасыг тавих байсан ч цаг агаараас шалтгаалж, гарцны тэмдэглэгээг түрүүлж тавьсанаар олон нийтийн шүүмжлэлд өртсөн гэсэн тайлбарыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл"-ээс хийсэн юм.

10.27-ын өдрийн 18.00 цагийн орчимд явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах, гарцыг дамжин гарах явган замын хайсыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл"-ээс суурилуулжээ.

 

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД, Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна