“Би монгол хүн” шагнал хүртлээ

2015 оны 11 сарын 2

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчид Ази, Номхон далайн орнуудын радио телевизийн шилдэг бүтээл шалгаруулах “ABU AWARD 2015” наадмаас “Би монгол хүн” богино хэмжээний бүтээлээрээ шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн байна. Энэхүү бүтээлд Монгол Улсын иргэн болохыг хүсэн мөрөөдсөн Г.Чимэдцэрэн хэмээх бүсгүйн тухай өгүүлдэг. Өвөрмонголоос аав, хойт эх хоёроо даган тэмээ унан Монголд ирж байсан тэрбээр 11 настайгаасаа хойш өвдвөл эмчлүүлэх, ажиллавал үнэлүүлэх, сонгуульд оролцох эрхгүй 44 жилийг хэрхэн  өнгөрөөсөн түүхийг өгүүлж, монгол хүн байхын үнэ цэнийг харуулжээ.  Тавхан минут үргэлжлэх энэхүү бүтээлийн найруулагч, зураглаачаар О.Энхболд, редактороор Х.Шинэ-Од, эвлүүлгийн найруулагчаар О.Эрдэнэпүрэв, продюсерээр СГЗ Д.Цоодол нар ажиллажээ. Мөн уг бүтээл телевиз дотроо зохион байгуулсан “Цэнхэр дэлгэц” наадмын гранпри шагнал хүртэж байсан аж.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна