Д.Батцогт: Хөгжлийн зам ашиглалтад орлоо

2015 оны 11 сарын 2

Ховд аймгийн Алтай сумаас Манхан сум чиглэлийн 214.1 км хатуу хучилттай авто замыг өнгөрсөн амралтын өдөр ашиглалтад хүлээлгэн өгч тууз хайчиллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй баруун бүсийн босоо тэнхлэгийн Авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд дээрх авто замыг барих ажил 2011 оны гуравдугаар сарын 1-нд эхэлж, 2015 оны аравдугаар сарын 31-нд байнгын ашиглалтад орж байгаа юм. Авто замыг хүлээн авах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нар оролцлоо.

 

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хэлэхдээ, Манай Ховд аймагт хөгжлийн гол түлхүүр нь зам гэж эрт ойлгосон. Энэ бол Ховд аймагт тавьсан хамгийн том зорилт юм. 2005 онд Ховд аймаг 45 км автозамтай байсан. 10 жилийн дараа харахад 1000 км автозамтай боллоо. Энэ замыг тавихад аймгийн үе үеийн удирдлагууд, энэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн санаачилга их байсан. Олон хүний хөдөлмөр, ур ухаан шаардсан ажил байдаг юм. Баруун бүсийн босоо тэнхлэгийн энэхүү замыг аль эрт эхлүүлээгүй бол амжилтад хүрэх боломж муу байсан байх. Аливаа хүн том зорилт тавьж зорилтынхоо төлөө явахад ихээхэн үр дүнд хүрч болдогыг харуулж байна хэмээн хэллээ.

 

 

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Монгол Алтайг дамнуулан тавьсан энэ зам хэдэн жилийн өмнө бидний хувьд мөрөөдлийн зам, Алтайн цаадах гурван сум ховдчуудын хувьд ертөнцийн мухар шиг бодогддог үе байсан. Энэ өндөр Алтайн нурууг давж гурван суманд очино гэдэг бол маш хүнд даваа байсан. Өнөөдөр мөрөөдөл биелэлээ олж бүс нутагт хөгжил авчирсан хөгжлийн зам ашиглалтад орлоо. Сая Д.Дэмбэрэл гишүүн ярилаа. Ховд аймгийн хувьд хамгийн урт, хамгийн сайн чанарын авто зам баригдсан аймаг болж байна. Одоогоор 1000 км зам Ховд аймгийн нутаг дэвсгэрт баригдсан, цаашдаа нэмэгдэнэ Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр баригдсан энэ зам бол бүх сумуудтай холбогдсон. Өнөөдөр бид Мөст сумын нутаг дэвсгэрт авто замын нээлтийг хийж байгааг билэгшээж байна. Мөст сум руу холбогдох замын зураг хийгдсэн, төсөв нь бэлэн болсон. Анхаарч ажиллаж байна гэдгээ Зам тээврийн яамныхан мэдэгдсэн. Энэ замыг барих ёстой, ашиглалтад орсноор Мөст сумтай холбогдоно.

 

Цаашдаа босоо тэнхлэгийг дайран өнгөрч байгаа сумдууд энэ замтай холбогдоно. Азийн босоо тэнхлэгийн зам дайран өнгөрч байгаа сумдын дэд бүтцийг шийдэх асуудлаар Азийн хөгжлийн банкинд санал тавина гэсэн бодолтой байгаа. Ингэснээр баруун бүсэд Орос, Хятадыг холбосон зам баригдах юм.

 

Энэ замыг бүтээхэд асар их хөдөлмөр, цаг заваа зарцуулсан жишиг болохуйц замтай болгоход хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, замыг гүйцэтгэхэд оролцсон бүхий л компанийнхандаа талархал илэрхийлье. Монгол, Хятад хоёр орны замчиддаа түүхт ойн баярын мэнд хүргэе. Өнөөдөр Монгол Улсад авто замын салбар үүсэн байгуулагдсаны 86 жилийн ойн өдөр тохиож байна” гэлээ.

 

 

Энэхүү хатуу хучилттай авто зам нь Алтайн нурууг давж, Хавчигийн хавцал болон Бодончийн хавцал, Ботгоны амыг дайран өнгөрөхдөө байгалийн эрс тэс уур амьсгалтай газар зүйн онцгой тогтоцтой уулархаг өндөрлөг хязгаарлагдмал орон зайд баригдсан инженерийн хийц орсон хиймэл байгууламжтай дэд бүтцийн том бүтээн байгуулалт болсон юм. Төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Жиангсу Жианда” констракшн, авто замын барилгын ажлын хяналт, зөвлөх үйлчилгээг “Кореа консалтантс интернэйшнэл” компани, түншлэлээр “ХЗТ” болон туслан гүйцэтгэгчээр “Соёмбот зам” ХХК ажилласан байна.

 

Авто замын барилгын ажлаар нийт 137.8 м2 хэмжээтэй авто машины зогсоол бүхий 2 амрах талбай, 217.1м2 хэмжээ бүхий 5 хажуугийн зогсоол, 6 уулзвар, 13 замын гарц, 374 цэгт замын усыг зайлуулах хоолой, гол усны урсацтай уулын хавчигдсан хязгаарлагдмал орчинд замын эргэлт хэсэгт инженерийн нарийн төлөвлөлт бүхий 45-120 метрийн урттай 14 төмөр бетон гүүр, 14 км-т голын гольдролыг залж үерээс хамгаалах далангийн хажуугийн чулуун бэхэлгээ, 89.3 км-т хажуугийн шуудууны бетон бэхэлгээ, 4.2 км-т уулын чулууны нурангаас хамгаалах ган торон хашлага, 63.8 км-т хамгаалалтын туузан төмөр хашлага, 1310 метр уртад үерийн ус, халиа дошингоос хамгаалсан төмөр бетон хана, 1.850 метр уртад уулын хөрш шорооны нурангиас хамгаалах хамгаалалтын төмөр бетонон хана, булгийн усны ундаргыг хамгаалж, газар доорх усны урсац хангах хоолой ус хураах усан сан бүхий 310 метр урттай хиймэл байгууламж зэрэг цогц байгууламжтай аж.

 

 

Ховд аймгийн Мөст сумын Давст багийн иргэн Ж.Ганбат “Би энэхүү замын харуул хамгаалалтын ажилд хоёр жил ажиллаж байна. Ийм том бүтээн байгуулалтад гар бие оролцсондоо баяртай байгаа. Манай нутгаар олон улсын чанартай авто замтай болно гэдэг бол мөрөөдөл байсан. Харин өнөөдөр мөрөөдлөө биелэхийг хараад зогсоход сайхан байна. Миний үр хүүхэд аав минь энэ замын бүтээн байгуулалтад оролцож явсан гэж дурсахад сайхан байна байх” хэмээн хэлж байлаа.

 

Төслийн хүрээнд Манхан сумын төвийг 5 км хатуу хучилттай авто замаар тус улсын олон улсын чанартай замтай холбон Манхан сумын төвд 1.2 км хатуу хучилттай авто зам, Мөст сумын төвд 1 км хатуу хучилттай авто зам, Алтай сумын төвд 2.5 км хатуу хучилттай замууд баригджээ.

 

Төслийн өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор авто замын барилгын ажилд ашигласан импортын бараа материалын тээвэрлэлтийг нутгийнхаар гүйцэтгүүлж, давхардсан тоогоор 700 гаруй иргэнийг ажлын байраар хангасан байна.

 


НББСШУБХ-ны Ажлын алба