Бид дэлхийн монгол угсаатнууддаа бүжгийн хичээл заагаад ирлээ

2015 оны 11 сарын 2

ӨМӨЗО-ны Хөх хотод энэ сарын 25-28 өдрүүдэд “Монгол туургатан” олон улсын бүжгийн наадам болж, ҮДБЭЧ-ын хамт олон амжилттай оролцоод иржээ. Энэ талаар УГЖ, бүжиг дэглээч С.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Монгол туургатан олон улсын бүжгийн наадмаас зургаан таралд шагнал хүртсэн гэлээ. Энэ талаар яриагаа эхэлье.

-ӨМӨЗО-ны Хөх хотод энэ сарын 25-28-ны  өдрүүдэд “Монгол туургатан” олон улсын бүжгийн наадам болсон. Энэхүү наадмын Гранпри шагналыг “Монгол угсаатны уламжлал” бүтээлээрээ хүртээд ирлээ. Үүнээс гадна таван төрөлд нь тэргүүн байр эзэлсэн юм. Ер нь энэ жилийн наадамд манай ҮДБЭЧ-ийн  АЖ,Төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид маш амжилттай оролцлоо. Бид орчин цагийн монгол бүжиг номинацид “Салхит шувуу” бүтээлээр, орчин цагийн монгол бүжгийн ая төрөлд манай чуулгын хөгжмийн зохиолч М.Бирваа дээрх бүтээлийн аязаар тэргүүн байр эзэллээ. Манай зураачид, арын албаныхан шилдэг бүжгийн хувцасны загвар төрөлд алтан мядаль хүртлээ. Энэ мэтчилэн дурьдаад, магтвал олон зүйл бидэнд байна.

-Олон улсын чанартай тэмцээн гэдэг бол тухайн улсын үндэсний хэв маяг, онцлогийг гаргах нэг боломж байдаг шүү дээ. Ер нь энэ жилийн тэмцээний онцлог, түүнд оролцох зорилго нь юу байв?

-Өвөр Монголын соёл урлаг, тэр тусмаа биет ба биет бус өвийг хамгаалахад нь Монголын бүжгийн урлагийн зүгээс хувь нэмэрээ оруулаад ирлээ.

Энэхүү тэмцээнийг би хувьдаа уралдаан гэхээсээ ҮДБЭЧ-ийн  бүжигчид  уламжлалт ёс, заншил, бүжиг дэглээчийн авьяас чадвараараа дэлхийн монгол угсаатнууддаа бүжгийн хичээл заагаад ирлээ гэж ам бардам хэлмээр байна.  Учир нь дэлхий дахинаа тархан орших Монгол үндэстнүүдийн  монгол хэв маяг, ёс заншил нь алдагдсан байна.Урлагийн аливаа төрөл тэр тусмаа бүжгийн урлаг гэдэг бол үггүйгээр тухайн хэлэх гэсэн санаа, утга агуулгыг гаргаж чаддагаараа онцлог. Үүнийг л мэдрүүлж, таниулахыг зорьсон. Нэг ёсондоо монгол угсаатан, гадаад орныхонд урлагийн үзүүлэн тоглолт хийгээд ирлээ. Өөрөөр хэлбэл,  ахан дүүсдээ Монголын угсаатны  язгуур урлагийг төлөөлсөн Монгол Улс чинь байна. Тиймээс биднээс их зүйл сурч аваа гэдгийг ойлгуулаад ирлээ. Эсгий туургатнуудын  уламжлалт байдлыг бүжгээс хараад, ийм зүйл байдаг юм байна. Үүнийг Монгол орон аль ч салбартаа хөгжүүлж чадсан байна гэдгийг харуулах нь мөн чухал байлаа.

-Гранпри шагнал хүртсэн бүтээл нь Монголын ёс заншил, биелэгээ түлхүү оруулж өгснөөрөө  онцлог болсон юм байна. Тэгвэл орчин үеийн монгол бүжгийн төрөлд тэргүүлсэн “Салхит шувуу” бүтээлийн бусдаас ялгарах онцлог нь юу байсан бэ?

-Ер нь урлаг, бүжгийн урлаг гэдэг орчин үетэйгээ хөл нийлүүлэн хөгжинө гэдэг их чухал байдаг. Манай орны бүжигчид орчин үеийн монгол бүжгийн төрөлд түрүүлсэн. Бүжгийн гол онцлог, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан үзүүлбэр нь хөлийн техник хөдөлгөөнийг илүү гаргаж өгсөнд байсан байх. Учир нь бусад үндэстний бүжигчид хөлийн шагайгаа хүрсэн хувцастай байсан. Энэ нь хөлийн техникүүдийг бүрэн дүүрэн харуулах боломжгүй болгосон болов уу. Ер хөлийн техник, хурц эрэмгий, дайчин хөдөлгөөн нь олныг гайхшируулсан. Тиймдээ ч гала концерт, хаалтын ёслолдоо “Салхит шувуу” бүтээлийг зориуд урьж оролцуулсан байх.

-Ер нь аливаа тэмцээнд оролцоход санхүү гэж том асуудал байдаг. Энэ удаад хаанаас санхүүлж, дэмжин ажиллав?

-Санхүүгийн асуудал ер нь бэрхшээл болдог. Гэхдээ энэ удаад манай урд хөршийн Засгийн газраас цөөн тоот үндэстнүүдээ дэмжиж, ардын урлагийг сурталчилах  зорилгоор санхүүжилтийг хариуцсан. Хятад улс бүх зардлыг хариуцсан.  Ер нь цаашид аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо салбар яам, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч, Монголын бүжгийн урлагийн төлөө тууштай зүтгэнэ. Хятад орон цөөн тооны үндэстнийхээ язгуур урлагийг төрийн бодлогоор дэмжиж байна. Яг үүнтэй адил зүйл бидэнд хэрэгтэй. Санхүүгийн аливаа асуудлыг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжин ажилласаар ирсэн, цаашдаа ч тийм байна гэдэгт итгэлтэй байдаг. Дашрамд хэлэхэд, Ц.Сэвжид багшийн 100 насны ойд зориулсан нэрэмжит монгол бүжгийн уралдаанууд болно. Үүнийгээ төр засгийн болон дэмжигч байгуулагуудтай хамтран зохиохоор бэлтгэл ажилдаа ороод байна.

-Таны хийсэн, дэглэсэн бүтээлүүдийг хэрхэн үнэлдэг юм бэ. Учир нь оюуны өмчийн хуулинд тухай хүний бүтээлийг 50 жилийн хугацаатайгаар бүртгэж, тухайн хүний өмч гэдгийг тодорхойлдог шүү дээ.  Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Биет болон биет бус өв гэж байдаг. Түүнийг хамгаалах, зохиогчийн эрхийг хамгаалах газар, байгуулагууд гэж бий. Гэхдээ тэд үнэхээр хангалтгүй ажилладаг. Миний болоод ахмад үеийнхний бүтээлийг аливаа сургалтад ашиглахдаа, зохиогчийн хөдөлмөрийг үнэлэхээ мартдаг. Учир нь тухайн хүний бүтээлийг ашиглах эрхийг авсан л бол тодорхой хэмжээний мөнгийг өгөх ёстой. Хуулиараа ч зохицуулагдсан. Гэвч хэрэгждэггүй.

Т.АРИУНБАЯР

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна