БНСУ-ын баг 2003 оноос эхлэн өндөр амжилт гаргаагүй

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

БНСУ-ын баг 2003 оноос эхлэн өндөр амжилт гаргаагүй

Футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх Зүүн бүсийн тэмцээн 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спортын ордонд зохиогдоно. Зүүн бүсэд Монгол, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, ХонгКонгийн багууд багтсан-


Ази тивийн футзалын 14 дэх удаагийн АШТ ирэх 2016 онд Узбекистан улсад зохион байгуулагдах юм. Тус тэмцээнд оролцох эрхийн төлөө шар тивийн 26 орон дөрвөн бүсэд хуваагдан өрсөлдөхөөр болоод байна. Мэдээж өнгөрсөн жилийн аварга Япон улсын баг болон зохион байгуулагч орны баг тамирчид тэмцээнд оролцох эрхээ авсан бол үлдсэн 26 багаас 14 баг нь цааш шалгаран ирэх жилийг хүлээх бололцоотой.

Тэгвэл тус тэмцээнд оролцох эрхийн төлөөх Азийн зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтыг Монгол улс өөрийн эх орондоо зохион байгуулахаар болсон. Монгол улсын шигшээ баг БНХАУ болон Тайвань, ХонгКонг мөн хүчирхэг БНСУ-ыг багийг хүлээн авна. Бид та бүхэндээ Өмнөд Солонгосын шигшээ багийн тус тэмцээнд гаргасан амжилтын талаар товч мэдээллийг хүргэж байна.  

Ази тивд хөлбөмбөгийн хөгжилөөрөө Өмнөд Солонгос улс дээгүүр байранд бичигддэг. Тэд футзалын тивийн аваргын тэмцээн анх 1999 онд зохиогдсоноос хойш нэг ч удаа алгасаж байгаагүй. Тэдний үзүүлсэн хамгийн том амжилт нь 1999 онд хамгийн анх Малайз улсад зохиогдсон тэмцээнд шигшээд шалгарч харамсалтай нь Ираны хүчирхэг багт 9-1 харьцаатай гутамшигтайгаар ялагдан мөнгөн медалийг хүртэж байсан тэрхүү амжилт тооцогддог. Улмаар 2001 онд шигшээ тоглолтонд Ираны багтай таарч хариугаа авахыг хүсэж байсан ч тэд өмнөх шат болох хагас финалд Узбекистан улсын багт 4-0-ээр ялагдаж зөвхөн хүрэл медалийн төлөө тоглох болсон. Ийнхүү Японы багийг 2-1 харьцаатай үндсэн цагт ялсанаар хүрэл медалийг энгэртээ зүүсэн.

Дахин нэг жилийг ардаа үдсэн тэд 2002 онд Индонези улсад зохиогдсон дөрөв дэхь удаагийн АШТ-ээр хагас шигшээд эртний өстөн Ираны багтай таарсан ч 7-4 харьцаатай ялагдаж шар медаль хүртэх боломжгүй боллоо. Жакарта хотод хүсэл зорилго өндөртэй ирсэн тэд хүрэл медалийн төлөө Тайланд улсын багт 4-2 харьцаатай ялагдсанаар медальгүй буцах зовлонг дахин амссан.

2003 оноос эхлээд өнгөрсөн 2014 оны АШТ-ийг хүртэл Өмнөд Солонгос улсын футзалын шигшээ баг хагас шигшээд ч орж чадалгүй өнөөг хүрсэн байна. Түүхэндээ мөнгө, хүрэл медалийн эзэд болсон тэдний сүүлийн жилүүдийн амжилт тааруу байгаа нь одоогийн шигшээ багийг хурцалж болох. 11 дүгээр сарын 14ны өдөр тэд нээлтийн тоглолтыг Буянт- Ухаа спортын ордонд 17:00 цагаас Тайвань улсын багтай хийх хуваарьтай байна.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж