Долларын эсрэг бодлогоо гарга

2015 оны 11 сарын 2

Ердөө гурван жилийн өмнө Монгол дэлхийд шинэ тоглогчоор тодорч байлаа. Далайд гарцгүй, эрдэс баялгийн нөөц ихтэй Монголын эдийн засагт гарч ирсэн үсрэнгүй өсөлтиг дэлхий амаа ангайлган хүлээж авсан юм. Гэвч, энэхүү азтай, одтой байдал удаан үргэлжилсэнгүй. Гадаад зах зээл дэх эрдэс баялгийн үнийн уналт нөгөө талдаа Монголын улстөр дэх толхилцоон, хууль эрх зүйн тогтворгүй байдал, дээр нь Хятадын эдийн засгийн саармагжилт гээд энэ бүхэн Монголд муугаар нөлөөлөв.

Ямар сайндаа л төсвийн 80 хувийг бүрдүүлж, манай улсын экспортын бүтээгдэхүүний үнийг ердөө хоёрхон жилийн дотор 2.3 дахин нэмэгдүүлж байсан уул уурхайн супер цикл унах мөчлөгтөө орсноор бидний амьдрал ч дагаад уруудав. Статистик судалгааг харахад эрдэс баялгийн экспортын үнэ сүүлийн жилүүдэд хоёр дахин уналаа. Энэ нь хөгжиж буй орнуудаас хөрөнгийн урсгал гадагшилсан сүүлийн гурван жилийн өрнөл юм. Ялангуяа уул уурхайн хамааралтай хөгжиж буй орнуудын, тэр тусмаа нүүрс, нефть давамгайлсан экспортын бүтэцтэй эдийн засагт цочрол үүсгэж, макро эдийн засгийн бодлогод нь хүнд сорилт нүүрлэж байна. Гэхдээ хөгжиж яваа орнууд дотроо монгол харин ч “танагтай” байгаа бололтой. Эдийн засгийн бүтэц нь эрдэс баялгийнхаа экспортод суурилсан, байгалийн баялаг ихтэй, Хятадын том зас зээлээс хамааралтай арван орны харьцуулалтыг харахад төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн дундаж өөрчлөлт нь цочрол өгөхөөр шинэ зүйл биш гэдгийг албаны хүмүүс онцолж байгаа юм.

Ам.доллартай харьцах ханшийн дундаж өөрчлөлт

Дөрвөн жилийн дотор 11 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж, мөнгөөр гулгиж явсан Монголын эдийн засаг шокийн байдалтай байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын шок бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр, сөрөг өөрчлөлтийн далайц хамгийн их байгаа ч ханш суларсан үзүүлэлтээр дундаж түвшинд бичигдэж байна. Харин төлбөрийн тэнцлийн хямралын үед ханшаа барих гэж оролдох бус, эдийн засгийн суурь нөхцөлтэй нь нийцүүлж суллахыг түрүүлж зөвшөөрснөөрөө санхүү, эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж чадсан байдаг. Гэхдээ энэ бол тайвшрах зүйл биш. Бид бодлогын том өөрчлөлт хийж байж эдийн засгийн шокноос гарч чадна. Тэр нь юу вэ гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, улмаар уул уурхайн бус салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийн экспортыг нийт экспортын гуравны нэгд хүргэснээр долларын хаанчлалыг зогсоож чадна. Өөрөөр хэлбэл, уул уурхайг дагаж орж ирдэг долларын сувгийг нэмэгдүүлэх, зөвхөн уул уурхай биш барилга, хөдөө аж ахуй, аялал жуучлал, эрүүл мэнд гээд бүх л салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой.

Эдийн засгийн хямралтай үед эерэгээр ажиглагдаж байгаа нэг зүйл нь өрхийн бодит орлогын түвшинг хадгалах зорилтын хүрээнд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг 35 хувиас тэг хувьд хүргэж, эрэлтийн гаралтай инфляцийн дарамтыг өрхийн хуримтлал, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлснээр инфляци зорилтот түвшиндээ хүрч буурсан чадсан гэж эдийн засагчид онцолж байна.

Ж.ЭРХЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна