Б.Батзаяаг улсад багагүй хохирол учруулсан гэв

2015 оны 11 сарын 2

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяаг хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн Баасан гаригын орой Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилж, Зайсан дахь хорих ангид хорьсон билээ. Мөн энэ өдөр Өмнөд Солонгосын “Samsung C&T” компанийн байранд цагдаагийн ажилтнууд нэвтрэн орж бичиг баримтыг хураан авсан төдийгүй зарим Солонгос захирлыг нь баривчлан, хорьсон тухай эх сурвалжууд ярьж байна. Ямартай ч ЦЕГ-аас Б.Батзаяаг Эрүүгий хуулийн 148-р зүйлийн дөрөвдүгээрт зааснаар "“Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн баривчилж, байцааж эхэлсэн" гэж албан ёсны тайлбар хийв.

Зарим эх сурвалжын мэдээлснээр Б.Батзаяаг "Ухаахудаг-Гашуунсухайт"-ын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн аж. Уг нь энэ төмөр замыг 2016 онд ашиглалтад оруулна гэж талууд ажлаа эхлүүлж байсан түүхтэй. Гэвч одоо энэ замын зөвхөн газар шорооны ажил л 80 хувьтай яваа юм.  Өмнө нь "Ухаахудаг- Гашуунсухайт"-ын чиглэлийн 267 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсан. Гэвч Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа "Энержи ресурс" компанийн дээр эрхийг цуцалж, “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн билээ. Улмаар "Монголын төмөр зам" ТӨХК компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung C&T” ,”SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулахаар болсон юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна