Дэлхий дахин гашуудан уйлж байна

2015 оны 11 сарын 3

 

© Максим Григорьев/ТАСС

 

"Когалымавиа" нисэхийн компанийн зорчигч тээврийн Airbus A321 онгоц 217 зорчигчтой Шарм-эш-Шейх - Санкт-Петербург чиглэлд нисч яваад Египетийн Синай хойгийн хойд нутагт Эль-Ариш хотоос зуугаад км-ийн зайд өнгөрсөн бямба гаригт сүйрлээ. Онгоцонд явсан 217 зорчигч, тэдний тоонд 24 хүүхэд, багийн долоон гишүүн бүгд амь үрэгдэв. Оросын Мөрдөн байцаах товчоо ослын хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэлээ.

 

АМЬ ҮРЭГДЭХИЙН ӨМНӨХ АГШИН БУЮУ ОСЛЫН ӨМНӨХ ИНЭЭМСЭГЛЭЛ

 

Оросын мөрдөн байцаагчид, сүйрсэн  Airbus А321 онгоцны хар хайрцгийг уншиж эхлэв. Одоо хүртэл ослын шалтгаан тодорхойгүй байна. Онгоцыг чанар сайтай шатахуунаар цэнэглэсэн, цаг агаар ч тогтуун байв. Энэхүү онгоцоор өмнө нь ниссэн нисэгчийн хэлснээр онгоц техникийн талаар сайн байжээ. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ч амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.

 

Тэд энэ онгоцонд явсан юм. Хоёрхон цагийн өмнө өөрийгөө амьд мэнд байсныг гэрчилж, инээд хөөр басхүү шоглоом, онгоцны буудал, ослоос өмнөх онгоц ямар байсныг гэрчлэх мэт олон нийтийн сүлжээнд тавьсан зорчигчдын гэрэл зургийг харсан хэн бүхэн харамсан гажуудаж, ойр дотныхон нь цурхиран уйлж байна.  

 

 

Эмгэнэлт нислэг болохоос ердөө хэдхэн мөчийн өмнө Татьяна, Алексей Громовынхон бяцхан охиноо өхөөрдөн онгоцны буудалд зургийг нь даржээ. Зураг нь үлдсэн ч хүүхдүүд өнөөдөр энэ ертөнцөөс явсан.

 

ОРОСЫН ТҮҮХЭНД ХАР ТОЛБО ҮЛДЭЭСЭН ОСОЛ

 

 

Оросын түүхэнд аравдугаар сарын 31-ний бямба гариг хар толбо үлдээлээ. «Когалымавиа» нисэх компанийн Airbus 321 агаарын хөлөг Шарм-эль-Шейх- Санкт-Петербургийн чиглэлд нислэг хийж явах үеэр ийнхүү осолдсон юм. Амь үрэгдэсдийн олонх орос хүмүүс байсан бөгөөд тэд аз жаргалтайгаар амралтаас буцаж явжээ. Оросын ерөнхийлөгчийн зарлигаар арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг гашуудлын өдөр болгон зарласан байна. Египетэд очихоор Оросын мөрдөн байцаагчид, аврагчид, шинжээчид явцгаасан байна.

 

 

ОНГОЦ ОГЦОМ ДООШОО УНАЖЭЭ

 

Одоо мэдэгдэж буйгаар онгоц Эль-Ариш хотоос зуугаад км-ийн цаана унажээ. Ослын газарт Оросын эрлийн багийнхан Египетийн аврагчид ажиллаж байна. Аравдугаар сарын 2-ны өдөр амь үрэгдэгсдийн шарилыг сүйрсэн онгоцны сэгтэй хамт Орост авчирчээ. Ослоос хэдхэн хормын өмнө онгоцны багийн дарга техникийн саатлын улмаас Каирт яаралтай буух хүсэлт хэлсэн мэдээ байсан ч харин одоо үгүйсгэлээ.

 

Flightradar интернэт-порталын мэдээгээр, агаарын хөлөг радараас алга болохын өмнө эрс доош унажээ. Онгоц 1,5 км-ийн өндөрт хүрээд унажээ. Ослын газар анх ирсэн Египетийн аврагчид сэгэн дундаас хүний дуу сонссон гэж хэлж байв. Гэтэл удалгүй хэн ч амьд үлдээгүй нь тодорхой болсон юм.

 

Зорчигчдын дунд гурван украин хүн, нэг белорусь явжээ. Эхлээд олдсон цогцсуудыг Каирын моргт авчирсан юм. Амь үрэгдэгсдийн ойрын хамаатнуудаас Петербург хотод ДНК-ийн шинжилгээ аваад байна.

 

Египетийн Al Ahram сонинд бичсэнээр, мөрдөн байцаагчид онгоц, диспетчерийн хяналтын цамхгуудын хоорондын холбооны яриаг бичиж байсан нэг хар хайрцгийг олжээ. Түүний бичлэгийг 2-ны өдөр Оросын мэргэжилтнүүд хийж эхэлжээ.

 

Энэ ослоос өмнөх олон тооны хохирогчтой онгоцны сүйрэл 1985 оны долдугаар сарын 10-нд Ташкентаас Ленинград руу нисч байсан «Аэрофлот» компанийн Ту-154 онгоцны осол байв. Тэр үед Учкудук хотын ойролцоо онгоц унахад 200 хүн амь үрэгдсэн байна.

 

ОНГОЦ ЯАГААД УНАВ?

 

 

Шинжээчид онгоц сүйрсэн шалтгаанд олон янзын хувилбарыг дэвшүүлж байна. Хэргийн газар ирсэн Улс хоорондын  нисэхийн хорооны (МАК) гүйцэтгэх захирал Виктор Сороченко онгоцыг агаарт задран сүйрсэн гэж мэдэгдсэн юм. Онгоцны сэг 20 кв,км-т цацагдсан нь түүнийг ингэж хэлэхэд хүргэжээ. Нийт 224 хүний аминд хүрсэн уг ослын шалтгаан нь, 2001 онд гэмтэл авч байсан сүүл хэсэг байж болохыг шинжээчид үгүйсгэсэнгүй. А321 онгоцны сүүл хэсэг 2001 оны арваннэгдүгээр сарын 16-нд Каир хотын нисэх буудалд буух үеэр гарчээ. Тэр үед онгоцыг дөрвөн жил ашигласан, түүнийг Middle East Aviation (MEA) компани эзэмшиж байжээ. Болсон хэргийн тайланд дурдсанаар, онгоцны урд хэсэг буултын үеэр эрс дээшлэж байсныг хоёр удаа зассан, буух үеэр онгоц сүүл хэсгээр нислэгийн зурвасыг хүчтэй мөргөсөн гэж нисгэгч нь тэмдэглэн үлдээжээ. Үүний дараа уг онгоцыг Туркийн Onur Air компани авсан бөгөөд 2012 онд Ту онгоцноос татгалзсан «Когалымавиа» компани ашиглах болжээ. Шинжээчид тэр  үеийн гэмтэл энэ ослын шалтгаан болсон байж болно гэлээ.

 

Оросын гавъяат туршин нисэгч Владимир Бирюков хэвлэлд ярихдаа, агаарт онгоц задарсан нь  сүүл хэсэгтээ нуугдмал гэмтэлтэй байсан  болов уу гэжээ. Ингэж тэр ярихдаа энэ жил уг онгоц техникийн бүрэн хэмжээний D хэлбэрийн үзлэгт орж, бүх зангилаа бэхэлгээний далд гэмтэл зэргийг шалгасан гэлээ. Хэрэв техникийн үзлэгийг оромдоогүй бол бүх гэмтлийг зассан байх ёстой гэж Бирюков ярьжээ.

 

 

Ослын шалтгааныг тодруулах ажилд оролцож байгаа бас нэг туршин нисэгч Андрей Гусев “Нисгэгч нар ямар нэгэн мэдээлэл өгч амжаагүй нь хэрэг явдал хормын дотор болсныг харууллаа. Гал эсвэл дэлбэрэлт гарсан байж болно” гэв. Анхны үзлэгээр бид одоо ямар нэгэн тодорхой хувилбар дээр тогтож чадаагүй байна. Бүх чиглэлээр ажиллах болно гэж  Виктор Сороченко ням гаригт мэдэгдсэн юм.

 

ОСОЛ АМЕРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ШАЛТАГ БОЛЖ БАЙНА

 

Олон нийтийн санал асуулгаар бусдаасаа тэргүүлж яваа Бүгд найрамдах намын нэр дэвшихээр зэхэж буй тэрбумтан Дональд Трамп Виржиния мужид болсон сурталчилгааны  цуглаан дээр ослын хариуцлагыг “Исламын улсын” террористууд өөртөө авлаа гэж мэдэгджээ. Харин барууны хэвлэл мэдээлэл энэ хувилбарыг урьтал болгосонгүй. Египетийн эрх баригчид ч тэдэнтэй санал нэг байна.

 

«Когалымавиа» компани техникийн шалтгаан байхгүй гэсэн ч агаарын хөлгүүдээ ашиглахаа шат дараалан зогсоож эхэлжээ. Түүнийгээ тэд эрсдлийн стандартын үнэлгээ гэж нэрлэж байна. Тус компанийн албан ёсны мэдэгдэлд техникийн найдвартай, аюулгүй, нисгэгч нарын ур чадварт эргэлзэхгүй байна гэв.

 

«Контур-Фокус» төвийн мэдээллийн баазын дагуу, «Когалымавиа» компани нь  «Западная авиационно-инвестиционная компания»-ийн мэдэлд байдаг. Ерөнхий захирал нь Висхан Табулаев гэдэг хүн ажээ.  Мөн тэрээр «Триомед» гэсэн «Бриско» брэндийн нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг жуулчны компанийн эзэн гэнэ. Бүх компаниуд нь Москвад нэг хаяг дор зэрэгцэн байгаа ажээ. Амь үрэгдэгсдийн ихэнх «Бриско» компанийн үйлчлүүлэгчид байв.

 

АМЬ ҮРЭГДЭГСДЭД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОНО

 

Оросын ерөнхийлөгч Владимир  Путин  онгоцны ослын улмаас арваннэгдүгээр сарын 1-ний өдөр улсын комис байгуулах үүргийг засгийн газартаа өгсөн юм. Мөн тэрээр, Онцгой байдлын яамны сайд Пучковт Египетэд ажиллах яамны онгоцнуудын нислэгийн талаар тохиролцох үүргийг өгсөн юм.

 

Онцгой байдлын яам, Эрүүл мэндийн яам  амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэг хүлээжээ.  

 

Зорчигчдын даатгал хариуцсан «Ингосстрах» даатгалын компани амь үрэгдсэн хүн бүрт хоёр сая рублийн даатгал төлөх болов. Үүний зэрэгцээ Хөдөлмөрийн сайд Максим Топилин  амь үрэгдэгсдийн ар гэрт нэг нэг сая рублийн тусламж өгөх үүрэг авсан байна.

 

Хачирхалтай нь энэ эмгэнэлт явдал Москвад Хеллоуны цэнгээнийг тэмдэглэх төлөвлөгөөг  өөрчилж чадсангүй. Цэнгээний газрууд төлөвлөгөөгөө өөрчлөхгүй гэсэн юм. Уг баярыг Soho Rooms, «Арма17», Ray Just Arena, «Москва» клубт тэмдэглэсэн байна. Хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд ч төлөвлөгөөгөө өөрчилсөнгүй.

 

ХЭМНЭЛТ ЭМГЭНЭЛД ХҮРГЭВ ҮҮ?

 

Сүйрсэн Airbus A-321 онгоцыг 18 жил ашиглажээ. Ер нь бол онгоцны нас нисэлтийн чанарт нь нөлөөлдөггүй гэсэн яриа байдаг. Учир нь онгоц тус бүр төлөвлөгөөт техникийн үзлэгт орж байх ёстой. Үүнийг Агаарын тээврийн олон улсын холбооны журамд заажээ.  Зохих зөвшөөрлийг аваагүй бол онгоцыг ашиглагддаггүй. “Болно биз дээ, ганц удаадаа гайгүй байх” гэсэн хариуцлагагүй асуудал энд байхгүй. Үзлэгийн бүрэлдэхүүнд багтсан хүн бүр хувийн хариуцлага үүрдэг. Орост ашиглагдаж байгаа онгоцнуудыг голчлон гадаадын техникийн төвд явуулдаг.

 

Онгоц ашиглалтын хугацаанд олон тооны техникийн үзлэгийг дамжих бөгөөд Transit check, Daily сheck, Weekly check, A-check, B-check, C-check, D-check үзлэгийг шил дараалан хийдэг гэнэ.

 

A-check, B-check  нь энгийн үзлэг,  С- ба D-check нь бүрэн бүтэн үзлэг юм. D-check үйлчилгээг 12 жилд нэг удаа явуулдаг. Сүйрсэн онгоцонд сүүлийн үзлэгийн үйлчилгээг өнгөрсөн жил хийлгэсэн байна. D-check нь 30–40 хоног болдог аж.

 

Дэлхийн стандарт шинэ онгоцыг ашиглаж, хуучин онгоцнуудыг ашиглалтаас гаргахад оршдог. Техникийн үзлэг нь хэдий чинээ их байна төдий чинээ их зарлагатай. Үзлэгийн хугацаанд онгоц нисэхгүй компанид орлого авчрахгүй гэсэн үг юм. Гэхдээ ямар ч осол уг онгоцны үйлдвэрлэгч болон олон улсын байгууллагын анхааралд улам бүр ордог жамтай.  Мөрдөн байцаалтын явцад гаргасан шийдвэрээр тэд аюулгүйн шаардлагаа нэмэгдүүлдэг.

 

"ЭНЭ БОЛ ОРОСЫН ХУВЬД АЙМШГИЙН ХОХИРОЛ ЮМ”

 

Ийм үгээр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Орос оронд тохиолдсон явдалд гашуудаж буйгаа илэрхийлсэн юм. Түүн шиг дэлхийн бараг бүх орны лидерүүд  өөрсдийн гашуудлыг илэрхийллээ.

Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж "Найрсаг оросын ард түмэн, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу" гэдгийг дурдсан байна. Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт эмгэнлийн цахилгаан утас илгээжээ.

Төрийн гурван өндөрлөгөөс гадна Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровтай утсаар ярьж ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоц осолдож олон хүний амь үрэгдсэнтэй холбогдуулж эмгэнэл илэрхийлэв.

Орост гашуудалтай байсан өдөр гадаад орнууд дахь Оросын ЭСЯ-дад цэцэг тавин ёслон гашуудсан хүний тоо их байлаа. Монгол Улсын  Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улс дахь тус ОХУ-ын Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж эмгэнэл илэрхийллээ.

 

Санкт-Петербургийн Пулково нисэх буудлын үүд. Санкт-Петербургт гашуудлын өдөр арваннэгдүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ.  AP Photo/Dmitry Lovetsky

 

Пулково нисэх буудал
 

Москва
© Вячеслав Прокофьев/ТАСС

 

Оросын каир дахь ЭСЯ, Египет
© AP Photo/Nariman El-Mofty

 

Сири дэх ОХУ-ын Элчин сайдын яам
© Валерий Шарифулин/ТАСС

 

Дамаск дахь ЭСЯ, Сири
© Валерий Шарифулин/ТАСС

 

Киев дэх ЭСЯ
© EPA/SERGEY DOLZHENKO

 

Донецк, Украин
© Михаил Соколов/ТАСС

 

Лондон, Их Британи
© Игорь Броварник

 

Варшав, Польш
© Ирина Полина

 

Берлин, Герман
© Вячеслав Филиппов

 

Вена, Австри
© Михаил Щербаков

 

Белград, Серби
© Мария Федорова

 

Мадрид, Испани
© Екатерина Воробьева

 

Рига, Латви
© Мария Швачко

 

Ереван, Армени
© Тигран Лилоян

 

Братислав, Словак
© Игорь Шамшин

 

Брюссель, Бельги
© Денис Дубровин

 

Кишинев, Молдова
© Вениамин Демидецкий

 

Москвагийн Кремль
© AP Photo/Pavel Golovkin

 

АВРАГЧИД ГУРАВ ДАХЬ ХОНОГТОО ОСЛЫН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙНА

 

 

Энэ аймшгийн ослын шалтгааныг тогтоохоор Оросын мэргэжилтнүүд Египетийн аврагчдын хамт бүтэн хоёр хоног ослын газарт ажиллаа. Тэд онгоц бутран унасан асар их талбайн метр бүрийг судлан үзэж,  бүх амь үрэгдэгсдийн цогцсыг нутагтаа авчрахаар зүтгэж байна.

 

Каираас ослын газар иртэл бүтэн хагас цаг  нисдэг тэргээр ниснэ. Синайн хойгт орж ирэнгүүт нисдэг тэрэгнүүд газарт шүргэх шахам доогуур, цэргийн бэхлэлтүүдийн дээгүүр нисч харагдана. Цагийн дараа пулеметтай пикатууд, цэргийнхэнтэй авто машинууд  гарч ирсэн нь ослын бүсийн хамгалалт ажээ.

 

...Ослын газарт буусан мэргэжилтнүүд  онгоцны сэгийг үзэж эхлэв. Лагерийн орчим тэднийг цуглуулсан байв. Онгоцны их бие, урд хэсэг үзэгдэнэ.

 

 - Бараг бүтнээрээ... гэж нэг нь ярьж байлаа. Тэр нь ослыг сайн мэддэг хүмүүсийн яриа аж. Онгоцны хошуу бараг шатсангүй. Төхөөрөмжүүд нь бүтнээрээ байх аж. Энд тэндгүй хүчил төрөгчийн баг хөглөрөх нь осол, эмгэнэлт явдыг өмнөх дүр зургийг гэрчлэн сануулна. Газарт хүүхдийн шаахай, тоглоом хэвтэх нь эзнээ хүлээсэн мэт...

 

- Бид цогцсын 164  хэсгийг цуглуулаад байна гэж Египетийн армийн генерал Лотфе Мохамед Юзоф мэдээлэв. Нарийн тооцвол, 154 цогцос, цогцсын үлдэгдэлтэй найман контернийг цуглуулсан гэж орчуулагч нь тодруулав.

 

Цогцос, онгоцны сэгийг 20 кв.км талбайгаас цуглуулж байгаа ажээ.  Ер нь мэргэжилтнүүд үлдэгдлүүдээс олон зүйлийг анзаарч байлаа. Хөдөлгүүрийн сэнс бараг гэмтээгүй байх нь хурд багатай явжээ гэж нэг нь хэлэв.

 

...Одоогоор яг ослын шалтгааныг тогтоогоогүй байна. Ослын шалтгааныг тодорхой болгож, хүн төрөлхтөнд дахин ийм осол бүү давтагдаасай гэж сургамж болгох гашуун үнэнийг олохоор мэргэжилтнүүд өнөөдөр дахиад л тэнд ажиллах болно.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна