Монгол 172 орны итгэлийг хүлээлээ

2015 оны 11 сарын 3

-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орон болох нь бүс нутагтаа хүний эрхийн асуудлаар нэр хүндтэй, хүний эрхийг дээдлэн хүндэтгэдэг улс болохын баталгаа болдог-

Нью Йорк хотноо үргэлжилж буй Нэгдсэн Үндэсний байгууллагын (НҮБ) Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы аравдугаар сарын 28-ны өдрийн чуулганаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль болж, Монгол улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авснаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Итали, АНУ-д ажлын айлчлал хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

ОЛОН ОРНЫ ИТГЭЛИЙГ ДААЖ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛЭЭ

“Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлж, ялалт байгууллаа. Өмнөх Л.Болд сайдын үед Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн сонгуульд нэрээ дэвшүүлж маш сайн ажиллаж байсан бол бид амжилттай үргэлжүүлж, сонгуулийн үр дүнгээрээ тэргүүлж чадлаа. Энэ бол өмнөх сайд нарын төдийгүй Монголын олон дипломатчийн нөр их хөдөлмөр, зүтгэл байсан. Түүнчлэн анх удаа Монгол Улс ийм том  сонгуульд нэрээ дэвшүүлж, амжилттай оролцоно гэдэг олон улс дахь нэр хүнд ямар байгааг илэрхийлж байна” гэж сайд Л.Пүрэвсүрэн онцолсон.

НҮБ-ын Хүний эрхийн хороо нь 1946 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2006 онд шинэ нэр, шинэ бүтэцтэйгээр ажиллаж, НҮБ-ын дотоод бүтэц дэх байгууллага болжээ. Энэ зөвлөлд нийт 47 гишүүн орон байдаг. Гишүүн болсон орнууд дэлхийн даяар хүний эрхийг хамгаалах үүргийг хүлээн ажилладаг, шийдвэр гаргадаг аж. 2006 онд шинэ бүтэцтэй болохоос өмнө “хүний эрхийг тэр бүр дээдэлдэггүй улс гишүүн нь болсон байна” хэмээх шүүмжлэлд өртжээ. Ингээд өөрчлөлт хийж, одоо тус зөвлөлийн гишүүн орон болох нь бүс нутагтаа хүний эрхийн асуудлаар нэр хүндтэй, хүний эрхийг дээдлэн хүндэтгэдэг улс болохын баталгаа болдог болсон байна. Энэ жил 18 гишүүнийг сольжээ. Ази, Номхон далайн бүлэгт таван суудлын төлөө нийт долоон орон өрсөлдсөн бөгөөд Монгол Улс 192 орны 172-ынх нь саналыг авч сонгогджээ. Монгол улстай өрсөлдсөн Арабын Нэгдсэн Эмират 159, Киргиз 147, БНСУ 136, Филиппин 113 улсын саналыг тус тус авч, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Харин Лаос, Пакистан 105 орны санал авч ялагдсан байна.

НҮБ-ын хүний эрхийн сонгууль гэдэг бол ач холбогдлоороо Аюулгүйн зөвлөлийн дараа орох хоёр дахь том сонгууль аж. Санал хураалтыг нууцаар явуулж, дараа нь ил болоход НҮБ-ын гишүүн 192 орны 172 буюу хамгийн олон улс Монгол Улсыг дэмжиж санал өгч байна гэдэг бол маш том амжилт юм. Өөрөөр хэлбэл, ийм олон улс орон бидэнд итгэж санал өглөө. Тиймээс цаашид бид энэ олон улс орны итгэлийг дааж хариуцлагатай ажиллах үүрэг хүлээлээ гэдгийг сайд онцолсон.

НҮБ-ын хамгийн том сонгууль бол Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны сонгууль юм. Аюулгүйн зөвлөл 15 гишүүнтэй,  тав нь байнгын,  10 нь байнгын бус гишүүн орон байдаг. Монгол Улс 2022 оны Аюулгүйн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Энэ сонгуулийн угтвар  болох чухал даваагаа бид давлаа. Ирэх гурван жилд бид Хүний эрхийн зөвлөлд яаж ажилласнаас 2022 оны сонгууль шууд хамааралтай. Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломж бүрдэж байгаа юм. Бидэнтэй харилцах, ярилцах улс орны тоо улам нэмэгдэнэ. Бидний олон улс дахь байр суурь тодорхой болж нэр хүнд ч дагаад өснө гэдгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэлдээ онцоллоо.

УРАН БҮТЭЭЛЧИД ЭХ ОРНОО СУРТАЛЧИЛЛАА

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд оролцох үеэр эх орноо гадаадад сурталчлах томоохон арга хэмжээ зохион байгуулах бэлтгэлийг ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар эртнээс хангажээ. Италийн Милан хотноо болсон үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцсон уран бүтээлчид НҮБ-ын төв штаб байрлах Нью-Йорк хотноо очиж, бусад уран бүтээлчидтэйгээ нэгдсэн байна. АНУ-д ажиллаж амьдардаг уран бүтээлчдээс гадна “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, хөөмийч Д.Ариунболд, морин хуурч Х.Дамдин, дуурын дуучин А.Сайнбаяр, загвар өмсөгч Б.Анхбаяр, Г.Ариунбаяр, Д.Дэлгэрцэцэг, С.Отгонцолмон нар очжээ. Түүнчлэн Вашингтон дахь Монголын соёлын төвийн уран бүтээлч, дуурийн дуучин Э.Саран, Чикаго хотоос ирсэн төгөлдөр хуурч Д.Маралгуа, Лос-Анжелос хотын уран нугараач Г.Эрдэнэсувд, Г.Баярхишиг нар багтсан байна. Мөн Д.Цолмон, Н.Ганхуяг, Ч.Ганбаатар, О.Алтанбаяр, Ц.Батмөнх нарын уран бүтээлчид төрөл бүрийн уран бүтээл, усан болон тосон будган зургийн үзэсгэлэн, сийлбэр, баг, арьсан урлалын бүтээлүүдээс гадна монгол бичиг, монгол гэр, соёл, хувцас, түүхийг сурталчилсан самбаруудыг монгол гэрийг санагдуулам хэлбэрээр тохижуулж, байрлуулжээ. Монголыг сурталчилсан сэтгүүлүүд ч дэлгэгдсэн байна. НҮБ дахь дэлхийн 192 орны төлөөлөгчийн газрын тэргүүн, сайд ажилтнууд гээд нийт 400 гаруй төлөөлөгчид ээлж дараагаараа ирэх тэр үед Монголын урлаг, соёлын төлөөлөгчид уран бүтээлээрээ эх нутгаа сурталчилсан аж.

 

ИТАЛИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭГДЭНЭ

Бүгд найрамдах Итали улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдын П.Жэнтилони-гийн урилгаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд БНИУ-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд П.Жэнтилони-тэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Гадаад хэргийн сайд нар харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцсон байна. Энэ үеэр Сайд П.Жэнтилони ирэх онд Итали Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотод нээхээр төлөвлөж байгаагаа мэдээлж, АСЕМ-ийн уулзалтыг Монгол Улс зохион байгуулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх, сонгодог урлагийн боловсон хүчнийг бэлтгэхэд тэтгэлэг олгож байснаа сэргээхээ уулзалтын үеэр мэдэгджээ.

Монгол Улс, БНИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна.

БЭЛТГЭСЭН: Ч.БОЛОРЧУЛУУН, Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна