Порошенкогийн хөрөнгө тэрбумд хүрчээ

2015 оны 11 сарын 2

Петр Порошенко

Фото: Иван Коваленко / «Коммерсантъ»

 

Украины ерөнхийлөгч Петр Порошенко жилийн дотор өөрийн хөрөнгөө 20 хувиар нэмэгдүүлэн 979 сая доллар болгосон тухай мэдээлж байна. “ТОП-100 баян украинчууд”-ын жагсаалтыг “Новое время” сэтгүүл хөрөнгө оруулалтын Dragon Capital компанитай хамтран гаргасан Украины тэргүүн чансааны есөөс зургаад шилжиж гурван байр урагшилжээ.

 

“Порошенко өөрийн чихэр боовны бизнесийн үнэлгээ нь гүнзгий хямралтай цагт нэмэгдсэний улмаас баяжиж, үйлдвэрийн шинэ хүчин чадлыг байгуулж хөгжүүлэн шинэ зах зээлүүдэд гарч чадлаа” хэмээн чансааг бүтээгчид үзжээ.

 

Баян украинчуудын чансааны эхний тавд олигархууд Ринат Ахметов (4,5 тэрбум доллар), Игорь Коломойский (1,9 тэрбум ), Геннадий Боголюбов (1,8 тэрбум), Виктор Пинчук (1,6 тэрбум), Дмитрий Фирташ (1 тэрбум) орсон байна.

 

Ерөнхийдөө, эхний аравт орж байгаа бизнесменүүдийн хөрөнгийн үнэлгээ Порошенкогийнхоос бусдынх нь унасан байлаа. Уг жагсаалтад Киев хотын мэр Виталий Кличко түүний дүү Владимир хоёр байв. Спортын салбарт хөрөнгөтэй тэд 18 хувиар хөрөнгөө нэмэн баяжжээ. Тэд долларын саятнуудын жагсаалтын долоо дахь аравт бичүүлжээ.

 

Зуун баян украинчуудын жагсаалтыг дуусгаж байгаа «УКРОП»  намын лидер Геннадий Корбаныг аравдугаар сарын 31-ний өдөр Днепропетровск мужид гэмт хэргийн бүлэг байгуулсан гэх хэргээр баривчилсан бана. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнестэй бөгөөд тэр нь түүнд 25 сая долларын ашиг авчирчээ.

 

Чансаанд бичигдсэн хүмүүсийн хөрөнгийн нийлбэр нь 24,7 тэрбум доллар байгаа бөгөөд түүний тал хагас нь металлург, хүнсний үйлдвэрт ноогдож байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна