“Buriad Pop-music” шоу тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

“Buriad Pop-music” шоу тоглолт болно

ОХУ, Буриад Улсын эстрад, поп-рок дуучид уран бүтээлчид томоохон бүрэлдэхүүнтэйгээр нийслэл хотноо тоглолтоо толилуулахаар болоод байна. Буриадын поп-эстрадийн хөгжмийн урсгал, төрөл өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр гадны улс оронд хэдийн танил болоод байгаа. Буриадын залуучууд Монгол Улсад болж байгаа бүхий л төрлийн урлаг соёлын арга хэмжээ, хөгжим, дуу, бүжиг наадам, фестивальд маш идэвхтэйгээр оролцдог бөгөөд манай Монголын залуучууд ч буриадын поп, хип-хоп дуу хуурыг сонсож Буриадын зарим дуучдын уран бүтээл аль хэдийн манайханд танил болжээ.

Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа уг супер шоу тоглолтыг ОХУ-ын Буриадын “Buriad Pop-Stars” нэгдэл, Монголын “NUANS” студи хамтран зохион байгуулна. “Buriad Pop-music” шоу концертыг ганцхан удаа Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байгаа тэдний бүрэлдэхүүнд ОХУ болоод Буриадад алдартай дуучин Елена Борохитова, Дарима Цырендондопова, Чингис Раднаев, Дулма Сунрапова, Мэдэгма Доржиева, Хатагур зүү, Валико Гаспарян, Орчин үеийн бүжгийн Капучино, Угол зрения хамтлаг мөн гэрэл техникийн ажилчид, дууны инженер, хувцасны дизайнер, makeup артист, менежер, шоу энтертаймент найруулагч зэрэг 40 гаруй хүний бүрэн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирэх ажээ.

Энэхүү тоглолтыг ОХУ-ын Буриад Улсын Соёлын яамны сайд Тимур Цебыков болон Монголын нэрт зохиолч МУ Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн Сангийн зүгээс талархалтайгаар хүлээн авч дэмжлэг үзүүлж байгаа аж. 

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж