Засаг унах уу, АН задрах уу?

2015 оны 11 сарын 3

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн Баасан гаригийн шөнө буюу аравдугаар сарын 30-нд баривчлан саатуулсан нь улс төрд “бөмбөг” тэсэлж болзошгүй болгоод байна. Эрх баригч хүчин болох УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өчигдөр ширүүн уур амьсгалд өрнөжээ.

Өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хуультай холбоотойгоор эхэлсэн яриа эцсийн дүндээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын сануулгаар өндөрлөсөн байна. Тэрбээр бүлгийн гишүүддээ хандан “Намайг янз бүрийн юманд холбодог, харддаг, сэрддэг. Б.Батзаяаг баривчилсан нь над руу довтолж байгаа хэрэг. Энэ бол захиалгаар хийсэн баривчилгаа. Ингэж биеэ араас нь “хутгалаад” явах юм уу. Ийм ажлыг хийсэн хүнийг нь ч мэдэж байна. Ингээд яваад байя гэвэл явж болно” гэх сануулгыг өгчээ. Тэрбээр бухимдалтай байсан аж. Эл асуудалтай холбогдуулж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч “байцаалтад” орж, “Би тийм үүрэг өгөөгүй, баривчилгаа явуулах тушаал өгөөгүй” гэсэн хариулт өгсөн сураг дуулдаж байна.

Х.Баттулга гишүүнийг сошиал ертөнцөд бүлгийн хуралдаанаа хаяж гарсан, мөн “Алалцвал алалцъя” гэх үгийг гишүүддээ дайсан гэж буй ч хурал хаяж гараагүй, ер нь бол “Үзэлцвэл үзэлцье” гэх агуулгатай үгийг хэлжээ. Мөн тэрээр Ардчилсан нам дотооддоо ийн ав хийж бие биеэ ангуучлах ажиллагааг үргэлжлүүлсээр байвал МоАХ фракциа дангаар нь салгаад сонгуульд оролцоход ч болохгүй гэх газаргүйг сануулаад авчээ. Хуралдаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцсон. Тиймээс ам нээсэн дээрээ бодож санаснаа хэлсэн нь энэ бололтой.

Бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад Ардчилсан нам олон фракцитай. Нам доторх фракциудаас нь МоАХ, МҮДН, “Алтан гадас”, “Шонхор” фракци хамгийн хүчтэй нь. Сүүлийн саруудад Ардчилсан намаас шинэ нам мэндэлж магадгүй тухай дуулдах болсон нь төмөр замтай холбоотой баривчилгаанаас болж, бодит биеллээ олж болзошгүй нь.

Женко Х.Баттулгын удирддаг МоАХ фракцид УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар харьяалагддаг. УИХ дотор тус фракцийн гишүүдийн тоо нэг их жин дарахгүй ч гадна талдаа хүрээлэл том. Хууль зүйн сайд Д.Дорлигжав ч нэгдсэн гэх болсон. Гэхдээ тэд МоАХ фракцийн даргын үгэнд ороод юу, юуны туханд хүрэлгүй гарч гүйх нөхөд бас биш аж. Ардчиллыг Монголд үндэслүүлэхийн төлөө тэмцэж явсан өнгөрсөн 25 жилд энэ байтугай сорилт, давааг давж, зарим нэг нь хар гэрт ч хоригдсон тул намаа хагалах бутаргах талд хөдлөхгүй болов уу гэж үзэх хүн ч байгаа юм. Энэ тохиолдолд Х.Баттулга гишүүний шинээр нам байгуулах ажиллагаа бүтэлгүйтэх талтай ч Засгийн газраар “шоглох” ажиллагаа идэвхжиж болзошгүй юм байна.

Тэрбээр өчигдөр Л.Эрдэнэчимэг гишүүний хамтаар Тавантолгойн тогтоолын төслийг боловсруулж дуусч, УИХ-д өргөн мэдүүлэх болсноо өөрийн “шадар цэрэг” Б.Батзаяагийн дуулиант мэдээлэлтэй холбосон нь зүгээр ч нэг хэрэг биш бололтой.

УИХ-ын 76 гишүүнээс 40 нь дэмжиж гарын үсэг зурсан дээрх хуулийн төслөөр Засгийн газар амаргүй даалгавар хүлээх болж буй. Түүнд

  • Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадна дотнын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших.

  • Шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани мөн эзэмшинэ.   

  • “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааг саналын эрхтэй байлгах.

  • Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн бодлого баримталж, оруулж ирэх зэрэг даалгавар багтаад байна.

Засаг хаашаа ч хөлбөрч унаж болзошгүй энэ үед Б.Батзаяаг баривчилсан баривчилгаа улам нэрмээс боллоо.

Засгийн газрыг эмхлэн барьж байгаа хүчин нь Ардчилсан нам. Яаж хөдлөхөөс Ардчилсан намын болоод Засгийн газрын хувь заяа шийдэгдэх дээсэн дөрөөн дээр ирлээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна