Автомашины захыг зогсоол болгоно

2015 оны 11 сарын 2

Төв вокзалын баруун талд байрлах Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам өөрийн эзэмшил газар 1000 авто машины зогсоолоо "Даяар Хас" компанид 2007 оноос хойш жилийн 30 сая төгрөгөөр түрээслэдэг байжээ. Харин саяхнаас "Даяар хас" компанитай хамтран ажиллах гэрээгээ "УБТЗ" нийгэмлэг цуцалж, дээрх газраа зориулалтынх нь дагуу ашиглахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, “Улаанбаатар” төв вокзалын төлбөртэй автомашины зогсоолыг нийтийн тээвэр, таксины зогсоол болгон өөрчилж, дээрх автомашины худалдааны захыг галт тэргээр үйлчлүүлдэг иргэд автомашинаа байрлуулдаг зогсоол болгон шинэчлэх аж. Улмаар тус газарт худалдаа эрхэлдэг иргэн аж, ахуйн нэгжийг газраа чөлөөлж, нүүхийг шаардан өнгөрсөн бямба гаригаас эхлэн дээрх худалдааны зогсоолын үүдэнд УБТЗ нийгэмлэг цагдаагийн байгууллага хамтарсан хамгаалалт гарч, худалдаа явуулахыг хориглож, цахилгааныг тасалжээ. "УБТЗ" нийгэмлэгтэй газар ашиглах гэрээ байгуулсан "Даяар хас" компанийн зүгээс дээрх үйлдэл хууль зөрчсөн, худалдаачдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөн тухай тайлбар хийв. Мөн тус газрыг ашиглах гэрээ автоматаар хоёр жилээр дахин сунгагдах ёстой. "УБТЗ" нийгэмлэг болон хотын удирдлага хууль зөрчин тус газрын 1000 мкв газрыг "ЭсбиЖиЮу" компанид зарсан. Энэ мэтчилэн газрын маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан гэж О.Мөнх-Эрдэнэ ярив. Харин "УБТЗ" нийгэмлэгээс тухайн газрыг хэсэгчилж зараагүй. Зарах шийдвэрийг Монгол, Оросын талууд хамтран хэлэлцэх ёстой. Энэ нь газар зарах эрх тийм ч амархан Монголын талын төмөр замын удирдлагуудад олдохгүй гэсэн сөрөг тайлбар хийсэн юм.

Хоногт автомашин бүрийнхээ тоогоор 2000 төгрөгийн түрээс төлж, 1000 автомашины зогсоол дээр худалдаа эрхэлдэг 300 гаруй иргэн байна. Худалдаа эрхлэгчидийн зүгээс энэхүү нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлтийн шийдвэртэй эсрэг санал илэрхийллээ. Улс, орны эдийн засаг хямралтай үед дэд бүтэц нь шийдэгдээгүй хоосон цементэн талбай руу нүүх боломжгүй. Борлуулах машинууд хөлдөнө, худалдан авагчгүй болно. Улмаар машины үнэ бууж, бид их хэмжээний мөнгөөр шатна гэсэн тайлбарыг автомашин худалдаа эрхлэгчид хийлээ.

Одоогоор төв вокзалын баруун талд байрлах 1000 автомашины зогсоолд 700 гаруй автомашин байна. Нэг машины зогсоолын хоногийн түрээс 2000 төгрөг гэж бодон, ерөнхийгөөр тооцвол "УБТЗ" нийгэмлэгтэй газар түрээслэх гэрээ хийсэн "Даяар Хас" компанид худалдаа эрхлэгч иргэд хоногт нэг сая 400 мянган төгрөг, 365 хоногт 511 орчим сая төгрөгийг төлдөг байгаа юм. Өөрөөр хэлвэл улсын эзэмшлийн газрыг хувийн компани түрээс нэрийдлээр ашиглаж, их хэмжээний мөнгө төвлөрүүлдэг гэсэн үг. Иймээс "УБТЗ" нийгэмлэгээс тус газрыг зориулалтынх нь дагуу ашиглахаар НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын А/80 захирамжын хүрээнд автомашин борлуулагчдыг газар чөлөөлөхийг шаардаж, хамгаалалт гаргасан байна.

Одоогийн автомашины захыг ойрын хугацаанд үйлчлүүлэгчдийн зогсоол болгоно. Цаашлаад хоёр жилийн дараагаас одоогийн төмөр замын вокзалыг шинэчилж, шинэ вокзалын барилгыг барихаар "УБТЗ" нийгэмлэг төлөвлөжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна