Хятад дотооддоо онгоц үйлдвэрлэлээ

2015 оны 11 сарын 2

 

Хятадын хамгийн анхны Үндэсний үйлдвэрлэлийн зорчигч тээврийн C919 онгоцны угсралтын ажил өнөөдөр дуусчээ. Улмаар COMAC компанийн Шанхай дахь үйлдвэрийн байранд дэлгэн тавьсан онгоцыг Засгийн газар болон холбогдох албаны хүмүүс үзэж сонирхсон байна.

 

Хятад улс дотооддоо онгоц үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж буй бөгөөд Европын нисэх онгоцны томоохон компани Эйрбус болон АНУ-ын Боинг компанийн монополь эрхтэй зах зээлд өөрийн гэсэн байр суурийг олохыг зорьж байгаа аж. C919 онгоц нь 168 хүний суудалтай гэнэ. Түүнчлэн хамгийн ихдээ 5555 км хүртэлх зайд зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Энэ онгоцыг COMAC компанийн Шанхай дахь үйлдвэрт жил гаруйн хугацаанд угсарчээ. COMAC компанийн захирал Жин Зуанлоны хэлж буйгаар туршилтын анхны нислэгийг ирэх онд хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

 

 

Гэхдээ орон нутгийн зарим эх сурвалжууд туршилтын нислэгийг хийх хугацаа 2017 он хүртэл суржирч ч магадгүй байгаа тухай дамжуулсан байгаа юм. Дашрамд дуулгахад, Хятадын дотоодын үйлдвэрлэлийн уг онгоцны захиалга одоогийн байдлаар 517-д хүрсэн бөгөөд захиалгын ихэнхийг нь дотоодын компаниуд өгчээ. Гэхдээ Тайланд зэрэг гадаадын орноос цөөн тооны захиалга ирээд байгаа юм байна.

 

Б.ДАВАА

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна