Цагдаагийн шалгуурыг чангатгана

2015 оны 11 сарын 3

Ард түмний аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ. Хамгийн сүүлийн баримт цагдаагийн дөрвөн албан хаагч, өөрийн салбартаа ажиллаж байсан хоёр залуугийн аминд хүрсэн хэрэг боллоо. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард даргынхаа тушаалыг биелүүлж "Таван буудал"-ын зам дээр урсгал сөрөн явсан цагдаагийн албан машины жолооч, 12 настай бяцхан охины аминд хүрсэн гэхчлэн дурдвал цагдаагийн албан хаагч үйлдсэн, оролцсон гэмт хэрэг олон. Иймээс Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, цагдаагийн албан хаагчийг ажилд авах шалгуурыг чангатгах, нарийн судалгаа, шинжилгээний аппаратуудыг ашиглаж, сэтгэл зүй болоод хувь хүний хүмүүжилтэй холбоотой нарийвчилсан судалгааг явуулъя гэсэн шийдвэрт хүрчээ.

Хэрэгт холбогдсон цагдаагийн залуус ихэвчлэн 1985-1990 оных байжээ. Тэд цагдаагийн байгууллагад ажилд ороод 2-4 жил болсон албан хаагчид байдаг аж. Тиймээс цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид анх ажилд орохдоо ямар болзол шалгуурыг хангаж ажилд орж байна, боловсон хүчний нөхцөл, шаардлага журмын хангаж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг эргэж харах шаардлагатай болсон тухай Б.Баатархүү дарга онцлон ярив. Тодруулбал албан хаагчийг ажилд авахад баримталдаг шалгуураадаа чангалж, хуулийн боловсон хүчин бэлтгэдэг Хууль сахиулах их сургуулийн сургалтын системд шинэчлэлт хийх санал хүргүүлэхээр болжээ. Цаашлаад албан хаагчдыг  үнэн худал яриж буйг дэнсэлдэг аппаратаар шалгадаг болох юм.

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна