6100 аж ахуй нэгж шилэн данс хөтөлж байна

2015 оны 11 сарын 2

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд 11 сар болж байна. Энэ хугацаанд төсвийн болон Төрийн өмчийн 6100 орчим байгууллага, аж ахуйн нэгж мэдээллээ олон нийтэд ил тод болгожээ. 10 дугаар сарын 29-ний байдлаар Шилэн дансны хуульд заасан 37 төрлийн 230 мянга орчим мэдээллийг олон нийтэд ил тод болгосон талаар Засгийн газраас мэдээллээ.

Нэг байгууллага дунджаар таван удаа шилэн дансанд мэдээллээ оруулсан байна. Төсвийн байгууллагууд төсөв санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн мэдээгээ шилэн дансанд байршуулах нь их байгаа бол худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг 33 хувь нь л байршуулжээ.

Нөгөө талаас Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд иргэд бас хяналт тавьж байгаа юм. Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст нийт 166 мянган хэрэглэгч 446 мянган удаагийн хандалт хийж, давхардсан тоогоор 2.1 сая мэдээллийг хүлээн авчээ. Цахим хуудаст хандсан иргэдийн 97.2 хувь нь дотоодоос, 2.8 хувь нь гадаадаас хандсан байна. Хуулийн хэрэгжилт харьцангуй сайн байгаа ч олон нийт мэдээллийг цогц байдлаар авах боломж бүрдүүлээгүй зэрэг сайжруулах ёстой хэд хэдэн ажлууд байгааг Засгийн газраас онцолжээ.

Тиймээс цаашид мэдээллийн үнэн зөв, тодорхой байдлыг сайжруулах, хууль хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох, төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог сайжруулах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газар үзэж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна