Цалин тэтгэврийг нэмэх ёстой гэв

2015 оны 11 сарын 2

УИХ дахь бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ. Мэдээлэлд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцсон юм. Гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар томилолттой явж байгаа аж. Тэрбээр энэ долоо хоногын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төсөлд бие даагчдын зөвлөлийн байр суурийг мэдээлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Бид цалин, тэтгэврийг валютын ханш, инфляцийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ийм боломж бий. “Оюутолгой”-н төслийн талаар зөвлөгөө авах нэрийдлээр 17.5 тэрбум төгрөг зарцуулах бус цалин, тэтгэвэрт зарцуулах ёстой.

“Хөдөөгийн хөгжил хөтөлбөр”-ийн хоёр дахь санхүүжилтийн чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас зээл авах хэлэлцээрийн төсөл орж ирж байгаа. Үүнийг бид дэмжинэ. Энэ хөтөлбөр нь хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 150 мянгаас хоёр сая төгрөгийн зээл олгох юм. Энэ долоо хоногт Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримтлах бодлогыг батална. Энэ бол маш чухал. Уул уурхайгаас авдаг эдийн засгийн үр ашиг муу байгаа. Тиймээс экспортын чиглэлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ илүү дэмжиж, хөгжүүлэх ёстой. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Хөдөөгийн хөгжил хөтөлбөр”-ийн хоёр дахь санхүүжилт чухал үүрэгтэй.

Мөн “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийг Азийн хөгжлийн банкнаас авах хэлэлцээрийг хэлэлцэнэ. Эдийн засгийн хямралтай энэ үед нийгмийн халамжийн чиглэлийн хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн гадаадын санхүүжилтийг алдаж болохгүй. Миний бие өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн захын гэр хорооллуудаар явж ажиглалт хийсэн. Тэгэхэд иргэд дэлгүүрээс талх хувааж авч байна. Энэ бол амьдрал хэр хүндэрч байгааг харуулж байна. Тиймээс энэ зээлийн төслийг дэмжиж байна гэсэн юм.

Дээр дурьдсан хоёр зээл 30 хувийн хөнгөлөлттэй орж ирж байгаа. Тиймээс энэ өрийн босгод төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Дараа нь БНХАУ-ын Экспорт, импорт банкнаас нэг тэрбум ам.долларын зээл авах асуудал яригдана. Энэ хөрөнгийн Эгийн голын усан цахилгаан станц болон Хөшигийн хөндийн автозамын бүтээн байгуулалтад зарцуулна. Өнгөрсөн хавар эрчим хүч, зам тээврийн салбарт авч байгаа зээлийг Зээлийн тогтвортой байдлын үзүүлэлтэд оруулахгүй гэж шийдвэрлэсэн. Энэ бол Экспорт, импорт банкнаас авах нэг тэрбум ам.доллар өрийн босгод нөлөөлөхгүй мэт харагдуулах арга юм. Энэ зээлийн нэг сайн тал нь 29 хувийн хөнгөлөлттэй орж ирэх юм. Тэгэхээр төсөвт учрах дарамт нь харьцангуй бага байна гэсэн үг. Эгийн голын усан цахилгаан станц чухал ач холбогдолтой. Монгол Улс эрчим хүчний салбараараа ОХУ-аас байнга хараат байгаа. Эгийн голын усан цахилгаан станц байгуулагдсанаар ОХУ-аас эрчим  хүчний хувьд хараат бус болно.

Түүнчлэн Мөнгөний бодлого дээр Төв банкны Ерөнхийлөгчийг асуудлыг хөндөх ёстой гэсэн байр суурьтай байна. Өнөөдөр ядруулыг өдөр ирэх тусам бүрдүүлж байгаа нөхцөлийг Монголбанк бүрдүүлсэн. Хэдэн жилийн өмнө нэг ам.доллар 1300 төгрөг байсан  бол өнөөдөр 2000 төгрөгтэй тэнцэж 700 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь нүүрс, алт, зэс гадаадад экспортолж байгаа компаниудад ашигтай. Яагаад гэвэл авч байгаа нэг ам.доллар тутамдаа 700 төгрөгөөр нэмэгдсэн. Харин импортын бараа хэрэглэж байгаа бидэнд хортой. Хүүхдийн хичээллийн хэрэглэлээс эхлээд бидний ихэнх хэрэглээ импортын бараа байдаг. Бие даагчдын зөвлөлөөс хоёр удаа Монгол банкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавьж байсан. Одоо дахиад хөндөнө. Өнөөдөр орж ирж байгаа Мөнгөний бодлогыг “хар гар” удирдана гэж байгаа. Валютын ханш Монгол банкинд хамаагүй гэсэн. Төр энэ бүхнийг зохицуулахын тулд байдаг. “Оюутолгой”-н ачуулж байгаа бараа өнгөрсөн жил 2013 онтой харьцуулахад нэг тэрбум ам.долларын өсөлтийг манай экспортод бий болгосон. Гэтэл Монголбанкны валютын нөөц байхгүй. Учир нь Монгол банкаар “Оюутолгой”-н мөнгө дамждаггүй. Одоогийн мөрдөгдөж байгаа мөнгөний бодлого дээр ч “Эрэлт нийлүүлэлтээр удирдана, ханш чөлөөтэй байна” гэж заасан. Энэ нь зах зээлийн зарчмаар удирдана гэж байгаа учир төв банкны Ерөнхийлөгчийн асуудлыг хөндөнө гэлээ.

Намрын чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэлэлцэж байгаа.  Хүн гүтгэсэн хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр заасан  бие даагчид эсрэг байр суурьтай байгаа аж. Учир нь уг асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг болвол  “Шар сонин цэцэглэнэ”, Эрүүгийн хуулинд тусгах ёстой гэсэн байр сууринд нэгджээ.  Мөн Эрүүгийн хуулинд компани дээр  хэрэг үүсгэхээр заасан нь буруу. Компанитай хүмүүс нь хэргээ компаниараа үүрүүлээд явна. Гэтэл компанигүй иргэн өөрийн нуруун дээрээ уг хэргийг үүрнэ. Эзэнгүй юм шиг компани дээр эрүүгийн хэрэг үүсгэх нь байж болохгүй зүйл. Компанийн цаана хүн байгаа. Тэр хүн нь компанидаа хэргээ хүлээлгээд ялаа эдлэхгүй үлдэнэ. Компанийн үйл ажиллагааг хааснаар уг хэрэг шийддэг байх нь буруу ” гэсэн юм.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна