Сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл буурахгүй байна

2015 оны 11 сарын 2

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үйлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.  2013 оны арвандүгээр сарын 2-ны өдөр Мали улсад ажлаа хийж явсан Францын хоёр сэтгүүлч хэрцгийгээр хөнөөгдсөн явдлыг хүндэтгэн дурсах үүднээс энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэдэг болжээ. Дэлхий хэмжээнд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 540 сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтны амийг хөнөөсөн явдал гарчээ. Гэвч үүний 10 хүрэхгүй хувь нь шийдэгдсэн гэх тоо бий.

Тэгвэл энэ дүр зураг Монголд ч бий болж, жил ирэх тусам тоо, давтамж нь нэмэгдэж байгаа нь сэтгүүлзүйн салбарынхны санаа зовоосон асуудал болоод буйг “Глоб интернэшнл” хэлэлцүүлгийн үеэр салбарынхан дурьдав. Ажил, үүргээ гүйцэтгэж яваа, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэж буй сэтгүүлчийг эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын зүгээс буруутан болгох, айлгах сүрдүүлэх, баривчлах, хувийн аюулгүй байдалд халдах зэрэг асуудал үүсдэг гэв. Гэтэл ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчийг хохироосон цаад хүнд нь арга хэмжээ авсан тохиолдол тун ховор юм байна. Сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл гаргасан хоёр хүнд л арга хэмжээ авчээ.

Сэтгүүлчийн ажил үүргээ гүйцэтгэх, мэдээ материалаа олонд хүргэх явцад саад учруулж, дарамталж, хорино гэдэг эргээд Монгол Улсын иргэн, ард түмний үнэн зөв мэдээлэл олж авах эрхэнд ноцтой халдсан үйлдэл гэдгийг салбарынхан онцолсон. Гэхдээ сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд хариуцлага тооцох асуудлыг хуулиар зохицуулжээ. Энэ нь томоохон амжилт гэдгийг дурьдав.

Эрүүгийн хуульд:

139.1 – Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

139.2 – Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.    

Хэдийгээр ингэж хуульчилж заасан ч сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэлд хариуцлага тооцох асуудал газар авсаар байгаа аж. Гэхдээ үүнд нэг талаас сэтгүүлчид өөрсдөө ч хамааралтай гэв. Учир нь сэтгүүлчид “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, “Глоб Интернэшнл” зэрэг байгууллагад хандаж, энэ талын мэдээллээ бүртгүүлэх нь улам багасчээ.

Учир нь сэтгүүлч өөрөө мэргэжлийн алдаа гаргасан, эсвэл Сэтгүүлчдийн эвлэлд мэдэгдэж, олон нийтэд зарлавал асуудал улам хүндэрнэ гэж айсан, хууль эрхзүйгээ сайн мэддэггүй зэрэг олон шалтгаантай хэмээн тайлбарлаж байна.

Тэгвэл энэ асуудал олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагынхны ч санаа зовоосон асуудал юм байна. Мэдээж зарим улс оронд сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдлийг арилгахын тулд тодорхой зохион байгуулалтыг хийдэг аж.

Яг нэг жилийн дараа Монголд сонгууль болох гэж байна. Ялангуяа сонгуулийн үеэр сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд халдах, дарамт шахалт үзүүлж, хорих асуудал нэмэгддэг гэдгийг салбарынхан онцлов. Тиймээс гол нь хувь сэтгүүлч мэргэжлийн ёсзүйгээ баримтлан, баримтыг өндөр хэмжээнд нягтлан ажиллах нь өөрийгөө хамгаалах томоохон бамбай гэдгийг салбарынхан дурьдсан юм.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна