БСШУ-ны сайд залуу эрдэмтдэд тэтгэлэг гардууллаа

2015 оны 11 сарын 2

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны  Яамнаас "Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох" журмын дагуу 2015 онд судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд гардууллаа.

Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Япон, Герман, ОХУ, Хятад, Чех  зэрэг орны дэлхийд нэр хүндтэй их сургуулиудад докторын зэрэг хамгаалж, эрдмийг өвөрлөн ирээд эх орондоо хөдөлмөрлөн амжилттай ажиллаж байгаа шинэ, залуу боловсон хүчин  та бүхэндээ  талархаж байна. Та бүхний дундаас дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц тэргүүлэх эрдэмтэд, төрөн гарна гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцолсон юм.

Тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж шалгарсан залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх зорилгоор  олгодог. Тэтгэлгийн хэмжээ нь 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтэд хүртдэг  уламжлалтай.  2010 оноос хойш 46 шилдэг залуу судлаачид энэхүү тэтгэлэгийг хүртээд байна. Уг тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдэх юм.

Өнөө жилийн хувьд “Зүрхний төрөлхийн гажгийн катетерын эмчилгээний үр дүнг тооцож, хөндийн өөрчлөлтийг харьцуулан судлах, тоглох явцдаа суралцахуйн арга зүйг боловсролд нэвтрүүлж тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, шар буурцагны фосфолипид-лецитиныг бүрхүүл материал болгон ашиглаж импортын будаг, материалын хаягдал, хэрэглэгээг бууруулах, бүтээгдэхүүний колористикийн үзүүлэлтийг сайжруулах, хаягдал болох хивэгнээс наносиликагелийг гарган авах технологийн шар сүүний уургийн бэлдмэл гарган авах технологийн оновчтой горимыг тогтоон үйлдвэрлэл дээр турших, дэвшилтэт технологи боловсруулах, нутагшуулах,  зэрэг олон улсын түвшиний судалгааны ажлууд тэтгэлэг хүртэж байна.

Тэтгэлэг хүртсэн шилдэг 10 залуу эрдэмтний БҮТЭЭЛ:

  1. Түмэндэлгэрийн  Аззаяа    ШУА, ХХТ "Хаягдал усны биологийн цэвэрлэгээний үед ялгарах хүлэмжийн хий-азотлог исэл /N20/ -ийн үүсэх, задрах механизмыг тодорхойлох судалгаа"    
     
  2. Мягмаржавын  Одсүрэн    МУИС    "Цөөн биеийн бодлого ба хөнгөн цөмийн бүтэц" 
     
  3. Бадгаагийн  Амарсанаа    ШУА, ХХТ    "Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнд агуулагдах удаан задардаг органик бохирдуулагчийг өндөр идэвхит шингэний хроматографи-масс спектрометрийн аргаар тодорхойлох аргазүйг нэвтрүүлэх"   
     
  4. Нацагдоржийн  Наранцогт    МУБИС    "Улаан буудай болон түүгээр гурил үйлдвэрлэх үеийн хаягдал болох хивэгнээс наносиликагель материалыг гарган авах технологийн судалгаа"   
     
  5. Мижидийн  Нарангэрэл    ХААИС    "Шар сүүний уураг үйлдвэрлэх технологийг хүнсний үйлдвэрлэлд нэвтрүүлэх"    
     
  6. Энхбаатарын  Занабазар    МУБИС    "Лабораторийн эукариот эсийн өсгөвөр дэх микоплазм бактерийн бохирдлыг богино хугацаанд зардал багатай илрүүлэх ПГУ оношлуур бэлтгэх"    
     
  7. Пүрэвийн  Насанжарал    АРМОНО  нэгдэл  "Липосомийн систем дэх микрокапсулийн эко-будгаар ширхэглэг уургийг будан бүтээгдэхүүний колористикийн үзүүлэлтийг сайжруулах өндөр технологийн судалгаа"   
     
  8. Гомбожавын  Чулуунаа    МУБИС   "Тоглох явцдаа суралцахуйн арга зүйг сургуулийн өмнөх боловсролд нэвтрүүлэх, технологи түгээлт" 
     
  9. Цолмонгийн  Билэгтсайхан    АШУҮИС    "ДНХ агуулсан бактерийн эсрэг өрнөх дархлааны хариу урвалыг зохицуулах асуудалд"   
     
  10. Товуудоржийн  Болормаа  ЭХЭМҮТ    "Зүрхний төрөлхийн гажгийн катетерын эмчилгээний үр дүн, зүрхний хөндийн өөрчлөлтийн загвар"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна